Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргалтай гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар ярилцлаа.
-Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил хэдийнээс эхэлсэн байдаг вэ?
-Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах нэршил гарч ирээд шинэ тутам хөгжиж байна. Урд өмнө бол манайх газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах ажлыг хийж байгаагүй. Нэг ёсондоо хуучны суурьшлын бүсийг дахин төлөвлөөд орон сууцжуулах, Соёл урлагийн төв байгуулаххотын соёл, хөгжлын асуудал байгаа юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн гэр хорооллын хэдэн айлын газрыг аваад орон сууц барих гээд байгаа гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл энэ нь яваандаа агаар орчны, хөрсний бохирдлыг бууруулахад урт хугацаандаа нөлөө үзүүлнэ. Гол зүйл нь Улаанбаатар хот дэлхийн бусад хотуудын нэгэн адил хөгжих, иргэдийн амьдрах бүс нь хаана байх, бизнес үйлчилгээний талбай нь хаана байх, яаж бүсчилэх юм гээд олон нарийн бодлого явж байдаг. Энэ бодлого 2010 оноос гарч эхэлсэн. Гол бодлогын баримт бичиг нь 2011 онд гарсан байдаг. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжийг анх 2011 онд тухайн үеийн Хотын дарга байсан Г.Мөнхбаяр байгуулсан. Ингээд та бид нарын мэддэгээр Монгол гуравдугаар сургуулийн ард байдаг Хангай хотхон, Ногоон нуураас 32-ын тойрог хүртэлх газруудад газар чөлөөлөлтийг хийж эхэлсэн. 2011-2012 оны хооронд нийтдээ 326 нэгж талбарыг чөлөөлсөн байдаг юм. Улмаар энэ чөлөөлсөн нэгж талбарыг түшиглэсэн инженерийн дэд бүтцийг татаж, орон сууцжуулах ажил эхэлж байсан. Яг орон сууцжуулах төсөл хөтөлбөр болгоод өнөөдрийн байдлаар 10 жил болж байна. Иргэд маань харин энэ ажлыг анх 2013-2014 оны хооронд эхэлсэн гэж ойлгодог юм шиг байна лээ. Яагаад гэхээр 2011 оноос бодлогын баримт бичгийг нь боловсруулж, газрыг нь чөлөөлөөд эдгээр онуудад гол ажил буюу орон сууцнуудыг бариад төр, компани, иргэдийн гурвалсан гэрээг байгуулж эхэлсэн болохоор тэгдэг байх.
-Одоогийн байдлаар нийслэлд яг хичнээн бүс, цэгт дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил хийж байгаа вэ?
-Ер нь бол 2020 оны Ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага гээд УИХ-аас баталсан бодлогын баримт бичиг байгаа. Энэ бодлогын баримт бичигт гэр хорооллын суурьшлын бүсийг гурав хувааж авч үзэж байгаа юм. Нэгдүгээрт төвийн бүсийн орон сууцны хороололтой хил залгаа төвийн гэр хороолол. Энэ маань төвийн шугам сүлжээтэй ойр учраас шууд татаад холбоход илүү бололцоотой. Нөгөө талдаа дулаан, цахилгааны хүрэлцээ, ачаалал даах чадвар дээр үндэслээд нэгдүгээр бүсийг өндөр давхарын орон сууц, бизнес үйлчилгээний талбар болгоё гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Яармаг, Нисэх, Баянхошуу зэрэг 27 байршил бий. Үүнийгээ дотор нь жижиглээд 84 хэсэгчилсэн талбай болгосон. Яагаад гэхээр нэг том байршил руу нэг компани оруулчихаар маш олон жил болно. Нэг ёсондоо 84 хэсэгчилсэн талбай дээр 84 компани сонгон шалгаруулна. Яг одоогоор 17 байршлын 37 хэсэгчилсэн талбай дээр 32 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулсан, үйл ажиллагаагаа явуулж байна.
-Иргэдийн газрыг хэрхэн чөлөөлдөг юм бол. Төрөөс мөнгийг нь өгч худалдаж авдаг уу, аль эсвэл төсөл хэрэгжүүлэгч компани хариуцдаг юм уу?
