Зам, тээврийн салбарт мэргэшсэн, чадварлаг, олон улсад өрсөлдөхүйц хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас хүний нөөцийн бодлого боловсруулж, энэ хүрээнд тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль хамтран ажиллахаар өнөөдөр /2021.06.17/ санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ТЗДС-ийн захирал У.Мягмарсүрэн, ҮБХИС-ийн захирал П.Жаргалан гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, төгссөн оюутнуудыг дадлагажуулж, ажлын байраар хангах, салбарын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудад салбарын талаар тодорхой мэдлэг олгох лекц, семинар зохион байгуулах зэрэг ирээдүйн мэргэжлийн чадварлаг албан хаагчдад хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж хамтран ажиллахад талууд санал нэгдлээ.
Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс зам, тээврийн чиглэлээр суралцаж байгаа оюутан болон амжилттай төгссөн суралцагчийг зам, тээврийн салбарт ажиллах дотоод, гадаадад үргэлжлүүлэн суралцах, дадлагажуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлаар судалгаа, шинжилгээний ажил боловсруулахад хамтран ажиллах, их, дээд сургуулиудад зам, тээврийн салбарын чиглэлээр магистр, доктор зэрэг горилох судалгааны ажлын сэдвийг санал болгож, хамтран ажиллах зэрэг ажлууд энэхүү санамж бичигт тусгагдсан байна.
Ийнхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр тус салбарт мэргэшсэн, чадварлаг, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц зам, тээврийн салбарын боловсон хүчнүүд бий болох ач холбогдолтой гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд онцолж байв. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам, их, дээд сургуультай хамтарч төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа хийх, тухайн их, дээд сургуулиудад салбарын албан хаагчдыг магистр, докторын чиглэлээр суралцахад дэмжлэг үзүүлэх, хамтран төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэхээр ийнхүү тохиролцлоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )