Олимпын бамбарын буухиа Токио хотын Шинжүкү дүүрэг дэх Токио хотын засгийн газрын төв байр “Citizen's Plaza”-ын өмнө барианд орлоо.
Ёслолын ажиллагаанд Токио хотын захирагч Койке Юрико, Шинжүкү дүүргийн засаг дарга Ёшизүми Кеничи оролцжээ.
Олимпын бамбарын буухиаг барианд оруулах хүндтэй үүрэг хүлээсэн кабүки, ардын бүжгэн жүжгийн жүжигчин Намакүра Какүро Олимпын галыг тусгайлан зассан бамбарыг асааж, амжилттай хүлээлгэн өглөө.
Олимпын бамбарын буухиа өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужид гараанаас гарч, дөрвөн сар Япон улсыг тойрон аялсны дараа ийнхүү Токио хотын төвд ирж, Олимпын гол цэнгэлдэх хүрээлэн рүү ойртож байна. Олимпын бамбар энэ сарын 9-нд Токио хотод ёслол төгөлдөр орж ирсэн билээ.
Халдвар хамгааллыг сахих үүднээс Олимпын бамбарын буухиа үзэгчгүй болж байна.
Хэдхэн цагийн дараа Олимпын галыг Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд залж, хүн төрөлхтний спортын их наадмыг гэрэлтүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )