Токиогийн Олимпын их наадам өнөөдөр цар тахлаас үүдэлтэй онцгой нөхцөл байдалд эхлэх гэж байна.
Олимпын түүхэнд анх удаа үзэгчгүй болох учир “хамгийн аниргүй” гэх тодотгол аваад буй уг наадамд дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутгийн шилдэг 11 мянга орчим тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорино. Олимпыг зохион байгуулагчид Токио Олимп хүн төрөлхтний эв санааны нэгдэл, вирусийг ялсныг бэлгэднэ гэж найдаж байгаа ч тус хотод халдварын тохиолдол өссөөр байгаа ба онц байдлын дөрөвдүгээр түвшинг зарлаад байгаа билээ.
Коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, олон тооны дуулиан шуугианыг үл харгалзан хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпын их наадам эцсийн мөч хүртэл маргаан дагуулсаар эхлэхээр боллоо.
Халдвар хамгааллын дүрмийг чандлан сахих эсэх асуулт тавигдсан хэвээр. Долоодугаар сар эхэлснээс хойш тамирчдын тосгон дотор болон гадна халдварын тохиолдол бүртгэгдсээр байгаатай зэрэгцэн Японы зуны хэт халалт санаа зовних бас нэг асуудал болж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад 860 мянга гаруй халдварын тохиолдол, 15 мянган нас баралт бүртгэгджээ.
125 сая хүн амтай Японы нийслэлд 10 хувь нь амьдардаг. Пүрэв гарагт гэхэд тус хотод 1979 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн нэгдүгээр сарын дунд үеэс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт.
Японы эзэн хаан зуны 32 дахь Олимпын их наадмыг албан ёсоор нээнэ. Нээлтийн ажиллагаанд зөвхөн Олон улсын Олимпын хорооны төлөөлөгчид болон гаднын өндөр хэмжээний цөөн тооны төлөөлөгчид урилгаар оролцоно. Нээлтийн ажиллагааны үеэр болох “Үндэстнүүдийн парад”-ын үер тамирчид амны хаалт зүүн, өөр хоорондын зай барих шаардлагыг дагах ёстой. Олимпын бамбарыг өнгөрсөн гуравдугаар сараас хойших хугацаанд Японы бүх 47 мужаар буухиалсан Олимпын галаар асаана.
Токиогийн Олимпын наадмын үеэр спортын 33 төрлөөр 339 тэмцээн, уралдаан болно. Серфинг, скейтбординг, спортын авиралтын хамт Окинава мужаас гаралтай карате Олимпын дэвжээнд анх удаа “хөл тавих” гэж байна.
Энэ удаагийн Олимпын их наадам эрэгтэй, эмэгтэй тамирчдын тэгш харьцааг хангасан Олимпын түүхэн дэх анхны наадам. Олимпын дүрвэгчдийн баг Рио-2016 Олимптой харьцуулахад гурав дахин олон тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. ОХУ-ын тамирчид Олимпын туган дор оролцох бол БНАСАУ-ын тамирчид КОВИД-19 шалтгаалан энэ удаад өнжинө.
Япон улс найман жилийн өмнө энэхүү Олимпыг зохион байгуулах эрх олж авсан. Үүгээр тус улс асар хүчтэй газар хөдлөлт, цүнами болон 2011 оны цөмийн гамшгийн дараа зүүн хойд бүс нутаг хэрхэн сэргэн мандаж буйг харуулах, хүнд бэрх цагт дэмжлэг, туслалцаа үзүүлсэн дэлхий дахинд талархал илэрхийлж байна.
Олимпын тэмцээн, уралдаанууд тус улсын 10 гаруй мужид зохион байгуулагдана. Олимп, Паралимпын төсөв анх танилцуулж байсан 734 тэрбум иен буюу 6.67 тэрбум ам.доллароос огцом өсөж, 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1.64 их наяд иенд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )