Өрх бүрийн итгэлээр босож байгаа “ӨСӨХ ДЭНЖ” хотхон

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Улаанбаатар хотын гэр хороолол жилээс, жилд өргөжин нэмэгдсээр байгаа. Шинэ суурьшлын бүсэд үүсэж байгаа гэр хороолол харьцангуй хөрсний бохирдол гайгүй байдаг бол хотын төвтэй ойрхон гэр хороолол үнэхээр асуудал дагуулж байгаа нь үнэн. Гандан, Баянбүрд орчмын гэр хороололд л гэхэд өнөөдөр жорлонгийн нүх шинээр ухах газаргүй болсон гэдгийг оршин суугчид нь хэлдэг. Үүн дээр нэмээд хөрс, усны бохирдол хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мэдээж агаарын бохирдолд ч том түлхэц болдог нь дамжиггүй. Тиймээс нийслэлийн захиргаанаас 2011 онд анх Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Өнгөрсөн арван жилийн хугацаанд алдаа, оноотой ч энэ ажил чамгүй урагштай яваа.

 

ЦЭВЭРХЭН ОРЧИНД АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ИРГЭДЭД ӨГСӨН

Дахин төлөвлөлтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэгэнд Нарантуул захын арын Цагаанхуаран хотхон нэрлэгдэнэ. “Мангасын ам” хэмээн нэрлэж, шавар шавхай, хог шороогоор дүүрч, архичдын үүр уурхай болсон байсан тус газрыг одоо тийм байсан гэж хэлэхэд итгэмээргүй өнгө зассан. Мөн 100 айлд байрлах “Хангай" хотхон байна. Сүхбаатар дүүргийн IX, X хорооны нутагт таван га газрыг дахин төлөвлөлтөд хамруулсан энэ газар ч гэсэн олон жил гэр хороолол байснаас хөрс, усны бохирдол хамгийн их, түүнээс үүдэлтэй өвчлөл гаарсан газар байсан. Тэгвэл өдгөө өнгө загвар сайтай орон сууц, ногоон байгууламж, машины зогсоолтой сайхан хотхон болсон юм. Ингэснээр тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл бололцоо бүрдсэн талаар тус хотхоны оршин суугчид хэлж байна.

 

“Хангай хотхон”-ы оршин суугч Л.Цэцэгбаяр

-Хуучин “Ногоон нуур” нэртэй энэ газар бүхэлдээ гэр хороолол байсан. Одоо дахин төлөвлөлтөд ороод эмх цэгцтэй, нэгдсэн загварын барилгуудтай болсон. Одоо ч орон сууцны ажил нь үргэлжлээд явж байна. Энд тэнд, сондгой барилга барьж байхаар дахин төлөвлөлтөд оруулаад гаднаа салхилаад суух нэгдсэн талбайтай, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай орон сууц барих нь зөв.

 

“Хангай хотхон”-ы оршин суугч С.Энхбаяр

-Гэр хорооллыг байр болгох нь цэвэрхэн орчинд олон айл өрх амьдрах нөхцөл боломжоор хангаж өгдөг. Адаглаад л ил задгай бие засаад байхгүй зүгээр юм. Өмнө нь гэр хороолол байсан энэ газар байр баригдаад цэвэрхэн, боломжийн сайхан л болж байна. Тэгэхээр дахин төлөвлөлтөөр гэр хорооллыг орон сууцжуулах нь зүгээр л дээ.

 

“Хангай хотхон”-ы оршин суугч Б.Өлзийхишиг

-Дахин төлөвлөлтийн ажил бол хотын хөгжил, өнгө үзэмжтэй холбоотой. Тиймээс үүнийг миний хувьд зөв гэж үзэж байна. Хамгийн гол нь энэ ажлыг иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай хийвэл олон хүний амьдралд хэрэг болно.

Гэр хорооллын дахин төлөвлөлт хүний амьдралд олон сайхан давуу талыг бий болгож байгаа нь иргэдийн ярианаас анзаарагдаж байна. Гэр хороололд иргэд ус зөөх, түлээ авах, үнс хог ачуулах, нүхэн жорлонгоо ухах гэх мэт олон ажлыг жилийн дөрвөн улиралд хийдэг бол хашаагаа байр болгосноор агаарын бохирдолгүй, цэвэр аюулгүй, тохилог орчин, нөхцөлд амьдрах бололцоо бүрдэж байгаа юм.

 

30 АЙЛЫН ГАЗАРТ 420 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА

Тэгвэл олон жил дахин төлөвлөлтөд орох байх гэсэн хүлээлттэй байгаагаа Баянбүрд, Цагаан байр орчмын иргэд хэлж байна. Үе, үеийн дарга нар энэ орчмыг барилгажуулна гэдэг ч ам, ажил хоёр нь зөрсөөр ирсэн. Тэгвэл “Эм Ти Эм Сити инженеринг” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа “Өсөх дэнж” хотхоны барилга тэдний сэтгэлд итгэлийн оч гэрэлтүүлжээ. Тус хотхон Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа бөгөөд бидний нэрлэж заншсанаар Цагаан байрны 51, 52-р байр орчмын газар хамрагджээ. Ингэхдээ “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төсөл”-ийн хүрээнд нийслэлээс төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаар барилгын ажил эхэлсэн байна. Зөвхөн тус хоёр байр төдийгүй эргэн тойрны арав гаруй айлын хашааг дахин төлөвлөлтөд хамруулж, 30-аад айлтай гэрээ байгуулжээ. Нийтдээ 6000 метр квадрат талбайд 420 айлын хоёр блок барилга баригдах бөгөөд А блок нь энэ оны аравдугаар сард ашиглалтад орно гэдгийг “Өсөх дэнж” хотхоны төсөл хариуцагч инженер Ж.Лхагвадорж хэлж байна.

