НАТО Орос, Хятадын авторитар дэглэмийг сөрж зогсоно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО нь ОХУ-НАТО Зөвлөлөөр дамжуулан илүү тааварлахуйц харилцаа тогтоох зорилгоор ОХУ-тай хэлэлцээ явуулахад бэлэн гэж Брюссель хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр гарсан мэдэгдэлд онцолжээ.

Ингэхдээ Оросын цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд НАТО хариу барих болно гэж анхааруулжээ. НАТО-д Европт цөмийн пуужин байршуулах эрмэлзэл байхгүй ч Орос улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлэх тохиолдолд хариу барих болно гэж мэдэгдэлд онцолсон байна. Түүнчлэн, НАТО тус эвслийн гишүүд болох АНУ, Чехийг “найрсаг бус улс”-ын жагсаалтаас гаргахыг Москвад уриалжээ.

НАТО-гийн хаалга Украин, Гүржийн өмнө нээгдэв

НАТО Украин, Гүржийн өмнө хаалгаа нээсэн ч эдгээр улс тус эвсэлд нэгдэхийн тулд хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх шаардлагатай болов.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 2008 онд Бухарест хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж мэдэгдээд Украин, Гүржид тус эвсэлд нэгдэхийн тулд шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нь туслахад бэлэн гэжээ.

Хятадыг сөрөхүй

НАТО-гийн тэргүүнүүд Хятад улсын цэрэг, эдийн засгийн хүчээ нэмэгдүүлж буй асуудал, цахим заналхийлэл, тус эвслийн олон улсын тавцан дахь үүргийг хэлэлцэв.

Дээд хэмжээний уулзалт хязгаарлагдмал хүрээнд, түнш орнуудын оролцоогүй, богино хугацаанд болж өнгөрсөн байна. Ингэхдээ тус уулзалт дэлхий дахинд ирээдүйд өрнөх олон үйл явцыг шийдвэрлэх ач холбогдолтой болсон гэж Йенс Столтенберг дүгнэжээ.

Тухайлбал, тус эвсэл олон улсын аюулгүй байдалд заналхийлэл болсон Хятад улсын нөлөөг нэмэгдүүлэхийн эсрэг зогсох учиртай гэж Столтенберг мэдэгдээд энэ асуудлаар эвсэл байр сууриа нэгтгэнэ гэв. Хятад улс цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа нь НАТО-гийн гишүүн орнуудын санааг зовоож байгаа бөгөөд Хятадын коммунист үзэл суртал эвслийн гишүүн орнуудын ардчиллын үнэт зүйлс, ашиг сонирхолд заналхийлж болзошгүй гэж үзэж байна.

Хятад улс сүүлийн жилүүдэд Африкт цэргийн баазуудаа байршуулах замаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Хятад, Оросын хамтарсан цэргийн сургуулилтыг НАТО хүчээ илэрхийлж буй арга зам гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд барууны гол гол бүтцийн эсрэг үйлдсэн цахим халдлагуудын ул мөр Орос, Хятад руу хөтөлж байна. Столтенбергийн хэлснээр, хэдийгээр Хятад улс нь эвслийн сөргөлдөгч дайсан биш ч тус улс хүчирхэж буй нь эвслийн гишүүн орнуудын аюулгүй байдалд асуудал үүсгэж байна.

АНУ-тай эвлэрэв

Уулзалтын үеэр эвслийн гишүүн орнууд, АНУ-ын харилцааны шинэ эхлэлийг тавив. Доналд Трампын засаг захиргааны үед талуудын түншлэл мэдэгдэхүйц суларсан билээ. Доналд Трамп эвслийн санхүүжилт шударга бусаар хуваарилагдаж, АНУ хамгийн их хэмжээний татвар төлж байна гэж үзэн НАТО-гийн бусад гишүүн улс санхүүжилтээ нэмэгдүүлэхгүй тохиолдолд Европын түншүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ эргэн харна гэж амлаж байв.

Харин Цагаан ордны шинэ тэргүүн нөхцөл байдлыг залруулахыг хичээж АНУ эвслийн гишүүн орнууд бие биенийгээ гадаад заналхийллээс хамгаалах үүргээ биелүүлэх болно гэж мэдэгджээ.

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, Афганистанаас цэргээ гаргах асуудлыг мөн хөндөв.  Афганистан дахь ажиллагаа нь тус эвслийн түүхэн дэх хамгийн урт хугацааных ажиллагаа юм.

НАТО байр сууриа сэргээв

Өнөөдөр НАТО Европ, Хойд Америкийн 30 улсыг нэгтгэдэг. Тус эвсэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европ дахь ЗХУ-ын нөлөөг сөрөх зорилгоор үүсгэн байгуулагджээ. ЗХУ нуран унасны дараа НАТО хуучин социалист лагерийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн. Сүүлийн жилүүдэд тус эвсэл хүндхэн үеийг туулав. Эвслийн гишүүн орнуудын дунд байгууллагын зорилго, санхүүжилтийн асуудалтай холбоотой эсрэг тэсрэг байр суурь гарах болсон. Тиймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар НАТО ирэх 10 жилийн стратегийн үзэлд баримтлалыг хэлэлцсэн юм. Хамгийн гол зорилго нь НАТО нь олон улсын тавцанд гол тоглогчдын нэг хэвээр гэсэн дохиог дэлхийд өгөх  явдал байв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 15

Орос, Хятадаас гадна Монголд авторитар дэглэм тогтож байна.

1  |  1
Top