Өнгөрөгч амралтын өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 334 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт дөрвөн хүн гэмтэж нэг хүн амь хохиржээ. Тухайлбал, долоодугаар сарын 6-ны өдрийн 05:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монгол улсын гудамжны замд жийп автомашины жолооч гэрлийн шон мөргөж жолооч зорчигч хоёр хүн гэмтсэн байна. Мөн өдрийн 15:00 цагийн орчим Говьсүмбэр аймаг Шивээговь сумын нутагт бага оврын ачааны автомашин онхолдож, жолоочийн амь хохиржээ.
Дорноговь аймаг Хатанбулаг сумын нутагт уаз фургон маркийн автомашин онхолдож, зорчигч 5 сартай нярайн амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлсний нийслэлд 40, орон нутагт 16 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Насанд хүрсэн эргүү өвчтэй малнуудад хүүхдэд юм зааж өгч байгаа юм шиг ханддагаа больж үз.