"ЗИНДАА" СЭТГҮҮЛИЙН 2019 ОНЫ 14/514 ДУГААРЫН "ЦЭЦ МАГНАЙ" БУЛАНГААС ОНЦОЛЖ БАЙНА.
Холхорын Оюунчимэг нь Монголын үндэсний сурын харвааны түүхэнд 40 сумнаас 40 оносон одоогоор цорын ганц эмэгтэй харваач бөгөөд 2011-2014 онд улсын их баяр наадмаар эмэгтэйчүүдээс завсаргүй дөрөв дараалан түрүүлж Монгол Улсын Дархан мэргэн харваач цол хүртсэн билээ. Ингэж улсын их баяр наадамд дөрөв дараалан түрүүлсэн харваач Монголд одоогоор байхгүй юм.
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч, Монгол Улсын Дархан мэргэн харваач Холхорын Оюунчимэгтэй ярилцлаа.
- Танай удамд сур харвадаг хүн байсан уу. Хэзээнээс анх харваж эхэлсэн бэ?
-Би Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Төв аймагт 1987 оноос хойш 30 гаруй жил амьдарч байна. Манай удамд харвадаг хүн байгаагүй. Аав маань сайн бууддаг, сайн анчин хүн. Тэр ч бас нөлөөлсөн байх. Ер нь монголчууд бүгдээрээ удамтай харваачид гэж би боддог. Яагаад гэвэл харвах эрдэм цус, ген, уг язгуурт нь байдаг. Би харваанд хүн сургадаг учраас тэр онцлогийг мэдэрдэг. Оролдох юм бол монгол хүн бүр харваж чадна. Ямар ч хүнийг сургаж эхлэхэд маш амархан эвсдэг. “Энэ хүүхдийг яаж сургана даа” гэж бодох үе байдаг ч долоо, арав хоногийн дараа эвсээд л ирдэг. Би өөрөө нэлээд хожуу, 42 настайдаа харваж эхлээд 50 насандаа улсын наадамд анхны түрүүгээ авч байлаа. Түүнээс хойш улсын наадамд 2011-2014 онд дараалан түрүүлсэн. Сурын харваа бол нас хамаардаггүй спорт. Найман наснаас 80 нас хүртэл харваж л байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Цэвээн гуай гэхэд 90 дөхтлөө харвасан. Манай эмэгтэй харваачид дунд 70 нас давсан сайхан харваачид харваад л явж байна. Сур харвахад хүний 72 булчин ажиллаж байдаг гэдэг. Нуруу бөгтийсөн, хөл майжийсан харваач гэж байдаггүй, хүнийг маш сайхан хөгжүүлдэг спорт.
-Ямар мэргэжилтэй билээ. Анх харваач болсон түүх тань сонин санагдлаа?
-Би нөхөртэйгээ хамт Беларусийн Минск хотод Мод боловсруулах үйлдвэрийн технологич инженер мэргэжлээр сургууль төгсөөд Төв аймгийн Мод боловсруулах үйлдвэрт томилогдож ажилласан. Нөхөр Л.Сүхбатын маань аав ээж Төв аймагт байсан. Хань маань уг нь Өвөрхангайн уугуул, Улаанбаатарт төрөөд тав зургаан настай байхад нь аав нь Төв аймагт томилогдож, тэндхийн айл болсон юм билээ. Миний харваач болсон нь ханьтай маань холбоотой. Манай нөхөр эрийн гурван наадмын ядаж нэгийг нь оролдох юмсан гэж таван жил дотроо бодсон байгаа юм. Тэгэж байтал 2003 онд Төв аймагт төвийн бүсийн нум, сумын үзэсгэлэн худалдаа болсон. Тэнд Сэлэнгэ аймгаас Ж.Сүхбаатар мэргэн гэдэг хүн нум сум авч очсоныг хань маань худалдаж аваад анх харваж эхэлсэн. Тэгэхээр нь би зэрэгцээд л ороод явчихсан л даа. Тэгэж л анх эхэлсэн юм. Нөхөр маань ядаж таван жилийн өмнө санаагаа хэлсэн бол би арай эрт харваанд орох байлаа. \инээв\ Анх надад нум сумын эрдэм сургасан Монгол Улсын мэргэн Д.Өлзийбат, Монгол Улсын мэргэн Б.Батжаргал багш нартаа баярладаг.
Би өөрөө нэлээд хожуу, 42 настайдаа харваж эхлээд 50 насандаа улсын наадамд анхны түрүүгээ авч байлаа. Түүнээс хойш улсын наадамд 2011-2014 онд дараалан түрүүлсэн.
