Токиогийн олимпын хамгийн залуу тамирчин Хенд Заза

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Зуны олимпын 32 дахь наадамд оролцож буй 11 мянган тамирчнаас хамгийн залуу нь Сирийн ширээний теннисч Хенд Заза юм. Тэрээр 2009 онд төрсөн бөгөөд энэ жил 12 нас хүрч байна. Тэрбээр Сирийн ширээний теннисний түүхэнд олимпын сонгон шалгаруулалт, олимпын наадамд оролцсон анхны тамирчин болж түүх бүтээжээ.

“Спорт миний цусанд байдаг зүйл. Би олимпын аварга болох мөрөөдөлтэй. Үүний тулд шаргуу бэлтгэл хийх болно. Гэр бүлийнхэн маань намайг цаг минут тутамд дэмжиж байдаг. Тэд энэ спортод амжилт гаргах гол хүч байсан юм. Тэдний итгэлийг алдахгүйн тулд хичээх болно” гэж Сирийн ширээний теннисч Хенд Заза ярьж байна.


Хенд Заза 2020 оны хоёрдугаар сард болсон олимпын сонгон шалгаруулалтад  Ливаны теннисч 42 настай Мариана Сахакианыг ялж олимпын эрхээ өвөртөлсөн юм. Тэрбээр олимпын наадмын түүхэнд хамгийн залуудаа оролцож буй тав дахь тамирчин. Онцлон тэмдэглэх ёстой нэг зүйл гэвэл олимпын наадмын ширээний теннисний төрөлд хамгийн залуудаа оролцож буй тамирчин болж түүхэнд үлдэж байна.

Хенд Заза бол дайны хөлөөс дайжиж, амар тайван амьдрал хайж буй жирийн сири хүүхдүүдийн л нэг. Улмаар гэр бүлийнхэн нь түүнийг ширээний теннисний спортод дуртай болохыг мэдэж, ширээний теннисний ширээ, цохиур, бөмбөг авч өгчээ. Мэргэжлийн багштай болсноосоо хойш бэлтгэлээ тасралтгүй хийх болсон байна.

Заза бол таван хүүхэдтэй айлын хамгийн бага нь төдийгүй цорын ганц охин нь. Аав нь хөлбөмбөгч байсан одоо зодог тайлаад багшилж байна. Математикийн хичээлд дуртай, Харри Поттерийн үнэнч фен. Харри Поттер шиг өөрийн түүх бүтээж олимпын наадамд амжилт гаргана гэж “Марка” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.


 

 


Эх сурвалж: Marca

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top