Иргэд хотын төвдөө ШААРДЛАГА ХАНГАСАН ОРОН СУУЦАНД амьдрахыг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

“Манайх шиг хотын төвдөө модон жорлонтой газар өөр хаана ч байхгүй. Жуулчдад Гандан үзүүлж яваад бие засах газар сураглахаар нь юу хэлэхээ мэддэггүй” хэмээн орчуулагч залуу ярихыг сонсож байлаа. Харин улсынхаа нийслэлийн төвд модон жорлонгүй, гэр хороололгүй болохын тулд төр засгаас 2011 оноос эхлэн Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж эхэлсэн байдаг. Энэ ажлыг анх эхлэхэд нь иргэд дуу нэгтэй дэмжиж байсан ч явцын дунд зарим нэгэн хариуцлагагүй төсөл хэрэгжүүлэгчээс болж олон өрх хохирч, тэр хэрээр иргэдийн итгэл багассан. Тэдний ихэнхийг нь өнгөрсөн хугацаанд орон сууцанд оруулж асуудлыг нь шийдсэн ч одоо 170 орчим айл үлдсэн гэдгийг Нийсэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэлж байна. Ямартаа ч эдгээр айлуудыг энэ ондоо багтаан орон сууцанд оруулахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон юм билээ. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил эхэлсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1900-аад нэгж талбар буюу айл, өрхийн газар чөлөөлөлтөд хамрагдаж, нэг үгээр 10 мянга гаруй иргэн орон сууцанд оржээ. Энэ тоог цаашдаа 45 мянга хүргэнэ гэж Б.Сүхбаатар дарга хэлсэн юм.

 

Б.СҮХБААТАР: 45 МЯНГАН ИРГЭНИЙГ ОРОН СУУЦЖУУЛХААР ТӨЛӨВЛӨСӨН

 

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар тодрууллаа.


-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн өнөөгийн явц ямар байна вэ?

-Явцын тухайд өнөөдрийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдаж, орон сууцанд орсон иргэдийн тоо арван мянгад хүрлээ. Нийтдээ 1900-аад нэгж талбар буюу айл, өрхийн газар чөлөөлөлтөд хамрагдсан байна. Арван мянга давсан иргэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцанд хамрагдан оржээ гэж үзэж болно. Бидний цаашдын төлөвлөж байгаа тоо 45 мянган иргэнийг гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууцанд оруулна гээд явж байна. Одоогоор нийтдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 27 байршилд дахин төлөвлөлтийн зураг батлагдсан. Үүнээс 17 байршил дээр нь 84 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт зарлаад 35 байршил дээр нь аж ахуйн нэгжүүд шалгарчихсан, ажлаа явуулж байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд багагүй байдаг. Үүнийг тухайн үед хэрхэн шийдвэрлэсэн бэ. Одоо ийм төрлийн асуудал гарахгүй гэх баталгаа байгаа юу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд буюу орон гэр, хашаа хороогоо буулгаад нүүгээд явсан иргэдийн тухайд асуудал өнөөдрийг хүртэл цэгцэрч дуусаагүй байна. Үүнээс гадна дам хохирсон иргэн олон. Жишээлбэл, дахин төлөвлөлт явж байгаатай холбоотойгоор амьдарч байгаа сууцандаа дулаалгаа хийж чаддагүй, байшингаа томруулж чадахгүй байх, бусдад шилжүүлэхэд төвөгтэй байх гэх мэт асуудалтай хохирогч оло. Гэтэл хамгийн бодит хохирогч нар бол газраа чөлөөлөөд өгчихсөн, орох оронгүй болчихсон, гүйцэтгэгч компани нь дампуураад алга болчихсон, эсвэл тухайн аж ахуйн нэгж нь өөр аж ахуйн нэгж рүү шилжүүлээд будлиан үүсгээд алга болчихсон байдаг. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс энэ иргэдийн асуудлыг шийдэх гэж нэлээд цаг хугацаа зарцуулсан. Одоо ч үргэлжилж байна. Хамгийн сүүлийнх нь “Сансар-Өргөө”, “Гранд Лайн” компани дээр ч хохирсон иргэд байна.

-Өнөөгийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн тоо хэд байна вэ?

-Одоо нийтдээ 170 орчим өрхийн асуудал үлдсэн.