-Гэхдээ хоцорсонгүй, том амжилт гаргасан байна.
-Тэгсэн, нэг их хоцроогүй. Ямар ч гэсэн үндэсний сурын спортын хамгийн дээд цол болох Дархан мэргэн цолонд хүрсэн. Нас хамаардаггүй спорт учраас дахиад ч түрүүлэхийг үгүйсгэхгүй.
-Анх нум сум авч таныг “уруу татсан” нөхөр тань харваач болсон уу. Хүүхдүүдээс тань харваач төрөв үү?
-“Уруу татсан” хүн маань Монгол Улсын гоц харваач цол хүртсэн. 2008 онд улсын наадмын сурын харваанд гуравдугаар байрт орж энэ цолонд хүрсэн. Хүү С.Өлзийсайхан маань 2007 онд идэр мэргэн цол хүртэж, 2014 оны улсын наадамд гуравдугаар байрт орж аавтайгаа адилхан Монгол Улсын гоц харваач болсон. Охин С.Өлзийжаргал биднээс найман жилийн дараа харваанд орж, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн болсон. Ирээдүйтэй сайн харваач болно гэж боддог. Манай бэр бас харваж эхэлж байна. Зээ хүү найм хүрээгүй байхдаа харваж эхлээд бага насны хүүхдүүдийн тэмцээнд түрүүлж байсан. Ингээд нөхрийн маань үзэсгэлэн худалдаанаас авсан нум гэр бүлээр маань харваач болгосон доо.
Нэг сонин тохиолдол байдаг юм. Үндэсний сурыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд зарлиг гаргаж, зарлиг гардуулахаар Төв аймагт очиход нь би яагаад ч юм яваад хүрсэн. Олон мэргэчүүд тэр үед очсон байсан, тухайн үед би нэгийг нь ч таньдаггүй байж. Тэгсэн ч хамт зургаа авахуулчихсан нь хожим их бэлгэшээлтэй санагдаж байлаа. Харвах ёстой, уулзах ёстой, хийх учиртай л ажил байж гэж боддог. Миний гаргасан амжилт дан ганц миний сайных биш юм. Ар гэрийнхэн, олон сайхан харваачид, өрсөлдөгчдийн минь ач буян. Харваачид бие биедээ их тусалж дэмждэг, сайхан хүмүүс байдаг. Адилхан оноотой өрсөлдөгчид ч гэлээ “Оно” гэж уухайлдаг. “Алд” гэж хэлдэг харваач байхгүй. Хүний ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ гэдэг. Шавь нартаа ч хэлдэг. “Та нар чадлаараа л оно. Та нар хэд онох нь та нарынх. Бусад хүн хэд онох нь бас тэд нарынх. Хүнийг алд, дут гэж ерөөсөө хэлж болохгүй шүү” гэж захидаг.
-Та хэзээнээс шавь бэлтгэж эхэлсэн бэ?
-Би 2006 онд спортын мастерын болзол хангаж, тэр жилээсээ шавь бэлтгэж эхэлсэн. Алдартай олон харваач шавьтай. Эхнийх нь Монгол Улсын мэргэн Г.Батзаяа гэж байна. Идэр мэргэн гурав бий. Спортын мастер их олон байгаа. Төв аймагт “Зуун мэргэн” гэсэн үндэсний сурын холбоо байдаг. Тэнд би нарийн бичгийн дарга, дасгалжуулагч хийдэг. Төв аймгийг ямар ч гэсэн зуун мэргэн харваачтай болгох гээд л үзээд байна. Харваачийн тоо зуу хүрэх нь хүрсэн. Гол нь зүгээр нэг харваач биш, мэргэн байх учиртай. \инээв\ Судалгааны ажил хийж үзэхсэн гэж боддог ч ажлаа хийнэ, шавь нар бэлтгэнэ, тэгээд өөрөө харваж байгаа учраас тун завгүй байдаг. Уг нь анх харваанд орсон цагаасаа л харваачдын талаар уншиж, үзэж судалж байсан л даа.
-Шавь нараа сонгох шалгуур гэж бий юү?
