Манай сонин “Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл” гарчигтай цуврал сурвалжлагыг бэлтгэн хүргэж буй билээ. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үүсээд буй ураны асуудал дээр мэргэжлийн хүний байр суурийг хүргэх зорилгоор Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал Монтойн Хүрлээтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна
-Сайн байна уу та. Юуны өмнө урилгыг маань хүлээн авсанд баярлалаа?
-Сайн, сайн байна уу. Өөрийн тань гол зорилго Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт нүүрлээд удаж байгаа ураны хэрэгтэй холбогдуулж, надаас ярилцлага авахыг хүссэн гэж ойлгосон. Миний хувьд байлдааны зориулалтын химийн хорт бодистой олон жил гардаж ажилласан учир мэргэжлээс шалтгаалах өвчний оноштой болсноос хойш элдэв ажил, арга хэмжээнд тэр бүр биеэр оролцоод байх дургүй болсон. Гэхдээ биеийн байдал ийм байгаа ч улс эх орныхоо эрх ашгийн төлөө өөрийн боломжоор дэмжлэг үзүүлэх нь Монгол хүн бүрийн эрхэм үүрэг байх ёстой тул өөрийн тань хүсэлтийг хүлээн авч, ураны асуудлаар өөрийн мэдэх хүрээнд хариулахыг хичээе.
-Таны хувьд ураны асуудлаар хамгийн сайн ярьж чадах мэргэшсэн хүн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Учир нь та Зэвсэгт хүчинд 41 жил тасралтгүй алба хаасны зэрэгцээ Нидерландын Вант Улсын Гаага хотод төвтэй Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад долоон жил (1997-2004 онд) ажилласан, олон улсын химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал хүн шүү дээ?
-Тийм ээ. Би хуульч биш, уул уурхайн инженер хүн биш ч уран олборлолтын асуудал дээр боломжоороо яриад өгнө.
-Уран гээд ярихаар хамгийн түрүүнд цацраг идэвхит бодис /ЦИБ/, альфа, бетта, гамма цацраг гэх мэт үгс шууд санаанд буудаг. Энэ элементүүдийн талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ асуултад хариулахын тулд цацраг идэвхит бодис (ЦИБ) гэж чухам юуг хэлэх вэ гэдгээс эхлэхгүй бол ойлгоход бэрх болно.
Та бид Ерөнхий боловсролын дунд сургуульд байхаасаа эхлэн химийн хичээлээр, Менделеевийн “Үелэх систем” гэж юу байдгийг заалгасан. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан химийн 126 элемент байна гэж тогтоогоод байгаа. Үүнээс эрдэмтэд байгалиас бодит байдлаар нь нээж илрүүлсэн химийн 94 элемент байдаг бөгөөд түүн дээр лабораторид зохиомлоор гаргаж авсан 24 элементтэй нийлээд 118 элемент, бас дээр нь шинжлэх ухааны гипотетик аргаар буюу үндэслэлтэй таамаг судалгаагаар тогтоосон найман элемент нэмэгдээд 126 элемент болж байгаа юм. Эдгээр 126 элементээс 25 нь цацраг идэвхит бодис буюу (ЦИ элемент)-т хамаардаг. Өөрөөр хэлбэл, эдгээр 25 бодисын атомын цөм нь тогтвортой биш, өөрөөсөө асар өндөр энергитэй ионжуулагч цацрагийг гадагшаа байнга ялгаруулж байдаг. Тийм бодисыг ЦИБ гэдэг. Үүнд, Менделеевийн үелэх системийн уран, плутони, стронций, кадмий гэх мэт элемент хамаарна. Ертөнцийн аливаа бодис, юмс бүгд атом молекулаас тогтдог, ямар ч бодисын хамгийн жижиг эгэл хэсгийг атом гэнэ. Атом нь цөм ба электроноос тогтдог, цөм нь голдоо байрладаг бөгөөд түүнийг электронууд нь тойрон эргэлдэж байдаг тухай заалгасан шүү дээ. Тэгвэл атомын цөм нь дотроо задардаг, өвөрмөц бүтэц тогтоцтой байдгийг цөмийн физик тодорхойлдог. Атомын цөм нь протон нейтрон гэдэг эгэл хэсгээс бүрдэнэ. Цацраг туяа гэдэг нь товчхондоо, тэрхүү атомын цөм, электрон болон атомын цөмөөс ялгаран гадагшаа цацарч гардаг эгэл хэсэг болох протон нейтроны биеэ даасан урсгалууд гэж ойлгож болно. Өөрийн атомаасаа нэмэх, хасах цэнэгтэй эгэл хэсэг болон асар өндөр энергитэй цахилгаан соронзон долгион ялгаруулж, тодорхой хугацааны дараа өөр бодисын атом болж хувирдаг бодис буюу элементийг цацраг идэвхит бодис буюу цацраг идэвхит элемент гэдэг. Тэрхүү гадагшаа ялгаруулан цацаж байгаа цацрагийг дотор нь альфа (α), бета (β), гамма (γ) цацраг гэж физик-химийн шинжлэх ухаанд томъёолон нэрлэдэг. Тэдгээр цацрагууд нь замдаа таарсан аливаа бодисын атом молекултай харилцан үйлчилж, тухайн зүйлийн атом молекулыг задалж, ионжуулах /цэнэгтэй болгож хувиргах/ өндөр чадвартай байдаг.
АЛЬФА (α) цацраг нь ЦИБ-ын атомын задралаас үүссэн нэмэх (эерэг) цэнэгтэй хэсэг буюу атомын хоёр протон, хоёр нейтроны урсгал юм. Үүнийг гелийн атом ч гэдэг. Энэ нь хүн амьтны бие организмд арьсаар дамжин орж хордуулах чадваргүй боловч амьсгалын болон хоол боловсруулах эрхтэний замаар дамжин биеийн эд эрхтний дотор орвол маш аюултай байдаг. Альфа цацрагаас бичгийн цаас ч хамгаалж чадна. Өөрөөр хэлбэл, альфа цацрагийн нэвчих чадвар маш сул гэсэн үг.
БЕТТА (β) цацраг нь атомын электроны буюу хасах (сөрөг) цэнэгтэй эгэл хэсгийн урсгал юм. Электроны урсгал нь хүн, мал амьтны бие, эд юмсад хэдэн см хүртэлх гүнд нэвчих чадвартай. Түүнээс цонхны шил, модон хаалга гэх мэт зүйлс, жирийн хувцас ч хамгаалж чадна. Харин хүний биеийн ил хэсэг энэ цацрагт өртвөл арьсны өнгөн давхарга гэмтэнэ. Энд нэг зүйлийг жишээ болгоход, 1895 онд Германы эрдэмтэн Вилгельм Рентген анх шинэ цацраг илрүүлсэн, тэр нь яваандаа эмнэлэгт ашиглагдах болсон рентген цацраг буюу электроны цацраг гэдгийг хүмүүс мэдэх байх. Энэ нь, электрон хүний биеийн дундуур нэвчиж гарахдаа зөөлөн цул хэсгээр нь торж саатахгүй өнгөрч, харин яс гэх мэт хатуу нягт биетэд саатсаны улмаас хүний биеийн доторхи ясны дүрс гэрэл зураг маягаар гардаг. Энэ нь эмчилгээнд маш хэрэгтэй боловч, бас их хортой учир жилд ганц хоёроос илүүгүй удаа хийлгэхийг эмч нар зөвлөдөг юм.