-Анх бэлтгэл ажлыг хангаж байхад нийслэлийн төсвөөс тэр 326 нэгж талбар дээр нийтдээ 17 орчим тэрбум төгрөгөөр иргэдийн газрыг чөлөөлсөн. Яагаад гэхээр бид нарт орон сууц барихын тулд дэд бүтцийн шугам сүлжээ барих хэрэг байсан. Одоо бол Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд УИХ-аас баталсан. Энэ хуульд газар чөлөөлөлтийг гурван хэлбэрээр л хийхээр заасан. Төсөл хэрэгжүүлэгч тухайн иргэнтэй тохироод бэлэн мөнгөөр худалдан авч болно. Эсвэл газрыг орон сууцаар, газрыг газраар сольж болох гурван хэлбэрээр л чөлөөлөх боломжтой. Гэхдээ өнөөдөр дийлэнхдээ газрыг орон сууцаар сольж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлснээс хойш нэг сайн тал бий болсон. Үүнийг хүмүүс тэр бүр ярьдаггүй. Энэ бол 2011 оноос хойш газрын үнэ эрс өссөн. Үүний үр дүнд орон сууцнууд баригдаад иргэд түүнд нь орж байна. Дээрээс нь иргэдийн газар бодит эргэлтэд орсон. Тэр үед 30 сая гэж байсан газар өнөөдөр нэг, хоёр өрөө байр болж байна. Үүний эцсийн үр дүн нь ард иргэдэд л ашигтай байгаа юм.
-Зарим тохиолдолд ганц, хоёр хүн газраа хэтэрхий өндөр үнэлээд орон сууц барих ажлыг удаашруулдаг тохиолдол гардаг. Тэгэхээр тухайн газрыг үнэлж тогтоосон ханш гэж байдаг уу?
-Ер нь бол 2011 онд төслийн нэгжийг байгуулаад газар чөлөөлөх журмыг боловсруулсан. Уг журмаар газрын метр квадратыг нь зуун мянган төгрөгөөр үнэлсэн. Ингэж үнэлэхээр аж ахуйн нэгжид хохиролтой болж эхэлсэн. Компаниуд маань ашгийн төлөө бизнесийн байгууллага учраас энэ төсөл явахгүй байх нөхцөл бүрдсэн. Гэтэл зуун мянгаас хямдуурлчих гэхээр иргэд маань төр иргэдийнхээ талд ажиллах ёстой, хэдэн компанид давуу эрх олголоо гэж дургүйцээд эхэлсэн. Тиймээс одоо Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан гарсан найман журмаар зохицуулж байна. Үүн дээр газар чөлөөлөлтийг тодорхой журамлаж өгсөн. Гэхдээ босго үнэ, дундаж үнэ тогтоож өгөөгүй. Аж ахуйн нэгж, иргэн хоёр хоорондоо тохирох ёстой гээд эрхийг нь нээлттэй орхисон. Ингэхээр яг бодит харилцаа явагдана гэж үзсэн. Компани өөрийн бизнес төлөвлөгөө, чадал чансаагаа хэлээд түүнийг нь иргэн хүлээн зөвшөөрөх л асуудал. Жишээлбэл, бид нар 10 га газарт дахин төлөвлөлт зарлалаа гэхэд энэ газар дээр байгаа иргэдийн 80 хувийн дэмжлэгийг авсан тохиолдолд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарна. Үүнийг хуулиараа хэн нэгэн дарга, компани огт шалгаруулахгүй. Харин төр иргэн аж ахуйн нэгжийн тохиролцоон дээр баталгаа болж өгнө.
-Нэг дарга нь солигдохоор тэр ажил явахаа больчихдог гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлагатай гэж ярих юм билээ?
-Төсөл хэрэгжүүлэгчийг Засаг даргын захирамжаар батламжилдаг. Өнөөдрийн байдлаар яг ажлаа хийдгүүд нь 2013 оноос хойш ажлаа хийгээд л явж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болоод 600 гаруй иргэн хохирсон гэдэг. Энэ өөрөө аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас л болж үүссэн зүйл. Сэтгэлийн хөөрлөөр төсөлд оролцсон, эсвэл нэг цүнхний компани, нэг даргатай яриад ороод ирсэн компаниуд яг барилгаа барих болохоор барьдаггүй. Санаа нь том ч сачий нь хүрдэггүй. Үүнээс болоод газраа чөлөөлчихсөн, орон гэргүй болсон айлууд өнөөдрийг хүртэл байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эдгээр иргэдийн асуудал дээр шат дараатай арга хэмжээ аваад явж байгаа. Цаашдаа энэ асуудлыг давтахгүй байхын тулд тогтвортой байдал гэхээсээ илүү хариуцлагын асуудлыг чангатгаж өгмөөр байгаа юм. Баахан иргэдийн газрыг чөлөөлөөд, хүмүүс нь орох оронгүй болчихсон байхад өнөө барилга барих гэж байсан нөхөр “Би чадахаа больчихлоо” гэдэг. Гэтэл хуулиараа бид нарын авч байгаа ганц арга хэмжээ эрхийг нь цуцлах. Тэгээд л өнөө нөхөр ямар ч хариуцлага хүлээхгүй яваад өгдөг. Төрөөс өнөө нөхрийг байшингаа барьчихна гэж итгээд татвар төлөгчдийн өчнөөн тэрбум төгрөгөөр шугам сүлжээ татдаг, айлууд газраа чөлөөлөөд өгдөг. Харамсалтай нь гурав, дөрвөн жил болчихоод зүгээр л чадахгүй нь гээд яваад өгдөг. Тиймээс хариуцлагыг чангатгах л хэрэгтэй байгаа юм. Ер нь хотын Засаг дарга болоод манай зүгээс баримталж байгаа бодлогоор татвар төлөгч аж ахуйн нэгжээ тултал дэмжинэ. Дарамтлаад, янз бүрийн нөхцөл санал болгоод байдаг байж болохгүй, ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлж өгнө л гэж байгаа. Хамгийн гол нь ажлаа л хийж чаддаг байх хэрэгтэй.