-Өөрөө сэтгэлээ гаргаад, хүсч ирсэн хүмүүсийг авдаг. Зорьж ирсэн хүн л зорилгод хүрч чаддаг. Харваж сурсан хүүхэд их тайван, цэгцтэй болдог. Алдаж харвахаараа уйлаад тийчлээд байдаг бол харваач болж чадахгүй. Холоос ирсэн шавь нараа гэртээ байлгана. Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий аймгаас шавь нар ирнэ. Төв аймгаас дийлэнх нь бий. Зарим нь хадаг, сүү барьж ирнэ. Зарим нь шууд хүрээд ирнэ. Нумаа татаж дийлдэг болохоор нь сум тогтоож сургана. Тэгээд харвуулж сургана. Сайн хүүхэд бол эхний жилээсээ амжилт гаргана шүү. Харваач болсноор хүүхдийн бие даах чадвар нь нэмэгддэг. Зорилготой, хатуужилтай болдог. Тиймдээ ч олон хүүхэд, залуусыг сургахыг хүсдэг.
Би шавь нараараа их бахархдаг. Амжилт гаргахад нь их хөөрч догдолно. Өөрөө түрүүлэхдээ уйлдаггүй мөртлөө шавь нараа түрүүлэхэд нулимсаа барьж чаддаггүй. Өөрөөсөө илүү их баярладаг. Миний ажлын бас нэг үр дүн гарч байгаа болоод ч тэр үү.
-Анх Төв цэнгэлдэхэд харваж эхлэхэд их догдолж байв уу?
-Харваж эхэлснээсээ хоёр жилийн дараа, 2005 онд Төв цэнгэлдэхийн зурхайд гарч Улсын наадамдаа анх сум тавьсан. Монгол хүн нум сумаа агсаад гарахад өөрийн эрхгүй огшдог. Хийморьтой сайхан спорт шүү. Сэтгэл хөөрөөд хачин сайхан байсан. Нэг харваад эхэлсэн хүн хэзээ ч орхиж чаддаггүй. Сэтгэл зүрхэнд үргэлж хадаастай явдаг. Харваач болсноор хүн өөрийгөө цоо шинээр нээдэг. Сурын харваа өөр шинэ Оюунчимэгийг нээсэн гэж би боддог. Үүндээ би их баярладаг. Харваанд ороогүй бол ажлаа хийгээд л, бахь байдгаараа л сууж байх байсан биз. Одоо бол сурын харваа миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Бараг ихэнх цагаа л зарцуулж байна.
Улсын наадамд 2011 онд анх 40 сумнаас 33 онож түрүүлсэн. Эхэлж оноо тэнцээд товхолж, гурав ухарч харваад анхны түрүүгээ авч байлаа. Оноо тэнцэх юм бол хойшоо метр метрээр ухарч харвадаг. Бай тэр хэрээр холдож байна гэсэн үг. 2012 онд ч ялгаагүй дөрөв ухарч харваад түрүүлсэн. 2013 онд шууд товхгүй түрүүлсэн. Товхгүй түрүүлж болдог юм байна гэж тэгэхэд бодож байсан.
-Сурын харваа маш их мэдрэмж шаарддаг байх. Юуг хамгийн их анхаардаг вэ?
-Нумынхаа хүч чадалд тааруулж хараагаа олно. Нум сумыг байгалийн гаралтай зүйлээр хийдэг тул цаг агаар дагаж байнга хувирдаг. Мэдрэмж их хэрэгтэй. Нумаа сайн мэдрээд бэлтгэлээ сайн хийсэн байхад ямар ч үед эвийг нь олж болдог. Сэтгэл тогтуун байх ёстой. Хийж байгаа ажил маань болохоор тэгэж их сандардаггүй.
Харваачид яг малчид шиг өглөө босоод л тэнгэр харж, цаг агаар шинжинэ шүү дээ. Халуун нартай өдөр нум маш зөөлөн болж хараанд их том өөрчлөлт орно. Салхи ихтэй өдөр салхиныхаа хурдад тохируулаад хаана барьж харвахад сум хаашаа хийсч хасаанд буух вэ гэдгийг тооцно. Бороотой үед нум чангарна. Сум хүндэрнэ. Мэдэрдэг өд нь норно. Өнгөрсөн жилийн наадмаар их бороотой, хэцүү байсан. Өвөл бол эвэр нум тас хөлдөж хугарах аюултай, зөөлөн пластмассан нумаар харвана. Тамирчин хүнийг гэмтэл тойрдоггүй гэгчээр би нэг хэсэг гэмтэлтэй байлаа. Өдөн дотроо сум хугарч сөрдийснийг анзааралгүй харваад хуруу гэмтэж нугарахгүй, атгаж болохгүй болсон. Эрхий хуруугаар татдаг болохоор хумс их гэмтэнэ. 2013 онд сум алдаж гарын шууныхаа савх ясыг хугалж байсан. Яс хугарснаа ч мэдэлгүй, мах тасрахад ингэж их өвддөг юм байх даа гэж бодоод л шүдээ зууж харвасаар байгаад Өвөрхангайн наадамд 40 сумаа гүйцээж хоёрдугаар байрт орж байлаа. Бүр сүүлд 11 дүгээр сард зураг авахуулаад яс хугарснаа мэдсэн. Хэдий гэмтэлтэй байсан ч 2014 онд улсад дөрөв дэх түрүүгээ авсан.
