“Монголын Үндэсний сурын холбоо” гэх их айл анх “Сурын товчоо” нэрээр гал голомтоо бадраагаад өдгөө 80 орчим жилтэйгээ золгож байна. 2003 оноос МҮСХ, сурчдаас гаргасан санаачилгыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 оны 10-р сарын 11-нд ҮСХ-г хөгжүүлэх тухай /№133- р/ зарлиг буулгасан нь үндэсний сурын харвааны хөгжилд шинэ өрнөлтийн үе эхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд манай орны иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, төр засгийн удирдах албан тушаалтнуудын үндэсний сурын харваанд хандах хандлагад эрс өөрчлөлт орж, сурын харвааг улс орон даяар эрчимтэй дэлгэрүүлэн хөгжүүлж буй билээ. Монголын Үндэсний сурын холбоо 2014 онд 15 дугаар чуулганаа хийж, ерөнхийлөгчөөрөө “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайваныг сонгож, Ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Хүрэлбаатарыг улираан сонгожээ. Ингээд сурын холбооны үйл ажиллагаа, үүсэл хөгжил, ирээдүйн замналын тухай МҮСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, спортын дэд мастер Б.Хүрэлбаатарыг “Зиндаа” сэтгүүлийнхээ №09/509 дугаарын “Цэц магнай” булангийн хойморт урин заллаа.
-“Цэц магнай” булангийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Үндэсний сурын хөгжил болоод ирээдүйн төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хоёулаа ярилцлагаа сурын холбооны үүсэл хөгжил, үүх түүхийн талаар эхлүүлье?
-Та бүхэндээ баярлалаа. Би Монголын Үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Манай холбооны үүсгэн байгуулагдсан цаг 1940 он гэж үздэг. “Сурын товчоо”- ны анхны даргаар Монгол Улсын мэргэн Намсрай гэж хүн ажиллаж байсан гэдэг. Бид 2017 оноос эхлээд БСШУС-ын яам, Шинжлэх ухаан, технологийн сантайгаа хамтраад үндэсний сурынхаа үүх түүхийг мэдье гээд архивын баримт бичиг цуглуулж эхэлсэн. Судалгааны ажлын явцад манай сурын холбоо 1940 оноос өмнө байгуулагдсан гэх баримтууд гарч ирж байгаа. Одоогоор яг эцэслэн шийдэгдээгүй, судалгааныхаа явцад л явж байна.
-Тухайлбал, ямар баримт олдож байна вэ?
-1939 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Биеийн тамирын зөвлөлийн даргын гаргасан тушаал байгаа юм. Тэрхүү тушаал дээр “Сурын бүлгэм”- ийн ажил сул, дутагдалтай байгаа учраас дарга, тэвэгч нарыг халах гэсэн байгаа. Эндээс харахад хуучин ажиллаж байсан Нямхүүгийн оронд жинхэнэ эрхлэгч нөхөр Төмөдийг зургаадугаар сарын 26-аас эхлээд томилсон байгаа юм. Ингэхээр сурын холбооны маань үүсэл 1937, 1938 он руу орчихож байна гэсэн үг. Тиймээс бид судалгаан дээрээ маш сайн анхаарч ажиллаж байна. Манай сурын холбоо олон жилийн нүүрийг үзэж байгаа л даа. Ахмадууд маань холбооныхоо төлөө их зүйлийг хийсэн. Мөн сурын холбооныхоо хуучин дүрмийг судалж үзсэн. Архивт суугаад, энэ талын мэдээллүүдийг цуглуулсан. Олдож байгаа ганц нэг мэдээллээсээ сонирхуулахад, Бадаргуулт төрийн хоёрдугаар онд гарсан Харвааны дүрэм гэж байгаа юм. Энэ дүрэмд сурын харваа болон бөмбөр нүдэх харвааны удирдамж гарч ирсэн. Энэхүү дүрмийг эх бичгээс нь хөрвүүлээд үзэхээр хуучин дүрмийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа юм. Бадаргуулт төр маань 1875 оноос эхэлдэг юм байна. Тэгэхээр Бадаргуулт төрийн хоёрдугаар он гэхээр 1876 онд гарсан, сур харвах, бөмбөг намнах ийм дүрэм гарч ирлээ л дээ. Тэгэхээр манай сурын холбоо бүр эртнийх төдийгүй, мөн дүрэмтэй байсан гэдэг нь гарч ирж байгаа юм.
-Хамгийн сонирхолтой баримт гэвэл?