Цар тахлын нөхцөл байдал, хөл хорио зэргээс шалтгаалан ажил нь сар гаруйн хугацаагаар график төлөвлөгөөнөөсөө хоцорч яваа ч аль болох хурдан, чанартай барихаар ажиллаж байгаа гэнэ. Барилгын хувьд бүрэн карказ бөгөөд газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй аж. Дээрх хоёр байранд амьдарч байсан, эргэн тойрны арав гаруй гээд 30-аад айлтай тус компани гурван нөхцлөөр гэрээ байгуулжээ. Түрээсийн байранд байх төлбөрийг нь төсөл хэрэгжүүлэгч дааж, барилга дуусахаар байр өгөхөөр заримтай нь тохиролцсон бол нөгөө хэсэгт хүсэл, сонирхолыг нь харгалзан бэлэн байр ч өгсөн байна. Харин зарим нэгэн айл түрээсийн байрныхаа төлбөрийг өөрсдөө төлөөд байр ашиглалтад орохоор түүнийхээ оронд илүү метр квадраттай байр авахыг хүссэнийг зөвшөөрсөн гээд аль болох иргэдийнхээ талд шийдвэр гаргажээ. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс энэхүү төслөө цаашид үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байгаа бөгөөд яриа, хэлэлцээрийн түвшинд яригдаж байгаа гэнэ. Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэд ч энэ төслөө цаашид үргэлжлүүлж, аль болох хурдан энэ орчмын газрыг орон суужцууулахыг хүсэж буйгаа бидэнд хэлж байлаа.

 

Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Ж.Эрдэнэцэцэг

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зоригтойгоор маш хурдтай хийсэн нь дээр. Манайх чинь яг хотын төв газар. Гэтэл энэ газартаа сүүлийн 20-иод жил нүүрс түлж, нүхэн жорлондоо бие зассаар амьдарч байна. Тиймээс гэр хорооллыг барилгажуулах ажлыг маш зөв зүйтэй гэж боддог.  

 

Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Ц.Батцэцэг

-Манай хорооны энэ хэсэгт дахин төлөвлөлтөөр “Өсөх дэнж” гээд хотхоны барилга баригдаж байгааг харахад сайхан байдаг. Өмнө нь энэ хавийн газар чинь муу ус, жорлонгийн газар ухах ч газаргүй хэцүүхэн байсан. Үнэхээр орон сууцжуулж болохгүй, хөрөнгө санхүү нь их байгаад байдаг юм бол халуун, хүйтэн усанд нь холбоод өгөх хэрэгтэй. Тэгж байж хотын өнгө үзэмж сайжирч, өвчний гаралт ч буурна гэж боддог.

 

Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Б.Ганбат

-Манайх Баянбүрд рүү урууддаг замаасаа гурав дахь гудамжинд 30-аад жил болж байгаа айл. Дахин төлөвлөлтөд орно, орохгүй гэдгээс болоод байшиндаа засвар ч хийж болдоггүй, хашаагаа тохижуулж ч чадахгүй өдийг хүрч байна. Тиймээс дахин төлөвлөлтийн талаарх мэдээллээ төр засгаас иргэддээ ил, тод өгмөөр байгаа юм. Мэдээж дахин төлөвлөлтөд орчих юм бол өвөл нь адаглаад нүүрс, түлээ түлж халтайгаад байхгүйгээс эхлээд олон давуу талтай. Тиймээс энэ “Өсөх дэнж” хотхоныг барьж байгаа компани үүнийгээ цаашид улам өргөжүүлээд явна гэвэл манайх газраа чөлөөлөхөд бэлэн байгаа.

 

Дахин төлөвлөлтөд орж, гэр хорооллын хашаа байшингаа орон сууц болгосон, гэр хороололдоо одоог хүртэл амьдарч байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход ийм байна. Нүхэн жорлондоо бие засаж, нүүрсээ түлсээр байгаа хотын төвийн иргэдийн туйлын ганц хүсэл нь дахин төлөвлөлтийн ажил аж. Харин энэ хүслийг нь биелүүлэх нь төр, нийслэл, төсөл хэрэгжүүлэгч нарын үндсэн ажил. Энэ хавийн өрх бүрийн итгэл найдвар дээр сүндэрлэн босож байгаа “Өсөх дэнж” хотхоноор л жишээлэн бодоход гучаадхан айлын газрыг чөлөөлөөд иж бүрэн ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоолтой 420 айлын орон сууц барьж болдог аж. Нэг ёсондоо энэ хавийн хэдхэн хашааны газрыг хэл амгүйхэн чөлөөлөөд барилга барихад түүнээсээ хэд дахин айлыг орон сууцанд оруулж "Хангай" хотхон шиг болгож болохоор байна. Төр засгаас бодлого, журмаа сайтар боловсруулаад төсөл хэрэгжүүлэгч нартайгаа нарийн тохирч, тэднийгээ дарамтлах биш засаж залах байдлаар ажиллаж чадвал богино хугацаанд хотын төвтэйгөө ойрхон нүхэн жорлон, нүүрсний яндангаасаа салж чадах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.111) 2021 оны 06 сарын 03

Нүхэн жорлонгоос цаашихыг сэтгэдэггүй гэр хорооллын үхэрнүүдэд диваажин барьж байгаа юм байна.

0  |  0
Top