Дүрвэгсдийн баг хэрхэн Олимпын гэр бүлд багтсан бэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Энэ сарын 23-нд болсон Олимпын нээлтийн ажиллагааны үеэр өөрийн улсын туггүй, сүлд дуугүй нэгэн өвөрмөц баг Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн нь дүрвэгсдийн баг байлаа.

Дүрвэгсдийн шигшээ баг хэрхэн бий болсон бэ?

Дүрвэгсдээс бүрдсэн баг байгуулах санаачилгыг анх Томас Бах тэргүүтэй Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2016 оны нэгдүгээр сард дэвшүүлжээ. Энэ санаачилгаар зэвсэгт мөргөлдөөн, ядуурлаас амь зугтааж, Ойрх Дорнодоос Европ руу чиглэсэн дүрвэгсдийн асуудалд дэлхий нийтийн анхаарлын хандуулах зорилго агуулжээ.

Токиогийн олимп дүрвэгсдийн багийн хувьд хоёр дахь олимп юм. Тэд анх Рио-2016 олимпын дэвжээнд “Хараат бус олимпын тамирчдын шигшээ баг” нэртэй хөл тавьсан түүхтэй. Тухайн үед тус багт 10 тамирчин орсон бөгөөд тэд спортын гурван төрөлд өрсөлджээ. Анхны удаад тэд медаль авч чадаагүй.

Харин Токио-2020 олимпын хувьд ОУОХ дүрвэгч тамирчдаас наадамд оролцох тухай 56 өргөдөл хүлээн авсан байна. Тэдний өргөдлийг авч хэлэлцсэний дүнд энэ оны зургаадугаар сарын 8-нд Томас Бах Токио-2020 олимпод оролцох 11 орны 29 тамирчны нэрийг зарласан юм. Үүнд Афганистан, Венесуэл, Ардчилсан Конго, Эритрей, Иран, Ирак, Камерун, Конго, Сири, Судан болон Өмнөд Суданы тамирчид багтсан байлаа. 

“Олимпын хөдөлгөөний нэрийн өмнөөс мэдэгдэж байна. Бид та бүгдтэй биечлэн уулзаж, Токиод хэрхэн өрсөлдөхийг тань харахыг тэсэн ядан хүлээж байна. Та бүгдийн оролцоо дэлхий дахинд өгч буй эв санааны нэгдэл, тэсвэр тэвчээр, итгэл найдварын асар хүчтэй илгээлт юм” гэж Томас Бах дүрвэгсдийн багийн онлайн танилцуулга дээр мэдэгдэв.

Тамирчид усанд сэлэлт, хөнгөн атлетик, агаарын теннис, бокс, дугуйн спорт, сэлүүрт завь, жүдо, таэквондо, каратэ, буудлага, хүндийг өргөлт, чөлөөт бөх зэрэг 12 төрөлд өрсөлдөж байна.

Багийн гишүүн Сирийн усанд сэлэгч Юсра Мардини 18 насандаа Эгейн тэнгисийг жижигхэн завиар гаталж байсан бол буухиа гүйлтийн тамирчин Тахловини Габриэсос /Эритрей/ 12 насандаа дайнаас зугтаан элсэн цөлийг явган туулсан бол Афганистаны дугуйч Масома Али Зади спортоор хичээллэхийн тулд гэрээсээ оргон, Францад орогнол авч байсан гээд тамирчин бүр өөрийн гэсэн түүхтэй.

Дүрвэгсдийн шигшээ багийг Кенийн гүйгч Тегла Лоруп ахалж байна.

Шигшээ багт багтахын тулд тухайн тамирчин олимпын төрөлд өндөр үзүүлэлттэй байх ёстой бөгөөд НҮБ-ээс нотолсон дүрвэгчийн эрх зүйн байдлын гэрчилгээтэй байх ёстой.

Шигшээ баг Олимпын дүрвэгсдийн багийн нэрээр Олимпын туг, сүлд дуун дор оролцдог байна. Олон улсын олимпын хороо оролцогч бүрт үзүүлсэн амжилтаас нь үл хамааран тэтгэмж олгож, дэмжлэг үзүүлдэг байна.
 

Юсра Мардини

Масома Али Зади

Тахловини Габриэсос

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top