Токиогийн олимпын “ҮНСГЭЛЖИН” Ахмед Хафнауи гэж хэн бэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

"Токио-2020" олимпын усан сангийн наймдугаар эгнээнд өрсөлдөж байсан Тунисийн сэлэгч Ахмед Хафнауи гараан дээр хэний ч харааг булаагаагүй. Харин барианд ирэхэд тэрбээр дэлхийн хэмжээний од болсон байв. Тунисийн 18 настай тамирчин 400 м чөлөөт сэлэлтээр гурван минут 43.36 секундэд туулж, Олимпын алтан медаль гардсан билээ.

Усан спортын ертөнцийг алмайруулсан тэрбээр дэлхийн хэвлэлийн анхаарлыг татаад байгаа бөгөөд “Washington post”  сонин Токиогийн Олимпын “үнсгэлжин” хэмээн өргөмжлөв.

Хагас финалд хамгийн сүүлд орж ирсэн Хафнауи Токио-2020-д алтан медаль хүртсэн анхны Тунисийн, анхны Африкийн тамирчин болж, усан спортын түүхэнд нэрээ мөнхөллөө.

Тэрбээр амжилтынхаа талаар “Үнэхээр итгэмээргүй. Би усан сангийн хананд хүрч, царайгаа харах хүртлээ итгээгүй” гэж өөрөө ярьжээ.

2018 онд Буэнос Айрест болсон өсвөрийн олимпын их наадмын 400 м чөлөөт сэлэлтэд наймд жагсаж байв. 2019 онд чансаагаараа тэрбээр 100-д бичигдэж байлаа.

Ахмед Хафнауи 2002 онд Тунисийн Гафса мужийн Метлауи хотод төржээ. Шинэхэн одын эцэг, эх хэн болох, дэлгэрэнгүй мэдээлэл олдоогүй тухай хэвлэлүүд онцлон бичжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top