-Дөчин сумнаас дөч оносон наадам тань хэзээнийх вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төвийн бүсийн чуулга харваа 2014 оны наймдугаар сарын 23-24-нд болсон. Тэнд би 40 сумнаас 40 оносон. Одоогоор ингэж 40 оносон өөр эмэгтэй байхгүй. Эрэгтэйгээс ийм амжилттай хоёр харваач бий. Ш.Даваахүү мэргэн, Л.Отгонбаяр хоёр. Л.Отгонбаяр бид хоёр хамтдаа гурван удаа түрүүлж байсан, бас л энэ цагийн сайн харваач. Уугуул нутаг Ховд аймгийн Булган сумынхан нь Л.Отгонбаяр мэргэндээ хүндэтгэл үзүүлж өнгөрсөн жил наадам хийсэн. Л. Отгонбаярыгаа хүндэтгэж түүнд нь би отго харваагаа таслан байж очиж харваад түрүүлсэн.
-Олон улсын тэмцээнд олон удаа явж харвасан уу?
-БНСУ руу олон улсын зэвт сумын тэмцээнд дөрвөн удаа явж, бүгдэд нь медальтай ирсэн. Тэр тэмцээнд долоон улсын байн дээр зэвтэй, зоогддог сумаар харваж өрсөлддөг. Байнуудын нийлбэр дүнгээр байр эзлүүлдэг. Бай бүрийн зай өөр. АНУ-ын бай хамгийн ойрхон. Унгарын бай 30 метрт, Туркийн бай 40 метрт, тэгээд 50 метрт Хятадын, 60 метрт Японы бай гээд 75 метрт Монголын, 90 метрт Солонгосын бай байрласан байдаг. Би 2012 онд дэлхийн аварга болсон. 2013, 2014 онд гуравт, 2015 онд хоёрдугаар байрт орсон. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Малайзад болсон олон улсын тэмцээнд хоёрт орсон. Олон улсын тэмцээнд бас 3D бай гэж амьтны дүрстэй байнд харвуулдаг. Малайзын тэмцээнд модон дундуур явж амьтны дүрстэй жижигхэн бай харваж байсан. Саран байнд манайхан мөн сайн харваж байгаа. Турк, Бразиль, Унгар руу манайхан явж харвадаг. Манай монголчууд газар оронд амархан зохицдог, хаашаа ч явсан амжилт гаргадаг. Гэхдээ Монголоо их санана аа, долоо хоноод л харихсан гэж боддог. Шороотой ч гэсэн Монголын минь салхи сайхан. Тэгээд бодохоор бид азтай, Монголд төрсөндөө их баярладаг. Өвөг дээдсийнхээ үлдээсэн гайхалтай сайхан нутгаараа үргэлж бахархаж явдаг.
-Хөдөөгүүр бас их явдаг уу?
-Их явна аа. Наадмаас хойш бол бараг гэрийн бараа харахгүй. Өнгөрсөн жил гэхэд зүүн тийшээ Дорнод аймаг, Чойбалсан, баруун тийш Алтайн нуруу давж Ховдын Булган сум орж харвасан, Баянхонгор, Говь-Алтайд очсон, хойшоо, урагшаа зөндөө явсан. Хагас бүтэн сайнаар дандаа тэмцээндээ явна. Хөдөө гадаа явахдаа тэр газрын уул усанд шүтэж, сүү, цайныхаа дээжийг өргөж, догшин газар ч байж мэдэх учраас дандаа гуйж аргадаж харвадаг. Өглөө бүхэн мөнх хөх тэнгэр, газар дэлхий, хань ижил, үр хүүхэд, олон түмэндээ талархаж байгаагаа дотроо хэлдэг дээ. Чадал хүрвэл аль болохоор бусдад туслахыг хичээдэг.
-Үндэсний спортынхон ер нь ёс жудгаа их дээдэлдэг шүү дээ?