-Нэгэн зарлигийн бичиг олдсон. Энэ зарлиг болохоор Олноо өргөгдсөний дөрөвдүгээр оны дөрөвдүгээр сарын 20-нд гарсан байгаа юм. Энэ зарлигт “аливаа хүмүүн нар шагай, сур харвахыг үүрд цаазлан, басхүү сурыг энгийн ард харвахыг зогсоолгохоор айлтган буулгасан зарлигийг хичээнгүйлэн дагаж явуулахаар зохих газруудад нь явуулсан” гэсэн тушаалын бичиг байсан. Энэ талаар судалж үзэхээр, Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он гэдэг маань Богд хаант Монгол улс байгуулагдсанаас хойших буюу 1914 онд гарсан зарлигийн бичиг болж байгаа юм. Үүн дээр шагай харвахыг үүрд цаазлаад, сурын харвааг хэмжээтэй болгож, энгийн цагт сур харвахыг хориглочихсон. Тэгээд наадмын урьд өдөр л бэлтгэл хийж тэмцээнд оролцохоор болгосон байгаа юм. Тухайн үед таван яам гэж байсан, тэрүүгээрээ хэлэлцээд “сурын харваа бол цэрэг эрийн эрдэм учраас үүнийг шууд хорьж болохгүй, тиймээс бэлтгэл сургуулилт хийж наадамд оролцуулж байя” гэсэн үндэслэлээр сурын харваа маань үлдсэн юм билээ. Иймэрхүү сонин, сонин түүхийн баримтууд гарч ирсээр байгаа.
-Наадамд хэр олон харваачид оролцдог байсан юм бол. Энэ тухай баримт олдов уу?
-1911 оны Таван хошуу даншиг наадам гэж болоход сурын харваанд нийт 394 харваач оролцсоноос, 98 харваач нь хорин сумандаа 20 онож түрүүлж байсан түүхэн баримт ч байна. Түүнээс хойш 1912, 1913, 1914 оны наадмаар дандаа 300 гаруй харваач харваж байсан байгаа юм.
Тэгээд Ардын хувьсгалын жилүүд эхэлснээс хойш сурын харваачдын тоо эрс багассан байдаг. Яагаад хорьсон гэхээр, манай монголчууд тухайн үедээ шагай, сур харвахдаа мөрийтэй, бооцоотой тоглоод эхэлсэн юм байна. Түүнээс холдуулж л энэхүү арга хэмжээг авах тушаал гарч байж л дээ. Ер нь эрт дээр үеэсээ эмэгтэй хүнийг сур харвуулж байгаагүй гэж ойлгогдоод байгаа. Тэгээд 1958 оноос эмэгтэй харваачид харваж эхэлсэн түүх байдаг юм.
-Ямар сонин юм?
-Яагаад эмэгтэй харваачид сурын харваанд орж ирсэн бэ гэхээр бас нэгэн сонин үйл явдалтай. 1958 онд БНХАУ-аас дөрвөн харваач ирсний хоёр нь эмэгтэй харваач байж. Тухайн үед манайх эмэгтэй харваач байгаагүй учраас эмэгтэй харваачийг бэлдэж эхэлсэн. Өнөөдөр манай эмэгтэй харваачид үндэсний харваагаар харваад нэг жаран болжээ. Өмнө нь сурын зурхай руу эмэгтэй хүн очихыг цээрлэдэг байсан гэж ярьдаг. Тэгээд 1958 оны дээрх үйл явдлаас болоод эмэгтэй харваачид харвадаг болж, 1959 оноос цол олгож эхэлсэн байдаг. Нөгөө 1958 онд БНХАУ-аас ирсэн дөрвөн харваач Өвөрмонголчууд байсныг би өнгөрсөн жил яваад мэдлээ. Өвөрмонголын Баруун Барга хошуунаас тэр улсууд маань Монгол Улсад очсон байдаг. Их сонин түүх юм болов уу гэж бодож байна.
-Тэгэхээр урьд өмнө нь ч эмэгтэй харваачид байсан л гэсэн үг. Харин танай холбооны үйл ажиллагаа хэр тогтвортой явж ирсэн байдаг вэ?
-Манайх ер нь тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага л даа. 1940 онд Намсрай гуай аваад 19 жил Сурын товчоог тэргүүлж байсан. 1959 оноос манай Эрүүл мэндийн шинжлэх ухааны профессор Балдандорж гуай 1989 он хүртэл нийт 30 жил хариуцаж ажилласан байдаг. 1989-1999 он хүртэл манай Сурын холбооны хүндэт ерөнхийлөгч, үндэсний сураар докторын зэрэг хамгаалсан С.Батхуяг гэж мундаг хүн маань хариуцаж, ажиллуулж байсан. 1999 оноос хойш манай одоогийн ерөнхийлөгч Чимэдийн Энхтайван ажиллаж байна. Дунд нь хоёр жил “Ник” компанийн захирал Давааням гуай ажилласан ийм түүхтэй. Ингээд харахаар манай холбоог удирдаж байсан хүмүүс гарын таван хуруунд л багтахаар байгаа биз.
-Үндэсний сурын харваа бол монгол наадмын нэгэн гол хэсэг. Үндэсний бөх, хурдан морьтой харьцуулах юм бол бага үнэлэгдэж байна гэсэн ойлголт түгээмэл байдаг. Ер нь ямар гол онцлогтой спорт вэ?
