Олимпын наадам анх удаа ЭМЧ, СУВИЛАГЧ нарт МЭХИЙН ЁСОЛЛОО

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Токиогийн олимпын нээлтэд олимпын түүхэнд анх удаагаа эмч, сувилагч хоёр бамбар барилаа.

Коронавирусийг эмчлэхэд онц гавьяа байгуулсан эмч, сувилагч нарыг хүндэтгэсэн энэхүү мөч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөв.

Спортын хүчээр цар тахал, аюулт өвчнийг хамтдаа дарах мессеж өгсөн олимпын нээлт байлаа хэмээн хүмүүс талархаж байна. Түүнчлэн коронавирусний цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн бүжиг дэглэсэн нь онцлог байлаа. 
 


"Хүн төрөлхтнийг, тэр дундаа эмч нараа дээдэлсэн маш сайхан нээлт боллоо" хэмээн япончуудыг магтсан сэтгэгдэл сошиалд хөвөрсөөр байна. 

Эмч, эрүүл мэндийн салбарынхан цар тахлын энэ хүнд үед тэднийг хүндэлсэн нээлт хийсэнд сэтгэл хангалуун байгаа нь ч мэдээж. 


СЕЙКО ХАШИМОТО: ЭМЧ НАРТАА ЮУН ТҮРҮҮНД ТАЛАРХАЖ БАЙНА
 


"Токио-2020" олимпын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Сейко Хашимото 2011 оны цунамигийн үед тус болж байсан улс гүрнүүдэд талархал илэрхийлсэн.

Тэрбээр “Газар хөдлөлтөөс үүссэн сэтгэлийн шарх, гарз хохирлоо даван туулахын тулд олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байлаа. Олон хүнд сорилтоос шалтгаалан түүхэндээ анх удаа хойшилсон олимпын наадам ийнхүү эхэлж байна. Бид итгэл найдвараа алдахгүй хичээсээр олимпын наадмыг эхлүүлж байна. 10 жилийн өмнө Японы зүүн эргийг хамарсан газар хөдлөлтөөр Японы ард түмний зүрх сэтгэл шархалж, өмнө нь хэзээ байгаагүй гарз хохирлыг амссаны дараахан бид олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн. Итгэл найдварын гал асаах, хамтдаа хичээсэн он жилүүд өнгөрлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн гараа сунгасан, хамтдаа тэмүүлсэн, биднийг зоригжуулсан та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Токио-2020 олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимотогийн “Спорт бол агуу их хүчтэй. Бүх дэлхийг нэгтгэх хүч та бүхэнд бий. Эмч нартаа юун түрүүнд талархаж байна” гэсэн үгхэлсэн нь  сэтгэл хөдөлгөм байлаа.


ТОМАС БАХ: ЦАР ТАХЛЫГ ДАРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ЭМЧ НАРТАА ТАЛАРХЪЯ
 


Токиогийн олимпын нээлтийг нулимстай үзсэн үзэгчид олон байлаа. 

Нээлтийн үеэр Японы эзэн хаан Нарүхито, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй олон улсын өндөр албан тушаалын эрхмүүд ковидын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн хэсэг хором чимээгүй зогсож, Томас Бах, Сейко Хашимото нар эмч нараа хүндэтгэсэн үг хэлж, амиа алдагсдыг хүндэтгэсэн бүжиг явах үед олон хүн нулимс дуслуулж байв. 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Спортын хүч биднийг нэгтгэж байна. Энэ бол эв нэгдлийн, энх тайвны, баяр баяслын цаг. Японы ард түмэн, зохион байгуулагчдын хүчээр бид энд цуглалаа. Япончуудад гүнээ талархаж байна. Цар тахлыг нухчин дарахын төлөө тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Японы ард түмэнд талархъя” гэсэн үгийг олимпын индрээс дэлхийн бүх хүмүүст зориулан илгээлээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top