-Анх намайг 2003 онд орж ирж байхад харваачид харьцангуй цөөн, настай хүмүүс олон байсан. Нэг нэгнээ их хүндэлнэ. Удам судраар нь мэднэ. Их тусалж дэмжинэ. Ингэж тэгэж харва гэж зөвлөнө. Тэр их сайхан санагддаг байлаа. Одоо харваачид олширч, өмнөх сайхан зан чанар бага багаар алга болж байгаад сэтгэл жаахан зовнидог. Тэгэхээр багш нар нь шавь нартаа уламжлалаа сайн өвлүүлэх хэрэгтэй юм. Харваач хүнд муу юм бодох зав зай байдаггүй гэж хэлж болно.
Сэтгэл, зүрхээ удирдаж, гэгээлэг зүйл бодож, тэр бүү хэл муу үг хэлэх ч эрх бидэнд байдаггүй. Нум сум нэг ёсондоо гэгээрэлд хүргэдэг гэж боддог шүү.
-Харвааг хамгийн шударга наадам гэж боддог. Харваач хүнд худлаа харваж, хуурамч ононо гэж байхгүй биз?
-Харваанд ямар ч найраа байхгүй. Үүнд би их баярладаг. Хамгийн цэвэр спортод орно. Уухайн дуу сонсоход сэтгэл уужраад нэг их сайхан болдог. Багийн харваа бас их гоё. Дараа нь уухайн дуу хэд хоног чихнээс салдаггүй. Гантай газар очоод хоёр гурав хоног уухайлахад бороо орж ган тайлж байхыг ч харсан. Монгол хүн тэнгэртэйгээ уухайн дуугаараа холбогддог юм байна гэж ухаарсан.
-Багадаа өөр төрлийн спорт сонирхож байсан уу?
-Би таван настайгаасаа эхлээд арав шахам жил хурдан морь унасан. Тэндээс л баяр наадамтай холбогдож эхэлсэн дээ. Аав маань морь уядаг, хурдан морьдтой байсан. Би болохоор “Миний нэрэмжит” нэг сайхан хурдан хээр морьтой, шүдлэн цагаасаа Дадал сумынхаа наадамд нэг ч удаа магнайдаа тоос хүргээгүй, шороонд оролгүй дандаа түрүүлдэг байлаа. Их өвөрмөц галбиртай, нуруу нь гуалин шиг бөөрөнхий, эмээл тогтохгүй, нуруун дээр нь тогтоход амаргүй тийм морь. Сүүлийн хэдэн жил дандаа зайдан унасан.
Дорнодын Баян-Уул сумын Эрээний Модны үйлдвэрийн 20 жилийн ой гэж болсон юм. Өмнө нь 10 жилийн ойгоор нь миний аав хоёр морьтой очоод түрүү, аман хүзүүг нь авсан юм гэнэ лээ. 20 жилийн ойгоор нь би хээр морьтойгоо очсон. Уралдаж яваад барианы газар хаяанд шахуу тулаад байтал гэнэт хээр морь минь явахаа больчихоод барианд алхуулж орж ирсэн. Өөр нэг соёолон маань хоёрт орсон. Орой бид хэд Эрээний үйлдвэрээс нэлээд зайтай очиж тэндээ хоносон юм. Гэтэл маргааш өглөө нь хээр морь маань олдсонгүй. Хайгаад байтал морь минь сумын төв ороод наадмын талбайд нь үхчихсэн байсан. Түүний дараа сумынхаа наадамд нэг удаа уралдаад, түүнээс хойш хурдны морь унаагүй.
-Монголчууд эрт үеэс ямар ямар нум сум хэрэглэж байсан бол, судалж үзсэн үү?
-Дайн байлдаанд олон янзын нум сум хэрэглэж байсан гэж уншиж байсан. Холын зайд төмөр хольцтой чанга нумаар харвадаг байж. Ойрын зайд харвадаг бас өөр нумтай, сум нь ч өөр өөр байсан байгаа юм. Би бол монголчууд дэлхийг төвхнүүлсэн гэж ойлгодог. Чингис хаан дэлхийг төвхнүүлж, гүрэн улсуудыг байгуулж, хүний үнэ цэнийг гаргаж ирсэн. Боолын нийгэм явуургүй болж, дэлхийн хөгжил цаашдаа явах боломжгүй болж байсан үед Чингисийн Монгол гарч ирж, хүн төрөлхтний хөгжлийг шинэ шатанд гаргасан гэж би хувьдаа боддог.
-Монголын түүх бол монгол цэргийн түүх гэдэг. Монгол цэргийн түүх бас харваачдын түүх биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Монголчууд морины хурд, нум сумын идээр дэлхийг төвхнүүлсэн. Тэр үед яагаад мэргэжлийн цэрэгтэй байсан бэ гэвэл хүүхдийг бага балчир наснаас нь харваанд сургадаг, хавчаахай нумаар тоглож өсдөг байж. Гурван нас хүртэл нь сурын харваа үзүүлж, тэр баатар шиг, тэр мэргэн шиг болно гэсэн мөрөөдөлтэй болгодог. Гурван нас өнгөрмөгц хавчаахай нум хийж өгч тоглуулна. 15-16 хүрээд ирэхээр бүр зүгшрээд, 18 хүрээд мэргэжлийн цэрэг болдог байсан байгаа юм. Багаасаа барилдаж өсдөг учраас чийрэг, моринд гарамгай, мэргэн харвадаг хүмүүс чинь дэлхийг төвхнүүлэх нь аргагүй. Би бас Эзэн Чингис хааны унасан газар Дадал суманд төрсөндөө их бахархдаг. Байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй.
-Буриад зоны ажилсаг чанар таны амжилтад бас нөлөөлсөн байх даа?
-Буриад зон маш их ажилсаг. Өвдгөөр тулсан цастай ч байсан манайхан зуд боллоо гэж ярьдаггүй. Намар хадлан тэжээлээ хангалттай бэлтгэчихнэ. Өвөл хэрэглэх төмс, ногоогоо тариад авчихна. Талхаа барьчихна. Зөөхий цөцгийгөө хураачихна. Дүнзэн байшингаа бариад суучихна. Ажилсаг ард түмэн болохоор хүний гар харж зүгээр сууна гэж байхгүй. Арга ядвал ан гөрөө хийчихнэ. Буриад эмэгтэйчүүд эрчүүдээ их дээдэлнэ. Аав, ах, нөхрөө хүндэтгэж, малгай, бүсийг нь дээш тавихаас өгсүүлээд дандаа дээд талдаа суулгана. Одоо ч тэр уламжлал хэвээрээ. Эр хүн гэдэг тэр айлын ноён нуруу. Ноён нуруу нь бат бэх байж айлын амьдрал өнгөтэй, өөдтэй явна. Түүнийг бүсгүйчүүд хатан ухаанаар зохицуулна.
Миний ээж намайг дөрөвдүгээр ангид байхад өөд болсон. Би 14 хүүхэдтэй айлын дундах нь. Дороо долоон дүүтэй. Малчин айлын хүүхэд дөрөв таван настайгаасаа л унтах завгүй ажилтай болдог. Хар үүрээр босно. Дөрөв таван настайгаасаа л үнээ саахад тусалж тугал гаргаж өгдөг болно. Хоёрдугаар ангиасаа арван үнээний нормтой саальчин болсон. Үнээ саахад гар хуруу, булчин хөгждөг нь хожим харваач болоход бас нөлөөлсөн байх. Ажилсаг чанар хар багаас тогтдог болохоор тэгэж өссөн хүүхэд их тууштай, хариуцлагатай, хатуужилтай болдог. Юу ч хийсэн үнэн сэтгэлээ зориулж хийдэг. Тэр бүхэн миний амжилтад бас их нөлөөлсөн.
-Нум сумаа яаж хийлгэдэг вэ?
-Нум сум хийдэг хүмүүс бий. Нэг хэсэг цөөрсөн ч сүүлийн үед олширч байгаа. Монгол нум сумыг их урт хугацаанд хийдэг. Бараг бүтэн жил орно. Дээр үед нумын өвөр талыг янгирын эврээр хийдэг байсан. Тийм учраас эвэр нум гэж нэрлэдэг. Одоо бол янгирын эвэр ховор учир урдаас үхрийн эвэр, янз бүрийн зүйл оруулж ирдэг болсон. Дунд нь мод орно. Ар талд нь бод малын шөрмөс зулж наана. Наадаг цавуу нь тусгай найрлагатай. Загасны цавуу их сайн болдог. Герман цавуугаар ч наана. Нумын хөвчийг өөрсдөө сунадаг утсаар ороож хийдэг байсан. Сүүлд Хятад, Солонгосоос материал оруулж ирдэг болсон. Сумны булцууг дээхэн бол хэм багатай, цул гэж хандгайн эврээр хийдэг байж. Одоо бол өөр материал ашиглаж хийдэг болсон.
Сумны үүсгүүрийг хус модоор хийнэ. Хуучин цагт суманд тас шувууны өд наадаг байсан, сүүлийн үед цацагт хяруулын өд, янз бүрийн өд гаднаас оруулж ирдэг болсон. Сайн эвэр нум бол 30-40 жилийн эдэлгээ даана. Тааруу нь хэдхэн сард эвдэрнэ. Харваачийн зөв, буруу эдлэхээс их шалтгаалдаг даа.
-Бөхчүүд онигоо ихтэй шүү дээ. Сурынхны хөгжилтэй тохиолдлууд байдаг биз?
-Байлгүй яах вэ. Багш нь шинэ шавьдаа эвшээлгээд харваарай гэж гэнэ л дээ. Харвахын өмнө сумаа жигдхэн шидүүлэхийн тулд нумынхаа хөвчийг татаж эвшээлгэж ирийг нь дардаг шүү дээ. Тэгсэн залуу харваач маань байшин тойрч өөрөө баахан эвшээж яваад ирээд харватал оночихож. Тэгээд “Эвшээх чинь нээрээ тустай юм байна шүү” гэсэн гэдэг. Нумаа эвшээлгэ гэсэн чинь өөрөө эвшээгээд байдаг. \инээв\
-Төрийн ордон дахь Монгол Төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд нум сум байдаг. Цагаан сарын шинийн нэгний өглөө Ерөнхийлөгч нум эвшээлгэдэг. Гаднын зочид орж ирээд нум сумыг “Энэ юу вэ” гэж сонирхож асууж байдаг. Ерөнхийлөгчийн гэр өргөөнд эрийн гурван наадмын эд зүйлсээс нум сум байдаг нь их хүндэтгэсэн хэрэг юм болов уу. Бас Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч заавал сурын талбайд очиж сум тавьж цэц мэргэнээ үздэг заншилтай шүү дээ?
-Хүндтэй зүйл л дээ. Эрийн гурван наадам дотроос сурын харвааг хамгийн сүүлд хэлээд байдаг. Миний бодоход хамгийн эхэнд ч баймаар санагддаг. Сум мэргэн байвал улсын бодлого нь мэргэн гэдэг. Тиймдээ ч Ерөнхийлөгч биечлэн сурын талбайд очиж нум сум харвадаг. Наадам сурын харваагаар эхэлдэг шүү дээ. Монгол наадам урианхай сурын харваагаар долдугаар сарын 6-нд эхэлж, 8-нд буриад сур, 9-нд хүүхдийн харваа, 10-наас эхлэн их сур буюу халх сураар гурван өдөр үргэлжилдэг. Ингэж олон хоног дараалан үргэлжилдэг болохоор их тэсвэр шаардана. Алтан шар зурхай дээрээ наадмаар гараад зогсоход өөрийн эрхгүй огшино шүү дээ. Жагсаж гарч ирээд зогсоол дээрээ зогсоход сайхан шүү. Эмэгтэй харваачид бас маш гоё.
-Эмэгтэйчүүд улсын наадамд хэдэн оноос харваж эхэлсэн юм бол?
-Эмэгтэйчүүд 1958 оны үеэс харваж эхэлсэн юм шиг байна лээ. Эрийн гурван наадам бол ер нь эр бярын өрсөлдөөн байгаа юм. Энэ утгаараа эмэгтэйчүүд улсын баяр наадмын сурын талбайд өрсөлддөг болсон. Ерөөсөө ч Их Монгол Улсыг байгуулахад эмэгтэйчүүдийн үүрэг их байсан шүү дээ. Чингис хааны стратегийн гол газруудын үндсэн бааз суурь охид нь байсан. Гол газрууддаа охидоо бэр болгон илгээж хяналтаа тогтоодог, бодлогоо бариулдаг байсан. Эрт цагт нум сумын эрдэмд гарамгай эмэгтэйчүүд их байсан байдаг. Хожим Манжийн бодлогоор л арга, билгийг салгаж, эмэгтэйчүүдийг энэ бүхнээс холдуулсан байх.
-Нэг саваагүй зүйл асууя. Халх, буриад сураар бүсгүйчүүд харвадаг. Урианхай сураар яагаад эмэгтэйчүүд харвадаггүй юм бол?
-Урианхайчуудын ёс заншил юм л даа. Түүнээс биш болохгүй юм байхгүй. Харваж үзэж байсан. Болдог л юм. Адилхан л харвана, адилхан л ононо. Миний нэг шавь бүсгүй Борнуурт урианхай сураар харваад түрүүлж байсан. Ер нь бол эрэгтэй, эмэгтэйгүй харваа хөөгөөд явчихаар ар талын гэр орон, сүү сааль, үр хүүхдээ хүмүүжүүлэх ажил цалгардана гэж үздэг тал бий байх. Бас эрчүүдээ хүндлэх дээдлэх ёс ч хамаардаг байж таарна.
-Гадаадынхан монгол үндэсний сур сонирхдог уу?