-Цаашид иргэдийг хохироохгүй байх тал дээр төрөөс  хэрхэн анхаарч ажиллах төлөвлөгөө гаргасан бэ?

-Сая хэлсэн асуудлуудтай холбоотойгоор хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм. Иргэдийн итгэл бага зэрэг алдарсан байдалтай байна. Үүнтэй холбоотойгоор иргэд маань ямар нэгэн байдлаар газар чөлөөлтөд хамрагдвал өөрсдөө эхлээд бэлэн орон сууцанд орох эсвэл бэлэн мөнгө авахыг хүсэж байна. Аж ахуйн нэгжүүд ч мөн энэ чиглэл рүү явж эхэлж байгаа. Үүнийг үр дүнтэй явуулахын тулд хотын захиргаа өөрсдөө түр суурьшуулах байртай байх ёстой.

-Иргэд маань газраа хэт өндөр үнэлэх зэрэг өрөөсгөл байдал гаргах тал бий. Дахин төлөвлөлтөд орсноор иргэдэд ямар сайн нөлөөтэй вэ гэдгийг та мэргэжлийн хүний хувьд тайлбарлаж өгөөч?

-Хүний тохилог сайхан, аз жаргалтай амьдрах нөхцөл бол орчин л байдаг. Орчинг бүрдүүлж өгөх, орон сууцжуулах ажлыг явуулж байна гэдэг эргээд агаар, хөрсний бохирдол, түүгээр дамжуулаад үүсэх өвчлөлөөс ангижрах гэж байгаа учраас иргэд үүнийг дэмжиж байгаа гэж бодож байна. Иргэд дэмжиж байгаа учраас энэ ажил өндөр бүтээмжтэй явж байна. Нөгөө талдаа гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулна гэж ойлгож болохгүй. Хашаандаа амины орон сууцаа бариад сайхан амьдрахыг хүсэж байгаа иргэд байж болно. Тэр тохиолдолд амины орон сууцаа л бариад амьдрах хэрэгтэй. Амины орон сууцны хороолол хаана байх ёстой юм, тэнд нь хашаандаа сайхан амьдрах болоцоог нь нээж өгөх хэрэгтэй. Харин тухайн газарт орон сууц барина гээд баталчихсан бол төлөвлөлтийнхөө дагуу орон сууцаа л барих хэрэгтэй. Тэр нь хуультай байх ёстой. Иргэд орон сууцны хороолол болгохоор төлөвлөсөн хэсгийн газар чөлөөлөлтөд хамрагдаад, орон сууцаар солье, эсвэл амины орон сууцны хорооллын бүст очиж амьдаръя гэдэг шийдлээ гаргах нь бусдын төлөө хийж байгаа үйл гэж харах хэрэгтэй. Албаны хүнээс товчхон тодруулахад ийм зүйлийг ярьж байна.

 

НИЙТ ӨРХИЙН 45.8 ХУВЬ НЬ НИЙСЛЭЛД АМЬДАРДАГ

 

 Үнэхээр ч алдаа дутагдал нь хаа, хаанаа байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөөс дан ганц иргэн хохироод байдаггүй аж. Дахин төлөвлөлтөд орсон газрыг тухайн төсөл хэрэгжүүлэгч нь бэлэн мөнгөөр, орон сууцаар, эсхүл газраар гэсэн гурван байдлаар л чөлөөлөх хуультай. Гэтэл зарим хүмүүс өөр зүйл хүсэх, зах зээлийн үнээс хэт өндрийг нэхэх зэргээр төсөл хэрэгжүүлэгч компаниудад чирэгдэл учруулдаг байна. Хэдийгээр тухайн газарт оршин сууж байгаа айлуудын 80 хувийн дэмжлэгийг авсан тохиолдолд ажлаа эхлүүлж болох ч энэ мэт дөргүй бух шиг зүтгэсэн зарим нөхдөөс үүдээд цаг хугацаа, эд материалаар хохирох тохиолдол гардаг аж. Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлт дээр төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд эхний хэдэн байраа ашиглалтад өгсний дараагаас буюу 3-4 жилийн дараа ашиг хүртэж эхэлдэг гэдгийг Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Б.Азжаргал хэлж байсан юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр болсон газрын хажууд давхардуулан барилгын зөвшөөрөл өгөх тохиолдол нилээд байсныг цэгцэлэх талаар ярьж байгаа юм билээ.

