ТОЙМ | Нээлтийн өмнө тохиосон олимпын наадмын ОНЦЛОХ агшнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны 32 дахь удаагийн олимпын наадам эхлэхэд хэдхэн цагийн хугацаа үлдлээ. Албан ёсны нээлтийн өмнө энэ удаагийн олимпын наадамд тохиосон торгон агшин, онцлох мэдээнүүдийг тоймлон хүргэе.


АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээн уналт

Олимпын наадамд гарцаагүй түрүүлнэ гэж таамаглаж байсан АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг тэмцээнээ ялагдлаар эхлүүлэв. АНУ-ын шигшээ Шведтэй таарахаас өмнө оролцсон 44 тоглолтод дараалан ялалт байгуулсан бахдам түүхтэй байлаа. Дэлхийн үнэмлэхүй аваргууд Шведийн эсрэг юу ч хийж чадалгүй байсаар гурван гоолын зөрүүгээр ялагдсан. Шведийн шигшээ багаас Блакстениус хоёр гоол оруулж, Хөртиг нэг гоол оруулснаар тоглолт энэ хэвээрээ өндөрлөсөн юм. АНУ-ын дараагийн учраа нь Шинэ Зеланд, Шведийн дараагийн учраа нь Австрали байх болно.


Олимптой холбоотой халдварын тохиолдол 91 болж нэмэгдэв

Энэ удаагийн олимпын наадам тамирчдаас хоёр фронтод зэрэг тулалдахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулж байна. Цар тахлын улмаас АНУ-ын волейболын шигшээ багийн тамирчин, ОХУ-ын найдвар хүлээж байсан усанд сэлэгч зэрэг хэд, хэдэн тамирчин орох боломжгүй болоод байна. Токио хотын төвийн дүүрэгт л гэхэд пүрэв гарагт 1979 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэгдүгээр сараас хойш хамгийн их тохиолдол болов. Зөвхөн өнөөдөр л гэхэд олимпын тосгонд 25 тохиолдол шинээр илэрсний гурав нь олимпод оролцож буй тамирчид байна.


АНУ-ын гимнастикийн шигшээ зочид буудал руу нүүв

Цар тахлын улмаас олон тамирчнаа алдаж байгаа Чехийн шигшээ багийн бараан түүхийг давтахгүйн тулд нэгэнт халдварын голомт болоод байгаа олимпын тосгоныг орхих шийдвэрийг АНУ-ын гимнастикийн шигшээ баг гаргав. Тэд олимпын тосгонтой ойролцоо орших зочид буудал руу нүүжээ.


Шинээр нэмэгдсэн дөрвөн спортын төрөл

Энэ удаагийн олимпын наадамд өмнө нь олимпын наадмын хөтөлбөрт багтаж байгаагүй цоо шинэ дөрвөн спортын төрөл шинээр нэмэгджээ. Энэ нь скейтборд, спорт авиралт, сөрфинг, каратений төрөл юм.


Эмэгтэйчүүд олонтой олимпын наадам

“Токио-2020” эмэгтэйчүүдэд ээлтэй олимпын наадам гэсэн тодорхойлолтоор түүхэнд үлдэх нь дамжиггүй боллоо. Нийт тамирчдын 49 гаруй хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа нь урьд хожид олимпын наадамд тохиож байгаагүй түүх юм. Түүнээс гадна трансжендер тамирчин оролцсон анхны олимп нь “Токио-2020” болов. Энэ удаагийн олимпод Шинэ Зеландын хүндийн өргөлтийн Лорел Хаббард трансжендер статустай анхны тамирчин болж байгаа юм. Түүнээс гадна нээлтийн ёслолын жагсаалд туг баригчаар эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчинг хамтад нь гаргаж байгаа нь жендерийн тэгш эрхийг хангахын тулд гаргасан шийдвэр гэж Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top