Уншигч танд хэдхэн хоногийн дараа эхлэх “Токио-2020” олимпын наадмын талаар цөөн хэдэн сонирхолтой баримтыг хүргэе.
“Хувийн амжилтаа оргилд нь хүргэх”, “Нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх”, “Ирээдүйн түүхээ бүтээх алхам” уриатай “Токио-2020” зуны олимпын XXXII наадам энэ сарын 23-нд эхэлж, наймдугаар сарын 8-ны өдөр өндөрлөнө.
Тус наадамд ОУОХ-ны гишүүн 206 орны 11 мянга гаруй тамирчин оролцох бөгөөд тамирчдын 48 хувь нь эмэгтэй байгаа нь түүхэндээ анх удаа хүйсийн тэгш тэнцвэрийг хамгийн өндөр үзүүлэлтэд хүргэсэн олимп гэдгээрээ нэгэн онцлогтой.
“Токио-2020”-д дахин боловсруулсан хуучин гар утсаар олимпийн медалийг урласан бөгөөд тамирчид 33 спортын төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Энэ удаагийн олимпийн наадамд каратэ, спорт авиралт, сёрфинг, скейтбординг, софтбол гэсэн таван шинэ спорт багтсан.
Мөн олимпын түүхэнд анх удаа спортын төрлүүдийн пиктограм дүрслэлийг хөдөлгөөнт хэлбэрт оруулжээ.
“Токио-2020” наадмын онцлох тэмдэг нь “Олон талт онцлог ялгаатай байдлын нэгдэл нягтрал” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тус наадмын үеэр дэлхий дахины онцлог ялгаатай, олон талт хэвшилт байдлыг нэгэн дээвэр дор нэгтгэх гэсэн үзэл санааг илэрхийлжээ.
Олимпийн бэлтгэл ажлын өөр нэгэн онцлог нь Токио-2020 олимпын наадам түүхэн дэх хамгийн эко олимп болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн. Тодруулбал тамирчдын тосгонд 26 мянган ор засна. Олимп болон Паралимпын түүхэнд анх удаа бараг бүх орыг сэргээгдэх түүхий эд буюу хотхоны орнуудыг картонон цаасаар үйлдвэрлэжээ. Даац нь 441 паунд буюу 200кг. Олимп, паралимпын дараа эдгээр ор дахин боловсруулалтад орох юм.
Олимпын хотхон хоёр давхар хоолны танхимтай. Хоолны танхимын 30 хувь нь одоогоор ажиллаж байна. Ази, Европ, Япон, Цагаан хоол болон Халал зэрэг бүх төрлийн маш өргөн сонголттой хоол хүнсээр олимпын баг тамирчдад 24 цагийн турш үйлчлэх юм байна.
Дэлхий дахинд долоо болон түүнээс олон олимпод оролцсон 44 тамирчин байдаг. Тухайлбал, 10 олимпод оролцсон 1, 9 олимпод оролцсон 2, найман олимпод өрсөлдсөн 10, долоон олимпод оролцсон 31 тамирчин байна. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино. Энэ нь Монголын олимпийн түүхэн дэх дээд амжилт.
Олимпын тосгонд Монголын багийн штабыг тохижуулжээ. Монгол Улсын төрийн далбаа, МҮОХ-ны туг, "Токио 2020" сэдэвт гар зургийн уралдаанд эхний таван байр эзэлсэн сурагчдын бүтээл зэргийг хүндэтгэн байрлуулжээ. Токиог зорих Монголын 43 тамирчны 16 нь олимпын наадамд оролцож үзсэн туршлагатай бол 27 нь анх удаа явж буй аж.
"Токио-2020" олимпын наадмыг албан ёсны эрхтэйгээр "Эрхэт Монгол" медиа группийн эрхлэн гаргадаг мэдээллийн Zindaa.mn сайт, өдөр тутмын "Өглөөний сонин"-ы хамт олон сурвалжлан хүргэнэ. Медиа группийг төлөөлж, Zindaa.mn сайтын Спортын мэдээллийн албаны редактор, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ олимпын наадмыг сурвалжилж, уншигч танд хүргэх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сугар-Эрдэнэ гэдэг хүн л өнөөдөр спорт мэдээг хангаж байна даа. Сайн сэтгүүлч шүү. Амжилт. Танай хамт олонд баярлалаа.\n
Дан бөх шүтдэг Сугар-Эрдэнэ гээч нөхөр бүтэхгүй дээ, өөр дөмөгхөн хүн явуулахгүй