-Иргэдийг хохироосон компаниудын асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Эхнээсээ шүүх дээр явж байгаа. Тэр бол тусдаа хуулийн байгууллагын шийдэх асуудал. Манайх бол хуулийн байгууллагаас хүсвэл албан ёсоор нотлох баримт болох баримт бичгүүдийг гаргаж өгдөг. Яагаад ийм асуудлууд үүссэн гэхээр энэ гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил нь өөрөө шинэ тутам ажил. Хятад, Солонгос, Япон, Турк, Герман гээд улсууд бүгд дахин төлөвлөлт хийж байна. Нэг ёсондоо дэлхийн улсуудын хорьдугаар зууны үед хийсэн бүтээн байгуулалтууд бүгд хуучирсан. Тэгэхээр шинэ суурьшлын бүс, шинэ төлөвлөлт, хөгжил хэрэгтэй болсон. Олон улсын туршлагыг судлаад үзэхээр энэ ажил маш их нийгмийн харилцааг зохицуулж байдаг ярвигтай зүйл юм билээ. Тэрнээс биш зүгээр нэг иргэнтэй тохирч газрыг нь чөлөөлөөд байшин бариад байгаа асуудал огт биш. Үүний цаана хүмүүсийн насаараа хөдөлмөрлөж цуглуулсан үл хөдлөх хөрөнгө байгаа юм. Тэгэхээр өмчийн болон иргэн хоорондын харилцаа, амьдрах орчин нөхцөл, халамж, сургууль, цэцэрлэг гээд олон асуудал яригддаг.
-Хариуцлага алдаад эрхээ цуцлуулаад л яваад өгдөг тэр нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх, асуудлыг шийдүүлэх эрх зүйн орчин бий юу?
-Яг хуулиараа бид нар цуцлах ч эрх байхгүй. Хуулин дээр ганц үг байгаа нь Хяналтын хороо. Тухайн газарт амьдарч байгаа иргэд л цуцлана гэвэл цуцалдаг. Нэг үгээр шалгаруулах болоод цуцлах явц бүгд иргэдийн оролцоотой шууд холбоотой. Төрийн байгууллага дур мэдэж ямар нэгэн үйлдэл хийхгүй. Төрөөс гол шугам сүлжээг тавьж өгнө, сургууль цэцэрлэг, ногоон байгууламжийг төлөвлөж өгдөг. Харин бусад нь бүгд иргэдийн өөрсдийнх нь идэвхи оролцоотой шууд хамааралтай. Өмнө нь 2013-2016 оны хооронд нийтдээ 24 компани шалгарсаны 7-8 нь л ажил хийсэн, бусад нь огт хийгээгүй. Аудитын дүгнэлтээр 2013-2016 оны шугам сүлжээний ажил шууд гэрээгээр явсан байдаг. Тухайн үеийн удирдлагууд ажлыг аль болох хурдан, гацаагүй явуулъя гэсэн байж болно. Гэхдээ энэ мэт асуудлаар өнөө 633 айл хохирсон. Өнөөдрийн байдлаар зуу гаруй нь л үлдчихсэн байгаа. Хотын даргын зүгээс эдгээр айлуудын асуудлыг ойрын үед шийдвэрлэх үүрэг өгөөд бид бүхэн ажиллаж байна.
-Газар чөлөөлсөн иргэдийг түр амьдруулдаг орон сууц яригддаг байсан. Тэр одоо хэвээрээ байгаа юу?
