Японы бахархал болсон АХ, ДҮҮ Абэгийн ГЭР БҮЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26


 

Токиогийн олимпоор ах, дүү жүдоч Хифүми болон Үта Абэ 30 минутын дотор дараалан аварга болж, дэлхийд нэрээ дуурсгалаа.

Япон улсын бахархал болж байгаа ах, дүү хоёрын талаарх сонирхолтой мэдээллээс хүргэе.



Хифүми Абэ 1997 оны наймдугаар сарын 9-нд төрсөн. 66 кг-ийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга.

 


Үта Абэ 2000 оны долоодугаар сарын 14-нд төрсөн. 52-гийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга.

 


Абэ Үта 16 настайдаа Дюсселдорфын Гран-Прид түрүүлж, хамгийн залуудаа Гран-Прид түрүүлсэн эмэгтэй жүдоч болсон юм. Үта 18 настайдаа анх удаагаа дэлхийн аварга болсон. Дараа нь 19 насандаа хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж, дэлхийд нэрээ цуурайтуулж эхэлсэн билээ.

 


Хифүми Абэ 2017, 2018 оны дэлхийн аварга. Ах, дүү Абэ нар Бакуд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны япон ах, дүү нар болсон.

 


Үта ахаасаа урам зориг аван 5 настайдаа жүдогоор хичээллэж, дунд болон ахлах сургуульд байхдаа үндэсний аварга цол хүртжээ.

 


Ах, дүүс Японы Хонсю арал дахь Кобе хотод эгэл жирийн гэр бүлд төрж, өссөн. Тэдний аав нь гал сөнөөгч.
 


Хифүми, Үта нарын ах нь мөн жүдогоор хичээллэдэг, ирээдүйтэй хүү байсан ч усан пологийн тамирчин болжээ.
 


Аав нь Үтаг хөгжмийн сургуульд явуулахыг хүсжээ. Үта ч хөгжимд дурлаж, төгөлдөр хуурын ангид орсон аж. Гэхдээ тэрбээр бассейнд тогтмол очдог байжээ.
 


Эцэст нь Үтагийн жүдогийн сонирхол нь ялсан байна. Түүнд барилдах маш их таалагдсан бөгөөд ах Хифүми нь жүдогоор амжилт гаргаж эхэлсэн нь Үтад нөлөөлжээ.
 


Үта ахаасаа түрүүлж Токиогийн олимпын эрх авсан. Түрүүлж аварга болсон.

 


Хифүми дүү нь олимпын аварга болохыг хараад “дотор нь шатжээ”. Жүдоч залуу дүүгээ хараад өөрөө ч гэсэн заавал аварга болно гэж бодсоноо хуваалцсан юм. Гэхдээ тэрбээр дүү нь аварга болсон учир өөрөө ч аварга болох ёстой гэсэн дарамт мэдрээгүй аж. Харин дүүгээрээ бахархаж, дотроо илүү их асжээ. Хифүми итгэлтэй бөгөөд тайван гарч, уран барилдааныг харуулсан юм.

 


Хифүми “Өнөөдөр хоёр мөрөөдөл биеллээ. Миний болон дүүгийн минь мөрөөдөл биеллээ” гэсэн юм.

 


Үта Абэ “Өөрөө барилдах, ахыгаа барилдахыг харах хоёрын өөрөө барилдах нь илүү хэцүү байлаа” гэж ярьжээ.

 


Үта “Эцсийн мөчид тэвчих, алдаа гаргахгүй байх хоёр нь маш чухал байсан. Би үүнийг хийж чадсан, ялсан” гэжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top