Эхийн үр төлөө хамгаалах зөнг идэвхжүүлдэг тархины хэсгийг нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Нейрофизиологичид буюу мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг судалдаг эрдэмтэд мэрэгч амьтдын тархины гүн хэсэгт эхийн өөрийнх нь амь насанд аюул учирч байсан ч үр төлөө хамгаалах зөнг нь идэвхжүүлдэг мэдрэлийн эсийн онцгой бүлгийг нээжээ.

Эрдэм шинжилгээний “Cell Reports” сэтгүүлд бичсэнээр, хүн ба амьтад үр төлөө хамгаалах шаардлага гарахад зөнгөөрөө хийдэг зарим үйлдлээ дарж, тэс өөр үйлдэл хийх чадвартай байдаг байна. Мэдрэлийн энэхүү бүлэг эс идэвхэжсэнээр хулгануудыг үр төлдөө илүү их санаа тавихад хүргэсэн ба ингэхдээ тэд аюултай нөхцөл байдлаас зугтаах зөнгөө дарсан гэж Японы “Riken” судалгааны төвийн судлаач Күми Күрода онцолжээ.

Хүний болон бусад бүх хөхтөн амьтны тархинд төрсний дараа нэг төрлийн “эхийн програм”-ыг идэвхжүүлдэг хэд хэдэн хэсэг байдаг гэнэ. Хулган дээр хийсэн туршилтаас үзвэл тархины эдгээр хэсгийг зохиомлоор идэвхжүүлэхэд мэрэгчид бусдын үр төлийг асран хамгаалах болсон байна. Энэхүү “эхийн програм” идэвхэжсэнээр дааврын тогтолцоо төдийгүй бүхий л тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг байна. Ингэхдээ эдгээр өөрчлөлт зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд мөн ажиглагджээ.

Күрода нарын эрдэмтэд эмэгтэйчүүд болон эмэгчин амьтан, шувуудыг ямар ч хамаагүй үнээр үр төлийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалах эхийн зөнг идэвхжүүлдэг тархины хэсгийг нээжээ. Эрдэмтэд завсрын тархи дахь гипоталамус хэсэгт байрлах бүлэг мэдрэлийн эсүүд эхийн зөнд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг ч оньсого болоод байсан үр төлөө асран хамгаалахад энэхүү хэсэг ямар тодорхой үүрэг гүйцэтгэдэг вэ гэсэн асуултад Күрода тэргүүтэй эмч нар хариулт өглөө. Ойрын үед Күрода тэргүүтэй судлаачид эдгээр мэдрэлийн эс бичнүүдийн үйлдэлд хэрхэн нөлөөлдгийг судлахаар төлөвлөж байна. Ингэснээр, бидний ойрын өвөг дээдэс хувьслын явцад “эхийн програм”-ын энэ хэсгийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн эсэхийг олж мэдэх боломжтой болно гэж эрдэмтэд найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top