-Хохирсон иргэдийн асуудал анх 2017 оноос үүсэж эхэлсэн. Ингээд нийслэлээс дахиж ийм асуудал үүсгэж болохгүй гэсэн бодлого барьсан. Нэг талдаа сайн ажиллаад бүтээн байгуулалт хийж болох ч нөгөө талдаа хүн хохирч болохгүй гэсэн. Уг нь хуулиараа төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж тухайн иргэнийг түр суурьшуулах, нүүх, шилжих зардлыг гаргах ёстой. Гэтэл энэ нь төсөл хэрэгжүүлэгчийн хувьд асар хүндрэлтэй байдал бий болгодог. Тиймээс аж ахуйн нэгжээ дэмжээд, иргэдээ хохироохгүй байлгах үүднээс төрөөс Түр суурьшуулах сууц гэдэг төрлийг бий болгосон. Үүнд газраа чөлөөлсөн иргэд маань амьдрах ёстой. Ингээд барилга нь ашиглалтад орохоор нүүгээд дараагийн газар чөлөөлсөн иргэд орно. Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, 2021-2025 он хүртэл хөгжүүлэх баримт бичгүүд гарсан. Үүн дээр энэ түрээсийн орон сууц, Түр суурьшуулах сууцийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тусгагдсан. Өнөөдрийн байдлаар хоёр орон сууц байгаа. Энэ ондоо багтаад 4-5 орон сууц болгохоор ярьж байна. Ингээд ирвэл аж ахуйн нэгжид маань ч амар, иргэдийн төрдө итгэх итгэл ч нэмэгдэнэ.
-Дахин төлөвлөлтөөр барьж байгаа орон сууцнуудад цаанаас нь тогтоосон нэг стандарт, хэв загвар байдаг уу?
-Барилга болгоныг бид нарт нааж болохгүй л дээ/инээв/. Манай тогтсон 27 байршил 84 нэгж талбай л байгаа. Бусад газарт баригдаж байгаа орон сууцнууд холбогдох газраасаа зөвшөөрөл аваад барьж байгаа байх. Хангай хотхон, Цагаан хуаран хотхон, Цэргийн сургуулийн зүүн талд байгаа Гангар баганат хороолол, Ханын материал, Бичил хорооллын хойд хэсэг гээд манай дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцны хороололууд харьцангуй гайгүй. Сонгон шалгаруулалтын явцад компаниуд бидэнд төлөвлөлтөө гаргаж өгдөг юм. Үүнийг нь мэргэжлийн байгууллагууд үзээд болж байна гэвэл иргэд рүү нь явуулдаг. Харин иргэд маань тэр төлөвлөлтийг нь үзээд зөвшөөрлөө өгдөг. Сүүлийн үед төсөл хэрэгжүүлэгчийн шалгарсан газрын хажууд өөр аж ахуйн нэгж, иргэнд барилга барих зөвшөөрөл битгий өгөөч гэдгийг ярьж байгаа. Байшин барихын тулд компаниуд маань газрыг нь чөлөөлөхийн тулд мөнгөө гаргадаг. Эхний 4-5 байр ашиглалтад ортол тухайн төсөл хэрэгжүүлэгчид бараг ашиг байдаггүй. Энэ нь өнөөдрийн хурдаар тооцвол 3-4 жилийн ажил. Ингэж байгаа компаниуддаа хэт их шаардлага тавиад дарамтлаад байж болохгүй болчихоод байгаа юм. Нөгөө талаасаа эрсдэлээ хүлээгээд, төлөвлөлтөө хийгээд, барилгаа бариад явж байтал хажууд нь гэнэтхэн өөр хэн нэгэн нь байшин бариад эхэлдэг байж болохгүй. Тиймээс л давхардуулж зөвшөөрөл өгөхөө болих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Дээрээс нь бид нийтийнхээ эрх ашгийг бодох нь чухал. Нийслэл хотдоо бид бүхэн сайн төлөвлөлттэй газар амьдармаар байна шүү дээ. Гэтэл 13-р хороолол, Натур орчим, Дөлгөөн нуурын ар хэсэг зэргийг манайхан сайн мэднэ. Машин бүү хэл явган хүн явах зам бараг байхгүй, ногоон байгууламж, зогсоолгүй. Нэг үгээр эвлүүлдэг шоо шиг “Бетонон ой” бий болгоод байж болохгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Газар авч боловсон луйвар хийж байхаар шугам хоолойг нь татчихвал бас хотын гадна шинэ суурьшлын бустэй болгох хэрэгтэй
БЗДийн 12р хороонд орсон Батхэрэйд гэж компани бүтэхгүйээ.яасанч удаан юм.25га газар хэзээ барилгажуулж дуусах юм вэ?30жил ч багадна.4жил болоход 6давхар 3 байр л барилаа.ийм хүчин чадал муутай компани шалгаруулахаа болиочээ.тендерт шударгаар гарсан эсэхийг шалгуулмаар бна.
барилга барих битгий хэл суурь ч тавиагүй компани БЗД-т байна. 2012 оноос хойш 9 жил хүмүүсээр тоглож байна. баахан газар хашаад авчихсан.