 

Одоогоор манай улс “Өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол”, “Хэсэгчилсэн дэд бүтэцтэй Сервис центр бүхий дундын бүсийн гэр хороолол, Захын бүсийн гэр хороолол буюу нөхцөл сайжруулах шинэ технологийн бүс гэсэн гурван хэлбэрээр гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа. Төвийн бүсийн гэр хороолол гэдэгт Гандан, Баянбүрдийн тойрог зэрэг инженерийн шугам сүлжээнд холбоход хялбар, өртөг бага хэсгийг хэлдэг бөгөөд энэ бүс нийт гэр хорооллын 23,9 хувь буюу 2317 га талбайг хамардаг байна. Харин хэсэгчилсэн дэд бүтэцтэй гэхээр нам болон дунд давхрын амины орон сууцны бүс гэж ойлгож болно. Нэг үгээр Толгойт, Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн байгуулж болох бүс юм. Ингэхдээ тэр орчимд нь сургууль, цэцэрлэг, худалдааны төв, ногоон байгууламжийг нь давхар шийднэ. Тэгвэл захын бүс буюу зуслангийн орчмыг сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар дэд бүтэцжүүлэхээр төлөвлөжээ. 

Монгол Улсын нийт хүн амын  95.2 хувь нь төвийн зургаан дүүрэгт суурьшиж байна гэсэн судалгаа гарчээ. Харин нийт өрхийн 45.8 хувь нь нийслэлд амьдардаг байна. Тэгвэл Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд 2000 гаруй өрх амьдардаг аж. Энэ хороо нь бидний нэрлэж заншсанаар Баянбүрдийн тойрог, Цагаан байр орчмын газар нутгийг хамардаг, гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох хамгийн боломжтой газруудын нэг. Гэсэн ч одоо болтол олигтойхон ажил хэрэг болоогүй л байна. Одоогоос хоёр жилийн өмнө энэ орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлж, газар шороо, барилгын ажил эхэлнэ гэж байсан ч ажил хэрэг болоогүй л байгаа юм. Тиймээс бид бүхэн жишээ болгож Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны зарим иргэдээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар сэтгэгдлийг нь сонслоо. Харин хотын төвд байрлах гэр хорооллын иргэд хотын өнгө үзэмжээ сайжруулах, таатай орчин нөхцөлд амьдрахын тулд дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хотын төвдөө шаардлага хангасан орон сууцанд амьдрахыг хүсэж байгаагаа хэлж байлаа.

Г.Цогзолмаа (Чингэлтэй дүүргийн 8-р хорооны иргэн)

-Гэр хорооллыг орон сууц болгох нь буруу биш. Яагаад гэхээр нэгдүгээрт соёлжилт түгээнэ. Хоёрдугаарт эрүүл мэнд, ахуйгаа бодоход дахин төлөвлөлтийг зөв гэж бодддог.

Ш.Бурмаа (Чингэлтэй дүүргийн 8-р хорооны иргэн)

-Өвөл болоход гудамжинд угаадсаа ил задгай асгаад, халтиргаа гулгаа үүсдэг, их заваан шүү дээ. Ер нь цэвэрхэн байя гэвэл байранд л орсон нь дээр.

Д.Цогцацрал (Чингэлтэй дүүргийн 8-р хорооны иргэн)

-Адаглаад  жорлонгийн асуудлаас эхлээд хэцүү шүү дээ. Хашаандаа хэчнээн цэвэр байлаа ч зарим айл нь гаднаа угаадас, үнс, хогоо асгачихаж байна. Ингэхээр ямар хэрэг байх вэ дээ. Тэгэхээр иргэд бид дахин төлөвлөлтөд орох нь зүйтэй. Хурдан орчихдог бол баярламаар, сайн л байна.

Т.Энхтуяа (Чингэлтэй дүүргийн 8-р хорооны иргэн)

-Бид бахь байдгаараа эндээ байгаад байж болохгүй биз дээ. Дахин төлөвлөлтөд оруулсан нь дээр. Манай Цагаан байрны энэ хэсгийг хоёр жилийн өмнө нь л дахин төлөвлөлтөд оруулна гэсэн ч одоо болтол ороогүй л байна.