ГАММА (γ) цацраг нь атомын цөмийн гүнээс гадагш цацагддаг цэнэггүй фотоны урсгал. Өөрөөр хэлбэл, бетта цацрагаас илүү, аливаа зүйлд нэвчих өндөр чадвартай, асар их энергитэй богино долгионы цахилгаан соронзон урсгал гэсэн үг. Гамма цацраг нь аливаа бодист нэвчихдээ тухайн бодисыг ионжуулах аюултай байдаг. Ердийн нөхцөлд, түүнээс хүн амьтны бие эрхтнийг хамгаалах ямарч арга байхгүй. Зөвхөн хар тугалга, төмөр, бетон гэх мэт нягтрал сайтай зузаан материал л хамгаалж чадна. Тэгэхээр, ЦИБ-ын аюул нь энэ гурван цацраг хүн амьтан болон аливаа биетэд нэвчиж ионжуулдаг (нэмэх, хасах цэнэгтэй болгодог), хордуулдаг /туяаны өвчин үүсгэдэг/ гэж ойлгох хэрэгтэй.
Чернобылийн Атомын цахилгаан станцад болсон ослын үед би Москвад Химийн цэргийн академид суралцаж байсан
-ЦИБ хүний бие организмд ямар байдлаар нөлөөлөх боломжтой вэ?
-Ямар ч амьд амьтан, түүний дотор хүн гаднын аюул ослоос юугаараа хамгийн түрүүнд мэдэрч өөрийгөө хамгаалдаг билээ гэдгийг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, харах, сонсох, үнэртэх, амтлах, тэмтрэх гэсэн таван мэдрэхүйгээрээ бид аливаа зүйлийг мэдэрдэг. Тэгвэл хамгийн харамсалтай нь, ионжуулагч цацраг буюу цацраг идэвхит туяа бол нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, чихэнд сонсогдохгүй, хамарт үнэртэхгүй, хэлэнд амтагдахгүй учраас хамгийн аюултай. Өөрөөр хэлбэл, ЦИБ-ын хамгийн өвөрмөц бөгөөд аюултай онцлог бол хүн амьтны таван мэдрэхүйн алинд нь ч ийнхүү мэдрэгддэгүй учраас цацрагт нэрвэгдэж, хордож байгаагаа хүн, мал амьтан огт мэддэггүй. Тиймээс, ионжуулагч цацрагийг зөвхөн өндөр мэдрэмжтэй ДОЗИМЕТР-ийн тусгай багажаар хэмжиж байж л, цацраг гэгч тэр аюултай юм байна уу үгүй юу гэдгийг мэдэж, ямар хэмжээтэй байгааг тогтоож болдог. Бас цацраг нь хэдэн мянган км\сек-ийн хурдтай тал бүр тийшээ цацарч, тархаж байдаг учраас түүнээс зугатаж зайлах, бултаж үлдэх ямар ч боломжгүй. Харин хамгаалж, нөлөөг нь багасгахыг л бодохоос өөр аргагүй болдог. Хүн амьтны эрүүл мэндэд маш хортой нөлөөлдөг эдгээр цацрагийн хэмжээг Зиверт (Зв) гэдэг нэгжээр илэрхийлдэг. Цацраг идэвхит бодис бүхий тоосонцор хүн амьтны биеийг гадна талаас нь, бас амьсгалын болон ходоод гэдэсний замаар дамжин биед орж дотроос нь хордуулж туяаны онц аюултай өвчин үүсгэж, үр хөврөлд нь нөлөөлж ургийн гажиг бий болгох, бие организмын хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулж, улмаар үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй байдаг. Үүнийг физикийн болон эмнэлгийн нэр томъёонд цацраг туяаны гадна шарлага ба дотор шарлага гэдэг. Ийм шарлагын хэмжээ хүн амьтны биед тодорхой түвшнээс хэтэрвэл туяаны өвчин үүсч, улмаар аажмаар үхэлд хүргэх аюултай болдог. Цацрагийн ийм туяаны өвчний хор хөнөөлийн талаар бодитой нэг баримтыг сонсох уу.
-Тэгье?
-1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн Атомын цахилгаан станц /АЦС/-д болсон ослын үед би Москвад Химийн цэргийн академид суралцаж байсан юм. Манай тусгай факультетын дарга, В.И.Бухтояров гэдэг хошууч генерал тэр ослын хор уршгийг арилгах ажлын гол хэсгийг газар дээр нь очиж удирдаж оролцсон хүн л дээ... Түүнээс хойш найман жилийн дараа 1994 онд би судалгааны ажлаар академи дээрээ буцаж очиход тэр дарга маань 1993 онд нас барсан байлаа. Угийн лагс том биетэй байсан тэр орос генерал Чернобыльд ажиллаж байхдаа цацраг туяаны өвчинд нэрвэгдэж, нас барахдаа 36 кг болтлоо турсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүсээс нь сонсоод би маш их харамссан юм. Цацрагийн нөлөө гэдэг чухамдаа ийм л аюултай байдаг. Зүйрлэвэл, цацраг туяа гэдэг бол нөлөөнд нь өртсөн хүн амьтныг зугуухан тамлаж алдаг “эрлэг” л гэсэн үг.
-Байгаль дээр ЦИБ-ын хэмжээ хэд байвал хэвийн гэж олон улсын стандартад заасан байдаг вэ. Цөмийн дэлбэрэлтийн дараа голомтын хэсгээс салхины урсгал, усны урсацын дагуух бүс нутаг дахь цацрагийн хэмжээ ямар байдаг вэ?
-Үүнийг тайлбарлахын тулд хоёр асуултыг нэгтгэж, эхлээд байгалийн цацраг идэвхит фон (БЦИФ) гэдэг ойлголтын тухай нэмж ярих хэрэгтэй болно. Сансраас болон нарнаас манай дэлхийд ирж байдаг цацраг, дэлхийн гадаргуун биосферын цацрагаас үүдэж байгаа цацрагийг нийтэд нь байгалийн буюу БЦИФ гэдэг. Тэдгээр цацраг туяаны хэмжээ, нөлөөлөх хоруу чанар нь тухайн газар нутгийн хөрсний тогтоц, өндөрлөгөөс хамаарна. Сансраас, нарнаас ирж байгаа цацраг дэлхийн газрын гадарга дээр хүрч ирэх замдаа ихэнх нь агаарын давхаргад шингэж үлддэг. Өөрөөр хэлбэл, агаарын давхрага биднийг цацрагаас хамгаалдаг гэсэн үг. Нам дор ба тал газарт бага, өндөрлөг газарт тийм цацрагийн хэмжээ харьцангуй их байх жишээтэй. Тухайлбал, 10000м-ийн өндөрт нисэж буй онгоцонд цацрагийн нөлөө 10 дахин их нөлөөтэй байна. БЦИФ дэлхийн янз бүрийн хэсэгт харилцан өөр өөр хэмжээтэй байдаг. Хүн 1 жилд авч болох ийм цацрагийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ: 100 млР\ц (1млЗв\ц). Гэхдээ, жилд зөвшөөрөгдөх БЦИФ улс орон бүрийн нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хэмжээтэй байна. Тухайлбал, хэвлэлийн мэдээнээс үзэхэд, Францад-5 мЗв, в Шведэд-6,3 мЗв, ОХУ-ын Красноярскд 2,3 мЗв гэх мэт. Бразилд гэхэд хамгийн өндөр буюу 175 мЗв/жил. Ираны халуун рашаан устай Рам-Сер хотын орчимд цацрагийн жилийн дундаж түвшин: 400 мЗв/жил байдаг байна. Харамсалтай нь манай улсад БЦИФ хаана их, хаана бага, дундаж хэмжээ нь хэд гэдгийг албан ёсоор тогтоочихсон албан баримт бичгийг би л хувьдаа олж хараагүй. Харин, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байдаг МАРДАЙН ураны ордыг социализмын үед ЗХУ ашиглаж байсан ЭРДЭС гэдэг нэртэй хотхон байсныг мэдэх хүн одоо цөөн байх. Тэнд жилд 1000 гаруй тонн уран олборлодог байсан гэдэг. Японы эрдэмтэн Риоко Имаока гэдэг хүн тэнд хэмжилт хийхэд 10мкЗв\ц буюу олон улсын зөвшөөрөгдөх дундаж хэмжээ 0,2мкЗв\ц (µSv/h)-нээс даруй 50 дахин их байгааг тогтоосон гэж бичсэн байна билээ. Энэ хэмжээ бол 2011 онд Японы Фукушимагийн АЦС-ын ослын үеийн цацрагийн түвшнээс давсан үзүүлэлт шүү дээ.
Социализмын үед манай Зэвсэгт хүчний Тусгай мэргэжлийн Химийн цэрэг улсын хэмжээнд цацрагийн фоныг цэргийн анги байрлаж байсан бүх газраас өдөр бүр гурван удаа хэмжилт хийлгэж, мэдээг цуглуулж ЗХЖШ дээр цацрагийн мэдээллийн санг (база данных) бүрдүүлж хэвшсэн байсан юм. Харамсалтбй нь одоо тийм ажлыг хийхгүй байгаа. Цацрагаас хамгаалах Олон улсын комисс болон ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжөөр, цацраг идэвхит фоны зөвшөөрөгдөх хэмжээг дараах байдлаар ангилан тогтоосон байдаг юм. Үүнд, хэвийн хэмжээ 10-20 мкР\ц (0,1-0,2 мкЗв/ц), байж болох дээд хэмжээ 20-60 мкР\ц (0,2-0,6 мкЗв/ц), хэтэрсэн хэмжээ 60-120 мкР\ц (0,6-1,2 мкЗв/ц) тодорхойлсон байдаг. Цацрагийн нөлөө амьд хүн амьтны бие организмын эд эсэд яаж нөлөөлөхийг Зв буюу бэр гэдэг нэгжээр илэрхийлдэг.Тунгийн хэмжээ буюу мкР/ц-ийг мкЗв/ц-т дараах байдлаар хөрвүүлнэ. Тодруулбал, 1 мкР/ц=0,01 мкЗв/ц, 1 мкЗв/ц=100 мкР/ц, 0,10 мкЗв/ц=10 мкР/ц гэж заасан байдаг. Чиний асуусан Цөмийн дэлбэрэлтийн тухай тавьсан асуудал чинь энд ямар ч хамаагүй зүйл байна. Цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн тухай яривал маш их зүйл бий. Наанадаж л, цөмийн зэвсгийн дэлбэрэлтээр гэрлийн цацраг, цахилгаан соронзон урсгал, цохих долгион, нэвтрэх радиаци, цацраг идэвхт хордлого гэсэн үндсэн таван хөнөөх хүчин зүйл үүсч бий болдог. Тэдгээрийн үнэлгээг тус тусад нь хийдэг, цэргийн химийн тусгай аргачлал байдаг юм. Энэ талаар ярьж бичих нь энд онцын ач холбоголгүй гэж би үзэж байна.
-Газрын хэвлийд байгаа уран нь эрэн хайх өрөмдлөг хийх явцад буюу газрын хөрсөн дээр ил гаргаснаар урвал, задралд ордог уу. Мөн дагалдах ямар бодисууд илэрдэг вэ. Дагалдах бодисууд цацраг идэвхтэй болох уу. Энэ нь хүн, мал, амьтан, ургамалд хортой нөлөөлөл үүсгэх үү?
-Цацраг идэвхит бодисууд байгальд оршин байхдаа ерөнхийдөө аюул багатай, химийн нэгдэл, эрдэс бодисын байдалд, экологийн зохистой тэнцэлд оршиж байдаг. Харин тэдгээрийг буруу аргаар олборлож, хэрэглэвэл аюултай болж хувирдаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, гадаад дотоодын уул уурхайн компаниуд хайгуул, олборлолтынхоо өмнө болон үйл ажиллагааныхаа явцад дагаж мөрдөх дүрэм журмыг бүх талаар сайн хангах арга хэмжээг зохих ёсоор авч хэрэгжүүлээгүй бол, бас үйл ажиллгагаагаа явуулж дууссаныхаа дараа тухайн орчноо зохих ёсоор нөхөн сэргээгээгүй бол ийм сөрөг үр дагавар, хор уршиг заавал дагалдах уршигтай байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь үүнд хайнга ханддагаас л эрсдэлтэй асуудлууд гарах нөхцөл бий болдог. Байгаль орчны цацраг идэвхит бохирдолтын гол эх үүсвэр нь ураны хайгуул олборлолтын үед хөрсний гүнээс ухаж, өрөмдөж, соруулж ил гарсан хаягдал хог буюу овоолго шорооны хэсэг байдаг. Газрын хөрсөн дээр ингэж ил гаргасан хаягдлаас ураны болон бусад хүнд металлын нэгдэл агуулсан тоос шороо хийсч, агаарт цацагдаж, салхины аясаар туугдаж, газрын хөрс, өвс ногоо, гадаргуун усан дээр бууж бохирдуулна. Тэрхүү бохирдолттой тоос шороо тухайн орчинд байгаа хүн амьтны амьсгалын болон хоол боловсруулах замаар бие организмд нэвтрэн орж, цацраг туяаны шарлага үүсгэж хордуулах маш өндөр эрсдэлтэй болдог. Ураныг гаргаж авдаг эрдэс минералд радон, радий гэх мэт хортой цацраг идэвхит элементүүд заавал хамт агуулагдаж байдаг. Ямарч цацраг идэвхит бодис агуулсан тоосонцор хүн амьтны бие организмд аюултай.
-Цацрагаас ялгарах радоны хий гэж юу вэ. Ураныг эрэн хайх, ашиглах үед радоны хий ямар хэмжээтэй дэгддэг вэ. Дэгдсэн радоны хий хүн амьтанд сөрөг нөлөө үзүүлдэг үү. Ямар хэмжээнд хүрэхэд ямар нөлөөллүүд үзүүлэх вэ?
-Радон бол өнгө үнэргүй, идэвхгүй (инертийн) боловч өөрөөсөө цацраг идэвхит туяа ялгаруулж байдаг хий. Байгальд дөрвөн төрлийн радон байдаг (Rn). Цацраг идэвхит Радон хий бидний амьдарч байгаа газар дэлхийн хөрс шорооны гүнээс ялгарч агаарт бага хэмжээгээр байнга дэгдэж гарч байдаг цацраг идэвхит химийн элемент гэж ойлгох хэрэгтэй. Энгийн үгээр хэлбэл, түүний хагас нь задарч байхгүй болох хугацаа нь 3-4 хоног. Өөрөөр хэлбэл радон ингэж задарсаар эцэстээ өөр хүнд элемент хар тугалга болж хувирдаг. Радон нь Радий гэдэг ЦИБ-ын задралаас үүсдэг. Харин тэр Радий нь уран гэгч ЦИБ-ын задралаас үүсдэг. Тэгэхээр түүний эх үүсвэр нь уран юм байна гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, байгальд уран хаана элбэг байна, тэнд цацраг идэвхит радон их байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд ч тийм газрын хөрс шороог ухаж малтаж ил гаргахад хүн амьтны амьсгалдаг агаарт радоны ялгарал ихэснэ. Амьсгалах үед уушгаар дамжиж бие организмд орсон радон мэдээж аюултай. Радон нь ЦИБ учраас хэдий өчүүхэн хэмжээтэй ч гэсэн альфа, бета, гамма цацрагийг өөрөөсөө ялгаруулсаар л байдаг.
Аз болоход, ердийн нөхцөлд газар бүрт радон өчүүхэн хэмжээнд байдаг болохоор шууд өвчлөл үүсгэдэггүй боловч үйлчилгээ нь яваандаа даамжрах аюултай байдаг байна. Бас радон нь усанд сайн уусдаг шинж чанартай учраас уран, фосфоритын эрдэс баялагтай газрын гүний усанд радон их хэмжээгээр агуулагдаж байдаг.
Ер нь хүн амьтан байгалиас авч байдаг цацрагийн бараг 80 хувийг радоноос авдаг гэсэн судалгааны дүн ч бий. Уушгины хорт хавдраар өвчлөгсдийн 10 хувь нь радонтой холбоотой болохыг америк, оросын эрдэмтэд тогтоосон байдаг юм.
Радон ба Радий нь хүн, мал амьтны дотор эрхтэний өвчлөлд маш их нөлөөтэй гэж ойлгож болно. Тухайлбал, цацраг идэвхит Радий нь ясны хорт хавдар үүсгэх аюултай бол Радон нь уушгины хорт хавдарт илүү нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Радон жингийн хувьд агаараас 7-8 дахин хүнд учир газрын хөрсөн дээр, ухсан нүх, байрны доод хонгил зэрэгт илүүтэй агуулагдаж байдаг. Байр орон, битүү орчинд хуримтлагдсан радоноос сэргийлэх энгийн арга бол агааржуулалт. Товчхон хэлбэл, уран, фосфорит, байгалийн хий гэх мэт эрдэс баялаг, минералын агууламж ихтэй газарт эсвэл металл боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын ойролцоо амьдардаг хүн, мал амьтан түүнд илүүтэй нэрвэгдэх нь тодорхой шүү дээ. Хүн амын суурьшилтай газрын барилга байгууламжид хүртэл радоны хэмжээ ямар байх ёстойг улсын стандартаар зааж өгсөн байх учиртай юм. ЗХУ-д намайг сурч байхад тэндэхийн стандарт 100-200 Бк\м.кв байсан санагдана. Манайд энэ үзүүлэлт байдаг эсэх, байдаг бол түүний эрүүл ахуйн байж болох норм ямар хэмжээнд байдгийг МХЕГ-аас тодруулах хэрэгтэй л дээ. Олон улсын стандартаар бол радоноос авч болох тунгийн хэмжээ жилд 10 мЗв-ээс хэтрэхгүй л байх учиртай. Тэр ч бүү хэл, өндөр хөгжилтэй улс орнуудад, геологи хайгуулын дүн шинжилгээнд үндэслэж, радон гэх мэт ЦИБ-ын байгалийн фон харьцангуй өндөр байгаа газар нутгийн зураглал гаргаж, тэнд хүн амын суурьшлын бүс болгохоос зайлсхийдэг туршлага ч бий.
Нэг тонн ураны хүдрийг олборлоход 30-80 кг хүхрийн хүчил шаардагддаг юм билээ
-Уран хайх олборлох явцад хүхрийн хүчил ашигладаг. Тэгвэл хүхрийн хүчил нь уранд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Энэ асуултыг хариулахын тулд эхлээд эхлээд рН-ын тухай тайлбарлаж байж ойлгогдох байх. Уусмалд агуулагдаж байгаа устөрөгчийн ионы идэвхийн хэмжээ буюу уг уусмал хүчиллэг байна уу шүлтлэг байна уу гэдгийг илэрхийлдэг хэмжээг рН гэдэг. Түүний хэмжээс нь 0-14 байна. рН нь 5-аас доош 0 руу буурах тусам хүчиллэг чанар нь ихэсч, 14 рүү дээшлэх тусам суурилаг чанар нь ихэсдэг тухай бид дунд сургуулийн химийн хичээлээс мэднэ. Хүхрийн хүчлийг бордоо, тэсэрч дэлбэрэх бодис, будаг, резин гаргаж авах гэх мэтэд болон аккумулятрын электролит зэрэгт ашигладгийг бид мэднэ. Хүхрийн хүчил нь хүн мал амьтны амьсгалын эрхтэнг цочроож, арьс, нүдний салстыг түлж, шархлуулж гэмтээдэг аюултай. Иймд түүнийг ашиглаж хэрэглэхдээ юуны түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг ягштал зөв мөрдөөгүй тохиолдолд хүн амьтан хүрээлэн буй орчинд аюул учруулах өндөр эрсдэлтэй байдаг. Дэлхийн ашигт малтмалын олборлолтын практик туршлагаас сонирхож үзэхэд, нэг тн ураны хүдрийг олборлоход 30-80 кг хүхрийн хүчил шаардагддаг юм байна билээ. Төсөөлөхөд хялбар болгохын тулд энэ үзүүлэлтийг арай хялбарчилбал, хоёр тонн ураны хүдэр гаргаж авахад дунджаар 100 кг хүхрийн хүчил хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг тоннд шилжүүлбэл: нэг тонн хүхрийн хүчил газрын хөрсний гүнд шахаж байж 20 тн ураны хүдэр олборлох нь. Тэгвэл Улаанбадрахын газрын хөрсний гүнд хэчнээн хэмжээний хүхрийн хүчил шахсаныг мэдэж байвал хэдий хэмжээний уран олборлох гэж байгааг мэдэж болох нь байна.
-Ураныг олборлох хэчнээн төрлийн арга байдаг юм бэ. Тэдгээр аргын сул ба давуу талуудын тухай тайлбарлаж өгнө үү?
-Ураныг дэлхийд дараах үндсэн гурван аргаар олборлож байна. Үүнд, ил уурхайн, далд уурхайн, химийн хүчтэй үйлчилгээтэй хорт бодис болох Хүхрийн хүчлийг газрын хөрсний гүн рүү шахаж, ураны хүдрийг нь түүнд уусгаж аваад, дараа нь түүнээсээ ураныг нь ялгаж авах арга юм. Энэ гурван аргаас хөрсний гүн рүү хүхрийн хүчил шахаж уусгах аргаар УРАН олборлох нь байгаль, экологийн аюулгүй байдалд маш эрсдэлтэй аргад тооцогддог байтал гадаадын компаниуд өөр улс орны нутаг дэвсгэр дээр ураны хайгуул олборлолт хийхдээ энэ аргыг хэрэглэхийг урьтал болгодгийн учир нь дараах гурван шалтгаантай. Нэгдүгээрт, их хэмжээний техник, хүн хүч ашиглаж газрын гүн рүү орж олборлолт хийхгүй учраас олборлогч талдаа өртгийн хувьд маш хямдхан байдаг,
Хоёрдугаарт, газрын гүнд, хүхрийн хүчилд уусгаж авсан уусмал, хольцын дотор уранаас гадна ванадий, молибден, кадмий, никель гэх мэт ашигтай үнэт металл, элементүүд их хэмжээгээр агуулагдаж, хамт олдворлогдож, гадаад руу ямар ч тооцоогүйгээр гарах боломжтой болдог. Гуравдугаарт, олборлолт дууссаны дараа нөхөн сэргээлт хийхэд хялбар. Зөвхөн хөрсний өнгөн хэсгийг нь цэвэрлэхэд (“нүд хуурахад”) л болно. Бусдын газар нутгийн хөрсний гүнд юу болж үлдэх нь тэдэнд үнэндээ, падгүй. Олборлогч талд ийм ашигтай учраас тэд гаднын улс орны нутаг дэвсгэр дээр энэ аргыг хэрэглэхийг урьтал болгодог.
-Тэгвэл манай улс ураныг олборлуулах гэж байгаа бол уусган баяжуулах аргаас татгалзах хэрэгтэй юм байна, тийм үү?
-Олборлуулагч талд буюу Монгол Улсад энэ арга нь огтхон ч ашиггүй буюу өндөр эрсдэлтэй гурван зүйлийг араасаа дагуулж байдаг. Нэгдүгээрт, газрын гүн рүү шахсан тэр хүхрийн хүчил нь уусгах гэж байгаа ураны хүдрийг бүхэлд нь 100 хувь зөв хамарч, шаардлагатай хүдрээ бүгдийг нь уусгаж авах магадлал байхгүй, хоёрдугаарт, газрын гүнд шахаж оруулсан хүхрийн хүчил нь ураны эрдсийн тодорхой хэмжээний хольцтой болж, хажуугийнх нь эрүүл байсан хөрс шороо болон гүний усанд уусан орж их хэмжээгээр, удаан хугацаанд бохирдуулах эрсдэл маш өндөр болж хувирдаг. Гуравдугаарт хайгуул олборлолтыг зогсоосны дараа буюу үйл ажиллагаа дууссанаас хойш газрын гүнд бий болсон ураны болон бусад хортой хүнд металлуудын хольцтой хүхрийн хүчлийн үлдэгдэл уусмалыг бүрэн аюулгүй болгож, 100 хувь цэвэрлэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, газрын гүний хөрс, ус нь хордолттой хэвээр үлдэж, яваандаа гадаргуун ус, хөрсөн дээр ил гарч хүн, мал амьтны эрүүл мэнд, байгаль орчныг бохирдуулах өндөр эрсдэл дагуулсаар, он удаан жил, урт удаан хугацаанд үлддэг. Үүний улмаас тэр газар нутаг дээр амьдардаг ард иргэд, мал амьтан хордож хохироод л үлдэнэ. Бүр цаад утгаараа Монгол Улс л хохирно гэсэн үг.
-Тэгэхээр манай улс ураны асуудал дээр маш болгоомжтой л хандах хэрэгтэй юм байна даа?
-Нэг зүйлийг хэлэхэд, цацраг идэвхит эрдэс баялгаас дэлхийд эдийн засгийн хувьд ач холбогдлоороо ураны эрдэс дээгүүр байранд үнэлэгддэг. Химийн энэ нэгдлийг цөмийн зэвсэг үйлдвэрлэх, атомын цахилгаан станц (АЦС)-ын түлш болгоход болон эдийн засаг, шинжлэх ухааны бусад чухал хэрэгцээнд ашигладаг. Тиймээс ч ураны хүдрийн ашигт малтмалыг дэлхийн ямар ч улс өөрийнхөө стратегийн чухал ач холбогдолтой эрдэс баялаг, түүхий эд гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь, ялангуяа гадаадынхан түүнийг бусдын нутаг дэвсгэр дээр дураараа эрж хайж, олборлож, гадагшаа зөөх нь байж боломгүй зүйл.
Гэтэл манай улсад тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоод, гадаадын компаниуд уул уурхайн хайгуул олборлолтод дураараа авирлах нь зарим талаар хэрээс хэтэрч байгаа нь нууц биш болсны бодит нэг баримт нь Улаанбадрахын хэрэг.
-Улаанбадрахын иргэдийн мэдээлж буйгаар ундаалдаг булаг шанд нь бохирдсон. Шинжилгээгээр ч ЦИБ илэрсэн тухай ярьдаг. Энэ тал дээр таны бодол?
-ЦИБ гэдэг нь энгийн үгээр илэрхийлбэл, байгальд оршин байхдаа өөрөөсөө цацраг ялгаруулж, ойр хавийнхаа бүх зүйлд нэвчиж, ионжуулж, хордуулж байдаг тухай дээр дурьдсан. Одоо тэндэхийн хөрс шороо, өвс ургамал, худаг ус бүгд бохирдож, урьдын адил цэвэр ариун биш болсон нь тодорхой. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин ард иргэд өөрийн тэр өлгий нутагтаа, үе улиран, мал сүргээ адгуулж, өсгөн үржүүлж, хүн мал нь тайван амгалан өсөн үржиж, амьдарч ирсэн. Түүхийн олон зуун жилийн туршид урьд хожид мал сүрэгт нь ажиглагдаж байгаагүй хачин жигтэй зүйлс сүүлийн жилүүдэд гарах болсноос харахад, тухайн орон нутгийн хөрс шороо, ус ургамал, байгаль орчны хэвийн байдалд хөндлөнгөөс, гадны ямар нэг гаж нөлөө, /тухайлбал, химийн аюултай хорт бодис (хүхрийн хүчил)-ын болон цацраг идэвхит бохирдолт/ бий болсныг гэрчилж байгаагаас гарцаагүй гэдэг нь химийн мэргэжлийн хүнд төдийгүй тэнд амьдардаг эгэл жирийн хэнд ч ойлгомжтой зүйл Улаанбадрахад хордсон мал амьтны уушги, элэг, бөөр, зүрх судас, бусад эд эрхтэн авах юмгүй болсныг тэнд оршин суугч иргэд, очсон хүмүүс өөрсдийн нүдээр харсан л байх. Улаанбадрахад малын бие эрхтэн ийм аймшигтай болж, үхэж үрэгдэж, бас малын генд нь нөлөөлж,үр төл нь олноор зулбаж, амьгүй эсвэл эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй гарсаар байгаа нь химийн хорт бодис, цацраг идэвхит бодисын нөлөө гэдэг нь илэрхий байна.Цацраг нь юуны түрүүнд хүн мал амьтны элэг, бөөрөнд нөлөөлж, уураг сахар нь шээсээр гадагш алдагддаг. Түүнчлэн, уушгины хэвийн үйл ажиллагаа доголдож, хоол боловсруулах эрхтэн хямарч, чөмөг нь задралд орж, аажмаар яс нь сийрэгжинэ, цусны улаан цагаан цогцосын тоо буурна, дотор цус алдалт явагдана, үр хөврөлийн хэвийн хөгжил алдагдана, цусны эргэлт гажиж, улмаар бие организмын хэвийн үйл ажиллагаа бүхэлдээ алдагдаж үхэлд хүргэнэ.
-Ураны хайгуул, олборлолтын үед хамгийн гол анхаарах шаардлагатай зүйл юу вэ?
-Ураны хайгуул олборлолтын үед, юуны түрүүнд тухайн газар нутагт цацраг агуулсан тоос шороо, тоосонцорт цацрагийн нарийн хяналт тогтоосон байх шаардлагатай байдаг. Гэтэл Улаанбадрахад тийм юм бараг байхгүй олон жил болж байгаа юм байна билээ. Үүнд уг нь манай улсын Мэргэжлийн хяналтын байгууллага, Цөмийн энергийн комисс, УУХҮЯ эхнээс нь шаардаж, гүйцэтгэлд нь тасралтгүй хяналт тавьж байх ёстой байсан боловч харамсалтай нь үүнд зохих журмаар хандаагүйгээс ийм байдалд хүргэсэн байна гэж би үздэг.
-Улаанбадрах сумын малчдын хувьд малын гажиг төллөлт, зарим нэгэн зүй бус хорогдлыг урантай ямар нэгэн хэмжээгээр холбоотой гэж үздэг ч мал эмнэлгийн дүгнэлтээр тийм зүйл байхгүй гэж гардаг хэмээн бухимддаг юм билээ?
-Хордлогод өртсөн мал амьтны дотор эрхтэнг мэргэжлийн бус, Монгол хүн хэн боловч хараад ялгаж чадна гэдгийг би баттай хэлье. Энгийн нэг жишээн дээр зүйрлэж тайлбарлья л даа. Хүний эмч хүн хүний биеийг гаднаас нь чагнаад, дотор эрхтэнд онош тавьдаг. Тэгвэл жирийн монгол хүн хэн боловч төхөөрч байгаа малын дотор гэдсийг хараад эд эрхтэн нь хэвийн, эрүүл, эсвэл гэмтэл, согогтой байна уу гэдгийг шууд л мэднэ. Дорногоь аймгийн Улаанбадрахын үхэж үрэгдсэн олон арван малынх нь дотор биений уушги, элэг, бөөр, гэдэс гээд бүх дотор эрхтэн нь хэвийн биш болсон байгааг харуулсан бодитой, нотолгоотой яг ийм баримтууд холбогдох хүмүүст нь бичлэгээрээ бий шүү дээ. Лабораториуд нь зөв дүгнэлт гаргаж чадахгүй байхад мал амьтан нь өөрийн бие эрхтнээрээ, амь насаараа хүмүүс бидэнд баталж харуулаад байна биш үү. Улаанбадрахын хөрс шороо, ус унд, ургамал ногоо нь хоргүй гэж мэлзээд байгаа тэр “мэргэжлийн” гэх хүмүүс шинжлэх ухааны дүгнэлтээр баталж нотолж чаддагүй юм бол өөрсдөө тэндхийн уснаас нь ууж, малынх нь махаар хооллож, тодорхой хугацаанд тэнд амьдраад аюулгүй гэдгээ биеэрээ баталчих хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь тийм хүн олдохгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхлээр тэр газар хүн мал нь урьдын адил тайван амгалан амьдрах боломжгүй л болсон байна гэсэн үг шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд Улаанбадрах суманд үйл ажиллагаа эрхлэхээр очсон Францын “Арева” компанийн Монголд үйл ажиллагаа явуулж буй охин компани туршилтын олборлолт хийхдээ хөрсөнд 440 тонн хүхрийн хүчил хийсэн байдаг гэж сонссон. Энэ бүхний хоруу чанар л Улаанбадрахчуудыг баллаад байгаа болов уу?
-Газрын хөрсний гүнд шахаж оруулсан химийн гоц аюултай бодис, түүнд ууссан бусад хортой элдэв бодис хөрсний гүний усанд орж, улмаар худаг болон мал усалгааны усаар дамжин хүн амьтны биед орж хордуулна. Түүнээс гадна, уул уурхайн компаниудын малтаж өрөмдөж, хөрсний гүний хэсгээс гаргасан шороо болон усаар дамжин хөрсөн дээр ил гарч хатсан цацраг идэвхит элемент агуулсан тоос шороо салхины аясаар цацагдаж, агаар, газрын хөрс, ургамал өвс ногоо, усны эх булгийг бохирдуулна. Тэгээд ч мал амьтан бол усыг түүхийгээр нь ууж, өвс ногоог шууд идэж амьдардаг амьтан учраас элдэв бохирдолтод өртөхдөө илүү амархан байдаг. Мал амьтны амьсгалын болон хоол боловсруулах замаар ингэж бие эрхтний дотор орсон цацраг идэвхит бодис агуулсан тоос шороо нь уушги болон бусад дотор эд эрхтэнг бохирдуулж, улмаар өвчлүүлж, үхэлд хүргэнэ. Улаанбадрахын хордсон мал амьтны уушги, элэг, бөөр, зүрх судас, бусад эд эрхтэн авах юмгүй болтлоо муудсаныг оршин суугч иргэдээс гадна тэнд очсон тэр “мэргэжлийн” гэх хүмүүс өөрсдийн нүдээр харсан л байх учиртай. Улаанбадрахад малын бие эрхтэн тийм аймшигтай болж, үхэж үрэгдэж, бас малын генд нь нөлөөлж, үр төл нь олноор зулбаж, амьгүй эсвэл эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй гарсаар байгаа нь химийн хорт бодис, цацраг идэвхит бодисын нөлөө гэдэг нь илэрхий байна. Цацраг нь юуны түрүүнд хүн мал амьтны элэг, бөөрөнд нөлөөлж, бие эрхтэнд байх ёстой уураг сахар нь шээсээр гадагш алдагддаг.Түүнчлэн, уушгины хэвийн үйл ажиллагаа нь доголдож, хоол боловсруулах эрхтэн хямарч, чөмөг нь задралд орж, аажмаар яс нь сийрэгжинэ, цусны улаан цагаан цогцосын тоо буурна, дотор цус алдалт явагдана, үр хөврөлийн хэвийн хөгжил гажна, цусны эргэлт өөрчлөгдөж, улмаар бие организмын хэвийн үйл ажиллгаа бүхэлдээ алдагдаж үхэлд хүрнэ.
-Бидний ярилцлагыг уншиж байгаа зарим хүмүүс эрчим хүчний чухал түүхий эд уран олборлуулахыг эсэргүүцэх нь буруу хэмээн шүүмжлэлтэй хандаж магадгүй. Тэр хүмүүст хандаж хэлэхийг хүсэж байгаа зүйл байна уу?.
-Уул уурхайн тусгай лицензийн олголт, ашигт малтмалын хайгуул олборлолт, байгаль орчны бохирдолт, хор уршигтай холбоотойгоор, сүүлийн 20-иод жилд манай улсын хэмжээнд, энд тэнд олон түмний тайван жагсаал, цуглаан, эсэргүүцэл маш олноор гарсаар ирснийг та бүгд сайн мэднэ. Тэдгээр жагсаал цуглаан, эсэргүүцэл бол улс орны эдийн засаг, хөгжил дэвшлийн ашиг тусын тулд янз бүрийн ашигт малтмал, эрдэс баялгийг олборлож ашиглахыг эсэргүүцэж байгаа зүйл огтхон ч биш ээ. Харин ийм эсэргүүцэл, дургүйцлийн гол учир шалтгаан нь янз бүрийн ашигт малтмал, эрдэс баялгийг хайж олборлох тусгай зөвшөөрөл бүхий дотоод гадаадын зарим компани үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улсын холбогдох хууль, журам зааврыг нарийн мөрдөж ажилладаггүйгээс, тухайн орон нутгийн хүн ам, мал амьтан, байгаль орчинд эрсдэлтэй байдал бий болгох явдал газар авч, тэр нь даамжирсаар, улс орны аюулгүй байдалд ч муугаар нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгаад эмзэглэж, төр засгаас зохих арга хэмжээ авч, зөв гольдролд нь оруулж өгөхийг л хүсэж байгаа хэрэг юм. Улаанбадрах сумын ард иргэд бусдын тарьсан гай түүтгэрээс болж, үе улиран амьдарч ирсэн төрөлх нутгаа орхин хаа нэг тийш дайжиж явахгүй нь мэдээж учир тэнд хөнөөл бий болгож байгаа компанийн үйл ажиллагааг даруй зогсоож, орон нутгийнх нь байгаль орчныг урьдын адил эрүүл, хэвийн байдалд нь оруулахад анхаарах нь чухал байгаа юм. Үнэндээ, монголчууд бидэнд одоохондоо уран олборлож экспортлохгүй бол болохгүй болсон тийм аминд тулсан хэрэгцээ шаардлага байхгүй гэж бодож байна. Тэр ашигт малтмал, эрдэс баялаг олон сая жилийн туршид газрын хөрсөн дороо байснаараа тэгээд байж л байг. Ирээдүйд монголчууд та бидний үр хойчис тэр ураныг ч бусад эрдэс баялгаа ч өөрсдөө аюулгүй байдлаар бас улс эх орондоо ашигтай байдлаар зөв олборлож ашиглах цаг нь ирж л таарна. Монголчууд бид өнөөдөртөө эрүүл аргаар, өөрөөр хэлбэл, нар салхиар, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах сайхан боломж бий шүү дээ. Жилийн 365 хоногийн ихэнхид нь нартай байдаг, бас ихэнхид нь салхитай байдаг газрууд ч Монголд олон бий. Эцэст нэг зүйлийг энд онцлон тэмдэглэхэд, манай Монгол Улс одоогоос яг 29 жилийн өмнө 1992 оны 9 дүгээр сард Цөмийн зэвсгээс ангид байх статустай орон болж байгаагаа НҮБ-ын индрээс зарлан тунхаглаж, дараа нь 2000 онд УИХ “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хууль батлан гаргасан улс шүү дээ. Цөмийн зэвсэгтэй гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн таван улс (АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Франц) манай энэ статусын асуудлаар 2000 онд Хамтарсан мэдэгдэл, 2012 онд Хамтарсан тунхаглал гаргаж, улс төрийн баталгаа олгосон байдаг юм. Бас дээр нь нэмж хэлэхэд, манай улс 1987 онд эвсэн нэгдэж орсон “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай” олон улсын конвенц гэж бий. Ийм учраас бидний Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх энэ статустай холбоотой бүх асуудлаа НҮБ-ын өмнө, дэлхийн хүн төрөлхтний өмнө нарийн чанд, туйлбартай дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл УРАН гэдэг цацраг идэвхит бодис бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд нь. Цөмийн зэвсгээс ангид байх статустай Монгол Улс цөмийн зэвсгийн тийм гол түүхий эдийг газар нутгаасаа олборлож, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй Франц улсын компанитай холбоотой өөрийн улсын компаниар олборлуулж, Франц руу экспортолж болно гэж үү. Энэ бол Цөмийн зэвсгээс ангид байх статустай Монгол Улс олон улсын өмнө хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг болно гэдгийг бид хатуу анхаарах ёстой.
Сэтгэгдэл ( 25 )
Энэ одоо хэдэн оны ярилцлага юм бол, их л дарагдаж байж дээ, 2021 оных бололтой юм. Энэ УРАНЫ хор уршгийн талаар Цэргийн Химийн академи сургууль дүүргэсэн мэргэжилийн хүмүүс яагаад ярьж бичиддэггүй юм бол гэж хувьдаа их бухимдалтай бдаг блаа. Миний мэдхээс ген. Хүрлээ, хур.Паламдорж нар бсан юм. Ашгүй Хүрлээ генерал маань сайхан дэлгэрэнгүй ярилцлага өгч, их баярлалаа. Тэр ураны хор уршгийг мэдэхгүй олон таван үг хуцаад бгаа этгээдүүд генералын хэлдэгээр, Улаанбадрахад очиж тэндэхийн усыг ууж, малынхан махыг идэж тодорхой хугацаагаар амьдраад..би ямар нэгэн хор авсангүй гэж чадах уу..ЧАДАХГҮ
Ураны талаар ганц мэдлэгтэй хүн бол Хүрлээ генерал шатны сургууль. Академийг төгссөн энэ чиглэлээр дэлхийд ажилласан энэ хүн шиг мэдлэг чадвартай туршлагатай хүн Монголд байхгүй шүү үгийг сонсох ёстой.
Нэг франц короно авчирсан буй. нэжгээд франц одоо юу авчрахыг хэн ч үл мэдмуй.ккк
Энэ эргуу заебал генерал уу? Ухэж далд орооч хоггин тогуог минь хенээс хаанаас угжуулаад энэ улсыг хогжуулэзгуй гд байгаа ац вэ чи казакстан канад ану оху чамаам доорууу хогшин ухна минь
Монголчууд дайснуудынхаа дунд амьдардаг израйлын замаар л явах ётой. Монголд ийм мөрдөс зүүсэн мөхөж яваа орос, хужагийн бөөснүүдээр дүүрсэн орон. Уран баяжуулах ёстой, мини төвшинд АЦС-ыг хөгжүүлсэн францитай нөхөрлөхч ёстой. Уран бидэнд байхгүй нууц их хүч тамир. Тусгай хамааралгүй ардчилсан улс байгаа дээрээ улс нь юу хийхээ заалгах ёсгүй. Ийм псдаг өшиглөж зайлуулаад тагнуулууд аманд нь баас чихвэл таарна.Барамсай гээл хүүхэн дээр үхсэн сэтгүүлч орос худалдагдаж монголын хөгжлийн эсрэг явсан, Улаанбадрахын тэмээчдэд тус бүр 1000 тэмээ авч өгөөд явах ёстой
Ураныг эсэргүйцээд гүйгээд байдаг хүмүүсийн ард Оросууд байдаг гэсэн тэднээс санхүүжилтээ авдаг нь үнэн болов уу. Учир нь Оросууд ураны ганцаараа эзэмших хүсэлтэй байдаг гэсэн. Тэгээд ард түмнийг хооронд нь алалцуулаад л байдаг гэсэн. яг үнэндээ тэр сум орон нутагт ганц нэг бүлэг хүмүүс байдаг юм байна лээ шдээ. Малчид нь юу ч мэдэхгүй тэдний хэлсэн үнэн байх гээд хараад л сууж л байдаг юм байна лээ ш дээ. Мөнгө гэж хүчтэй юм даа.
Үнэнийг хэлжээ. Бид ураны аюулаас хөмгаалөх цаг болсон. Ураны хорыг ойлгохгүй адгууснаас дор өнөө маргааш йн халтар хэдэн зоосноос өөрийгөө худалдахад бэлэн тэнэгүүд ойлгогүй...
Ийм нимгэнмэдлэгтэй тэгээд генерал гэнэ шүү. Өндөр албан тушаал хүртэхээрээ бүгдийг мэддэгболчихдрг хүнийөмгөөс мэдэмхийэргчийн л нэг байна
Хяналт тавьж чадахгүй.мэдлэггүй хариуцлагагүй байдлаа зогсоож ураны ашиглалтыг зогсоож нь зөв байх.....УХАЖ ТҮНХСЭН НҮХИИГ НЬ Ч БУЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ УРАН УУЛ УУРХАЙГ ....ЗОГСООЖ ЭРҮҮЛ ОРЧИН ЭХ НУТАГ ЭРҮҮЛ МЭНДИИГ БОДОХ ЦАГ БОЛСОН БНА ШҮҮ
Yu medej iim t1 yariltslaga ugdug bn aa, olon uls ter Sunday hugjingui uls yaj uran ashiglaj bgaag medehgui bj, shinjleh uhaan sansar sudlald mash ih shar nuntagiig hergeldeg ym, urantai oron uuriiguu elit uls gej uzdeg ym Za. Mangar t1
Шар нунтагаа гаргаж аваад экспортод гаргах нь зөв шүү. Манайд хими физикийн нарийн мэргэжил үйлдвэрлэл хоцрогдолд ороод байна. Хөгжүүлэх хэрэгтэй. Хийх ажилтай баялаг бүтээлттэй экспорттой хөгжингүй орон болъё л доо
Тэр Франц чинь ураны нөөцөөрөө дэлхийд дээнүүрт ордог. Гэтэл яагаад өөрийн эх орондоо олборлолт хийхгүй ядуу буурай монголыг сингоод ирснийг ядаж ойлгоорой
Энэ бол ирээдүйн, хөгжсөн монголчуудын хийх ажил. Одоо бол эрс асэргүүцэж байна.
Энэ бол хвирээдүйн хөгжсөн монголчуудын хийх ажил. Одоо бол эрс эсэргүүцэж байна.
Буу, хутга хийдэг учираас төмөр, коксождог нүүрс олборлохоо больё гэдэг шиг юм ярьж!\nХятад, Орос 2 Монгол уранаа олборлоод яваандаа атомын бөмбөгтэй болчих вий гэж иймэрхүү үл бүтэх нөхдүүдийг худалдан авч хүхрийн хүчил (аккумуляторын шингэн), цацраг идэвхжил (нарны гэрлээр ч ирдэг) зэргээр айлгаж суудаг.\nБас барууны баян орнуудад байдаг байгаль орчноо хамгаалахын тулд эрдэс баялгаа битгий олборло, цөлжилтөд хүргэдэг учир мал өсгөхөө больё, амьтны аминд хүрдэг учир амьтаны арьс, үсээр хийсэн хувцас өмсөхөө больё гэхчлэн тэнэг юм ярьж явдаг эрдэмтэд бий! Гуйлга гуйж амьдрах уу?
Юуны өмнө эрхэм нөхрийн амрыг эрж мэндчилье. Сайхан нийтлэл болжээ, миний хувьд өмнө нь сонсож байсан зүйлийг онолын хувьд дэлгэрүүлэн ойлгоход их тус дэм боллоо. Нөгөө талаар манай дээд эрх мэдэлтнүүд ийм аюултай, эмзэг зүйлийг хөндөхдөө манай нөхөр шиг ийм эрдэмтэн, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй юм байхдаа гэж бодоод, харамсах сэтгэл төрж байнаа. Төр засаг маань эрдэмтдийнхээ үгийг сонсдог гэж ард түмнээ хуурч байдаг юм байна гэж бодлоо.
Байгалийн уран -Uranium актиноид радиоидэвхт хими элeмeнт бөгөөд хүдэр нь U-238 99.282% агууламжтай, эдүгээ цагт АЦС-ын цөмийн түлш юм. МУ ураны түүхий эдээр баялаг бөгөөд тэр тусмаа ашиглагдаж байсан далд уурхай- Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Мардайн ураны орд багтана. Баянтүмэн ТЗ-ын сүлжээтэй төмөр замаар холбогдсон нууцын зэрэглэлтэй Хотхон байсныг миний биe 1978-1982 онд очиж, үзэж байв. Ураны олборлолтын хор холбогдлын талаарх мэдээлэлийг би л лав үзээгүй, дуулаагүй болно. Уг нь ураныг газар дээр нь боловсруулан Шар нунтаг болгон экспортлох нь зөв юм. МУ АЦС-тай болох цаг ойртож,
Ийм байж яаж хөгжил ярих билээ, нарнаас та өдөр болгон цаг, минут, секунд бүр хортой гээд байгаа цацрагаа авч байгааг мэдэж байна уу. Нэртэйгээр нь бүр нараар яадаг юм гээд хэлээч.
Дэлхий нийтээр ашиглаад болоод байна зөвхөн Монгол болохгүй юм л байна даа тэ
Новшийн Францыг зайлуулья.
Зочин гээч тэнэг
orosuudiin zahialag orosuud bol zugeer baruuniih bol hortoi
Баяогаа бид ашиглаж болох ч байгалиа харин сүйдэлж болохгүй
БАЙГАА ЮМАА ЗАРЖ МӨНГӨ ОЛОХГҮЙ ЯАХ ЮМ БЭ ??? МУНХРУУЛГА БАЙНА.
Хүрлээ генерал гэдэг чинь аугах хүн шүү дээ. Ховор сайхан хүнээс ярилцлага авчээ. Танай сайтад талархлаа илэрхийлье