-Сонирхоно оо. Америкаас ирж сонирхдог ч хүн байна. Өвөрмонголд үндэсний сурын харваа их хөгжиж байгаа. Бай шагнал ч өндөр. Манайхан явж их оролцдог болсон. Би тэр жил Ордост болсон нэг наадамд бэлтгэлгүй шахам, нум сумаа ч базаалгүй очоод саран байнд харваж, ямар ч гэсэн шилдэг харваачдынх нь дотор багтаж байсан. Анх удаа саран бай харваж үзсэн нь тэр. Ойр зайд зөөлөн нумаар харвадаг байтал бид холын зайны чанга нумтайгаа очиж харвасан. Одоо бол манайхан өвлийн цагт саран бай харвадаг болоод байгаа.
-Ингэхэд та аль спорт хороонд харьяалагддаг билээ?
-Надад харьяалсан спорт хороо гэж байхгүй. Чингис хааны дэлхийн академийн харваач гэж явдаг. Төрийн бус, ашгийн бус оюуны байгууллага. Өөр ямар нэг байгууллага, компанийн нэрээр нэг ч удаа зарлуулж үзээгүй.
-Нэг үе сумдын наадам сургүй, бөх, морь гээд эрийн хоёр наадамтай болчихсон байсан. Сүүлийн үед харваачидтай болж байгаа юу?
-Одоо ч ихэнх сум тийм байгаа. Социализмын үед айлуудад байсан хамаг нумыг тайруулаад морины хусуур хийлгэж байсан байдаг. Гаднын том гүрнүүдийн бодлого орсон байх л даа. Бүгдээрээ харвадаг хэвээрээ байвал яана ч гэсэн юм. Нум сум хүртэл ингэж хэлмэгдсэн. Харваач цөөрч эрийн хоёр наадам болчихсоны учир ч бараг энэ байх. Одоо ч гэсэн “Дээр үеийн нум байна. Авч хусуур хийвэл хийгээрэй” гэсэн хүн тааралддаг. Юу ч гэсэн үг юм. Бараг дээшээ тавьж дээдлэх ёстой баймаар... Би сумын наадамд шавь нараа харвуулж бахархах дуртай. Нутагт нь тэднийгээ түрүүлүүлэх санаатай. Сурчидтай болъё гэвэл ерөнхий боловсролын сургуульд, цэргийн албанд анхнаас нь хичээл оруулах ёстой гэж боддог. Улсдаа хэрэгтэй хүн хүмүүжүүлэхэд ч хэрэгтэй.
Францад оюутнуудаас биеийн тамирын хичээл дээр харваагаар шалгалт авдаг юм байна. Манай охин тэнд нэг жил мэргэжил дээшлүүлсэн. Тэгэхэд харвуулж шалгалт авсан, эндээ харваж байсан болохоор гайгүй өгсөн гэж байсан. Үүнийг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
-Үндэсний сурын цаашдын ирээдүй ямар байгаа вэ?
-Үндэсний сур хамгийн шударга хөгжиж байгаа, цаашдаа эрийн гурван наадмаа манлайлах байх гэж боддог. Залуу харваачид монгол ёс жаягаа сайн судалж, өөрийгөө хөгжүүлж, гэгээрүүлж байж л амжилтад хүрнэ. Эртний ёсоор үхрийн шир тэлж хийсэн тэлүүр байнд хол, ойроос харвадаг тэмцээнүүд хийж байгаа. Үүнийг хөгжүүлдэг Уламжлалт сурын холбоо гэж бий. Олон сайхан залуучууд сурын спортод орж ирж, оноо ч өндөр болж байгаад баярладаг. Олуулаа болж байж өрсөлдөөн ихэснэ, олон санаа бодол гарна. Өнгөрсөн жил Говь-Алтай аймаг 1000 харваач гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд Эрээн нуурын дэнж дээр наадам зохион байгуулсан. Бас н.Дашзэгвэ мэргэндээ том хүндэтгэл үзүүлсэн. Аймаг бүр тэгэж чадвал үндэсний сур хөгжинө.
Одоо сурын харваагаар Дорнод аймаг тэргүүлдэг. Баян-Уул сум гэхэд дангаараа 23 мэргэнтэй. Эрээний модны үйлдвэрийнхэн дээр үед ажлаа тараад л харвацгаадаг байж. Түүн дээр суурилж олон мэргэнтэй болсон. Завхан, Орхон аймаг олон мэргэнтэй. Ер нь үндэсний сур хөгжих шатандаа орж байна. Их ирээдүй бий гэж итгэдэг шүү.
-За баярлалаа. Хараа хурц, оноо мэргэн байг.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 2 )