Олимпын нээлтийн АЛДААНУУД

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Олон мянган хүний олон сарын нөр их хүч, хөдөлмөрийн үр дүн болох Олимпын нээлтийн ёслолын арга хэмжээн дээр алдаа гарах, бүр эмгэнэлтэй тохиолдлууд ч бас гарах нь бий.

Тухайлбал, 1908 оны Лондонгийн Олимпын үеэр далбаатай холбоотой хоёр ч алдаа гарч байжээ. Тухайн үед Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан Финландын вант улсын баг “үндэстнүүдийн парад”-ын үеэр далбаагаа өргөөгүй байна. Багийн туг баригч Бруно Цилиакус Оросын тугийг барьж явахаас татгалзсан бол тухайн наадамд Орос тамирчдаа илгээгээгүй байна.

Хоёр дахь тохиолдол нь АНУ-ын багтай холбоотой. Тус улсын багийн туг баригч Ралф Роуз улсынхаа тугийг дүрмийн дагуу Их Британийн хаан VII Эдуардын өмнө бөхийлгөхөөс татгалзжээ. Тухайн наадам огт оролцоогүй Хятад улсын далбааг АНУ-ын далбааны оронд андууран өлгөсөнд Америкийн тамирчид ийн дургүйцлээ илэрхийлж байв. Харин Роуз бөөрөнцөг шидэлтийн Олимпын аварга цолоо энэ наадам дээр дахин баталсан байна.

Хоосон Олимп

1920 оны Антверпений Олимпын нээлтийг 100 хүрэхгүй хүн үзжээ. Яг ийм тооны үзэгч Токиогийн Олимпын нээлтэд байх юм. Гэхдээ үүний шалтгаан нь коронавирусний цар тахал биш. Учир нь зохион байгуулагчид тасалбарын үнийг хэт өндөр тогтоосон нь дайны дараах Бельгийн иргэд тасалбарыг нь худалдан авч хүчрээгүй байна. Эцэст нь Антверпены Олимпын зохион байгуулагчид үзэгчдийг үнэгүй оруулахад хүрчээ.

Бамбар баригчийн бүтэлгүйтэл

1956 оны Өвлийн олимпыг Итали хүлээн авсан. Олимпын бамбарыг асаах хүндтэй үүргийг тэшүүрчин Гвидо Кароли хүлээжээ. Тэрбээр тэшүүрээр гулгаж, Олимпын галыг асаах ёстой байсан ч замдаа телевизийн утсанд бүдэрч унав. Гэхдээ бамбараа унагаагаагүй бөгөөд Олимпын галыг ёслол төгөлдөр асааж нэр төрөө аварч байжээ.

Олимпын сүүлчийн тагтаа

1988 оны Олимпын нээлт наадмын гол уламжлалуудын нэгт цэг тавьж байжээ. Энх тайвны бэлэг тэмдэг болсон тагтааг нисгэх ажиллагаа хамгийн сэтгэл хөдөлгөм уламжлалын нэг. Энэ уламжлалын дагуу Сөүлийн Олимпын зохион байгуулагчид хоёр мянга гаруй цасан цагаан тагтааг Олимпын галыг асаахтай зэрэгцэн тэнгэрт хөөргөх ёстой байв. Гэвч зарим тагтаа галын бамбар дээр сууж, ихэнх нь түлэгдсэн байна. Үүнээс хойш Олимпын нээлтэд амьд тагтааг оролцуулахыг зогсоожээ.

Улаан хувцастай бүсгүй

Лондон-2012 Олимпын нээлтийн ажиллагаа зөвхөн шүхрээр бууж буй хатан хаан II Элизабет, Жеймс Бонд хоёроор санаанд үлдээгүй. Энэтхэгийн шигшээ багийн туг баригчийн хажууд алхах улаан хувцастай нэгэн бүсгүй үзэгчдийн дурсамжид тод үлджээ. Тамирчид түүн рүү харан, юу болж буйг ойлгохгүй байв. Энгийн улаан хүрэм, хөх өмд өмссөн бүсгүй хэн болохыг таамаглахыг бүгд хичээж байжээ. Хожим нь тэр бүсгүй Лондонд суралцаж буй Энэтхэг оюутан болж таарчээ. Тэрбээр үзэгчдийн байрнаас буун, багтайгаа хамт алхсанаар Лодонгийн Олимпын хамгаалалтын албаны хайхрамжгүй байдлыг илчилжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top