“Токио-2020 олимпын наадмын ширээний теннисний төрөлд манай улсаас Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар эрхээ аван оролцож, Монголын спортын түүхийг баяжуулж байгаа билээ.
Манай тамирчид өнөөдөр эхний тоглолтуудаа хийж, Монголын багийн хамгийн отгон гишүүн Б.Болор-Эрдэнэ Тунис улсын тамирчныг 4:1 харьцаатай ялж, Монголын багийн эхний ялалт, энэ спортын түүхэн дэх олимпын анхны хожлыг байгуулсан юм.
Үдээс хойших тоглолтоо тэрбээр Чилийн тамирчинтай хийж 0:4 харьцаатай ялагдлаа.
Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Лхагвасүрэн АНУ-ын тамирчинтай тоглож, 1:4 харьцаатай ялагдсан. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн оноос эхлэн Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг бүрдүүлэх журмын дагуу ширээний теннисний спорт нь Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор оруулж, 6 тамирчин, 2 дасгалжуулагч улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.
Монголын ширээний теннисчид 1961 онд анх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бол үүнээс хойш 60 жилийн дараа түүхэндээ анх удаа олимпын наадамд ийнхүү амжилттай оролцлоо.
Сэтгэгдэл ( 5 )