Бид зөвхөн нийслэлийн нэг хорооны зарим оршин суугчдын санаа бодлыг асуухад ийм байна. Дахин төлөвлөлт гэдэг манайд шинэ тутам хөгжиж байгаа зүйл гэдгийг албаныхан хэлдэг. Үүнийгээ дагаад инженерийн шугам сүлжээний ачаалал, дулааны станцуудын хүчин чадлаас гадна нийгмийн олон талд асуудал давхар яригддаг. Мэдээж хэдэн хашааны газрын оронд утга учиргүй байшин бариад “Бетонон ой” ургуулаад байж болохгүй учраас  энэ бүхнээ маш нарийн тооцож, хамгийн гол нь иргэн, аж ахуйн нэгжүүд хохирохгүй байхаар ажлыг явуулах нь төрийн үүрэг. Харин төлөвлөлттэй сайхан хотод амьдарч, үр хүүхдэдээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж өгөхийн тулд нийтийнхээ эрх ашгийг бодолцон иргэн бүр ухамсартай, хариуцлагатай байх нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг саадгүй явуулж, түргэсгэхэд нэгэн том түлхэц болох учиртай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.103) 2021 оны 05 сарын 24

ongorson 20 ,25 jild ger choroolliig oron suuchjuulachgui yaavdaa yaav!!! chairan tsag chugaachaa, bas uragschgui tor zasagtain gai schuudee. Odoo nas maan taliij bna buu medee

0  |  0
zochin(202.179.26.103) 2021 оны 05 сарын 24

ongorson 20 ,25 jild ger choroolliig oron suuchjuulachgui yaavdaa yaav!!! chairan tsag chugaachaa, bas uragschgui tor zasagtain gai schuudee. Odoo nas maan taliij bna buu medee

0  |  0
(64.119.24.115) 2021 оны 05 сарын 25

davartsan arhichidig gazarin huraagaad hotoos zailuul

0  |  1
(64.119.24.115) 2021 оны 05 сарын 24

davartsan yumnuudig gazarin huraagaad hotoos zailuul

0  |  0
зочин(202.21.111.218) 2021 оны 05 сарын 25

Гандан орчим үнэхээр бохир, хотын төв нь ил жорлонтой байхад юун 100 жилийн хөгжил...... гутмаар\n\n

2  |  1
Oogii(202.9.46.203) 2021 оны 05 сарын 24

Tiim amar bair oldoxgvi

0  |  0
Засуул(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Олон юм чалчилгүй хотоос зайлцгаа оркууд аа.

0  |  0
Иргэн(103.23.50.131) 2021 оны 05 сарын 24

дахин төлөвлөлтийг чанартай, эрчимжүүлэх хэрэгтэй\n

0  |  0
Иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 24

Бас л нэг сонгуулийн өмнө ярьдаг сэдэв болчлоо яг зоригийн хэрэг шиг гэр хорооллын дтөлөвлөлт ярьж байгаад намждаг

0  |  0
ЗОЧИН(192.82.71.38) 2021 оны 05 сарын 24

УЛААНБААТАРТ АМЬДРАХ ТАТВАР АВБАЛ ТААРНА. 60ЖИЛ УБ-Т АМЬДАРСАН ХҮМҮҮСИЙГ УУГАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭНД ТООЦОЖ БУСДААС НЬ ТАТВАР АВ. ОЛОН УЛСЫН ЖИШИГ БАЙНА ШДЭЭ.

0  |  1
уншигч(103.212.119.194) 2021 оны 05 сарын 24

Агаар, ус болон хөрс бохирдсон бол хавдрын эх үүсвэр гэсэн үг, үр хүүхдээ эрүүл өсгөнө гэж бодож байвал залуу гэр бүлүүд хөдөө гарч амьдрах хэрэгтэй.

0  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Хотжилт гэж юу байдгийг огтоос мэддэггүй үхэр монголчууд бөөгнөрч амьдрахаар утаа, хөрсний бохирдол, түгжрэл, сэтгэцийн хоцрогдол үүсч байгаа учраас өргөн уудам нутагтаа тархан нүүдэллэж амьдраачээ малнууд аа.

0  |  0
Top