Спортын сэтгүүлч Вугар Зейналов
Болгарын Софид Токио олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн өндөрлөлөө. Азербайжанаас Софид 13 бөх зодоглож, Элис Манолова (68 кг), Рафик Гусейнов (77 кг) хоёр л эрх авлаа. Энэ нь Олимпын 18 эрхээс Азербайжан дөнгөж долоог л авлаа гэсэн үг. Маш муу үзүүлэлт. Азербайжаны бөхөд юу тохиолдов? Хэн буруутай вэ?
Энэ асуултуудад хариулахад тун хэцүү. Нэгдүгээрт, олимпын эрх олгох 2019 оны Нурсултаны ДАШТ дээр Азербайжаны бөхийн спорт хүнд цохилт авсан гэхэд болно. Дөнгөж хоёр эрхтэй буцаж ирэхэд Спортын яам, бөхийн холбооны спортын дарга, түшмэл нар үлдсэн олимпын эрхийн тэмцээнд маш сайн бэлтгэх хэрэгтэй гэцгээж байлаа. Харин энэ тэмцээнүүдийн дүнг үзэхэд тэд энэ зорилгоо биелүүлж чадсангүй.
Хоёрдугаарт, цар тахлын хөл хорио Азербайжаны бөхийг уналтад ороход том нөлөө үзүүлсэн. Коронавирусний халдварыг тогтоох гэж спорт танхимуудыг хааж, тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулийг хориглон, тамирчдыг гадаадад цугларалтад явуулаагүй Засгийн газрыг шүүмжлэх арга байхгүй. Биднийг хөл хорионд яахаа мэдэхгүй тийчилж байхад гадаадын бөхчүүд бэлтгэлээ хийж, зарим улсад тэмцээн явагдсаар байсан билээ.
Олимпын наадам нэг жилээр хойшлогдсоноор бас нэгэн асуудал гарч ирсэн нь Тогрул Аскеров, Жабраил Гасанов, Агагусейн Мустафаев нарын алдарт бөхчүүд зодог тайллаа. Чөлөөт бөхийн шигшээ багт дасгалжуулагч солигдлоо. Хөнгөн жинг Сиднейн олимпын аварга Намик Абдуллаевт хариуцууллаа. Намикийн хувьд энэ ажил шинэ туршлага болж өгсөн ч маш их шүүмжлүүлсэн билээ. Мэдээж үр дүн байхгүй бол багш дасгалжуулагч буруутай. Токиогийн олимпод манай улсаас Гажи Алиев (65 кг), Гажимурад Гажиев (74 кг), Шариф Шарифов (97 кг) гэсэн гуравхан бөх оролцоно. Маш муу үзүүлэлт ч одоо бодит байдал ийм л байна.
Георгий Эдишерашвили (57 кг), Абубакр Абакаров (86 кг), Вахид Галаев (125 кг) нар Софид олимпын эрхийн тэмцээнд ялагдсаны дараа шүүмжлэл улам хүчтэй боллоо. Эдишерашвили хоёр удаа Европын аварга болсон бөх ч эрхийн барилдаанд ялагдах юм. Сар гаруйн өмнө Европын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Афган Хашаловыг түүний оронд эрхийн тэмцээнд явуулсангүй гэж дасгалжуулагч нарыг бүгд буруутгасан. Гэхдээ энэ жилийн тивийн аваргын тэмцээн өрсөлдөөн багатай болж өнгөрснийг хэлэх хэрэгтэй. Хашалов Европын АШТ-д маш их жин хасаж оролцсон бөгөөд 57 кг-д олимпын эрхийн төлөө сайн бөхчүүдтэй өрсөлдөх хэмжээнд байгаагүй юм. 2019 оны Европын наадмын аварга Махир Амираслановын талаар ярихыг ч хүсэхгүй байна. Махир өвдлөө л гэнэ, ер нь нэг үгээр хэлэхэд тэр алга болсон. Хүнд жингийн Жамаледдин Магомедов олимпын эрхийн анхны тэмцээний дараа зодог тайлснаа зарласан.
Хөнгөн жингийн дахсгалжуулагч Намик Абдуллаев Азербайжаны чөлөөт бөхийн бүх асуудлыг сайн мэдэж байгаа. Тэр шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас татгалзаж болох байсан ч хүлээн авч ажилласан. Хөндлөнгөөс шүүмжилж сууснаас хамтран ажиллая гэж шийдсэн. Түүний хэр ажилласныг Токиогийн олимпын дараа шүүе.
Эмэгтэй багийн тухайд онц хэлэх зүйл алга. Элис Манолова (68 кг) нэлээд зүдэрсэн ч олимпын эрх авч чадлаа. Тюркан Насирова (53 кг), Алена Колесник (57 кг), Татьяна Омельченко (62 кг), Гезаль Зутова (76 кг) нар маш муу барилдлаа. Болгарын олимпын эрхийг тэмцээнээс харахад бид эмэгтэй бөхийн шигшээ багт гадаадын тамирчдыг авах хэрэгтэй гэдгийг сайн ойлголоо. Азербайжан сайн бөх огт алга. Мария Стадник (50 кг) зодог тайлахаасаа өмнө Токиод түрүүлж, олимпын аварга болон, Азербайжаны бөхийн нэр хүндийг аварна гэж найдаж байна.
Сонгомол барилдаанд ч бөөн асуудал. Таван залуугаас Рафик Гусейнов (77 кг) л эрх авлаа. Тэр долоон жилийн дараа олимпын жинд эргэн ирсэн бөгөөд 12 кг хассан гэж ярьж байсан. Мурад Мамедов (60 кг), Расул Чунаев (67 кг), Мурад Локьяев (97 кг), Бека Канделаки (130 кг) нар Софид үнэхээр сулхан байлаа. Рафик Гусейнов, Ислам Аббасов (87 кг) хоёр Токиод медалийн төлөө зүтгэнэ.
Нийтэд нь аваад үзэхэд Азербайжаны чөлөөт бөхийн түвшин унажээ. Токиод хэн нэг нь аварга болж магадгүй ч дараагийн олимпын циклийг бид хөнгөн жинд хувьсгал хийж эхлүүлэх хэрэгтэй. Шигшээ багт байгаа авьяаслаг залуучуудыг Парисын олимп хүртэлх гурван жилд маш сайн бэлтгэх ёстой.
Сэтгэгдэл ( 1 )
Челеет бех бол еерее сенеж байгаа спорт, удахгуй олимпын терлеес хасагдаад буур зам нь шулуудна, улс орнууд ч уунийг мэдэж байгаа учир челеет бехед ач холбогдол егехее больж байгаа, жишээ энэ азарууд