-Сурын харваа бол Монголчуудын эртнээс уламжилж ирсэн маш том өв соёл. ЮНЕСКО-д 2010 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Монгол наадам” маань соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн. Сурын спорт маань маш их дэг жаягтай спорт. Манай ард түмэн жаахан буруу ойлгодог. Энэ бол үгүй. Наадмаар түрүүлсэн бөх 15 сая, харваач найман сая, уяач таван сая төгрөг авдаг. Эндээс харахад шоовдорлогдсон зүйл байхгүй байгаа биз. Төр засгаас дандаа дэмждэг. 2003 оны Ерөнхийлөгчийн 133 тоот зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгдөг болсон. Энэ бол төр засгаас харж байгаа, байнгын дэмжиж байгаа ажил. Дээрээс нь манай спорт бол шударга спорт. Хэн дуртай хүн нь хүрч ирээд түрүүлэх боломжгүй. Яагаад гэвэл харваачид маань бүгд өөрсдөө шүүгч хийдэг. Ийм учраас булхай, зальхай гарах нь бага байдаг.
-Үндэсний сурын харвааны хөгжил, ирээдүйн замналын тухай та юу хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд манай үндэсний сурын харваа маш хурдацтай хөгжиж байгаа. 2015 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад 2400- гаад харваач байна гэсэн бол 2017 оны судалгаагаар 3804 харваач байнгын харвадаг гэж гарсан байгаа. Жилээс жилд манай харваачдын тоо нэмэгдэж байна. Хамгийн гол нь хүн болгон орох боломж муу байдаг. Манай Үндэсний сурын харвааны нумыг гараар хийдэг. Монгол Улс даяар нум сум урладаг хориод л хүн байгаа. Энэ хориод хүнээс яг эвэр нум хийдэг нь цөөхөн. Энэ хүмүүс маань нэмээд нэмээд жилдээ 400, 500 нумнаас илүү гарч чадахгүй байгаа юм. Түүнээс биш хүмүүс сонирхохгүй байгаа юм биш л дээ. Маш их сонирхдог.
-Нум сумыг үйлдвэрлэлийн ямар ч шат дамжлагагүй, бүгдийг гараар урладаг байх нь ээ?
-Тийм ээ. Дэлхийн хамгийн том онгоц болох БОИНГ-730-ын далавчийг тогтоосон технологийг гэхэд л монголчуудын нум сумны шөрмөс наах аргаар хийж бүтээсэн гэдэг. Тэр технологио одоо манайхан өөрсдөө мэдэхгүй. Үүнд төр засаг ч анхаарал тавьдаггүй. Энэ нарийн технологио өөрсдөө эзэмшиж, гаднаас хэдэн сая доллар олох бололцоо байна шүү дээ.
-Түүхээ, уламжлалт технологиудаа судалж мэдэх хэрэгтэй юм байна даа?
-Үндэсний өв соёлоо тээж байгаа хүмүүсийг тоодоггүй нь үүн дээр харагддаг. Сурчид харвахаас гадна түүхээ маш их судалдаг хүмүүс. Би бөх, морины түүхийг сайн мэдэхгүй. Гэхдээ монголчууд зөвхөн морио унаад гар хоосон дэлхийг байлдан дагуулаагүй. Манжийн үеэс л булцуут сумаар харваж эхэлсэн мэтээр ойлгож ярих хүн бий. Гэтэл Тэмүүжин, Жамуха хоёр анд барилцахдаа булцуут сумаа солилцсон гэж Монголын Нууц товчоонд өгүүлсэн байдаг шүү дээ.
-Хүүхдийг хэдэн наснаас нь сур харвуулж эхэлбэл тохиромжтой вэ?
-2016 оны наадмаар манай хамгийн залуу харваач нь хоёр нас дөрвөн сартай хүүхэд байсан. Хүүхдийн нас насанд тохирсон зайд, өөрт нь таарсан нум, сумаар харвуулна шүү дээ.
-Сурын спортоор хичээллэж байгаа хүний анхаарах гол зүйл нь юу вэ?
-Сурын спортоор хичээллэж байгаа хүн эрдэж болохгүй, эцсийн сумаа тавьж дуусаад л санаа амрах ёстой. 40 дэх сумаа тавиад бас санаа амарч болохгүй. Адилхан оноотой хүн байвал бас товх харвана. 1992 оны баяр наадмаар шиг санаж байна. Манай Дархан мэргэн Даваахүү 36 сумандаа 35 оносон, дараагийн хүн нь 36 сумандаа 31 оносон байсан. Энэ хоёр харваач сүүлийн дөрвөн сумаа тавьж байв. Тэр жилийн наадмаар Японы иргэн цоо шинэ Ямаха мотоцикл авчраад түрүүлсэнд нь өгнө гээд сурын талбайд тавьчихсан. Сурын харваанд анх удаа том бай шагнал өгч байсан нь тэр. Даваахүү мэргэн дөрвөн сумаар илүү учир түрүүлэх нь ойлгомжтой тодорхой байлаа. 36 сумандаа ганцхан алдсан хүн дөрвөн суманд юу гэж алдах вэ гэж наадамчид бас бодож байсан. Даваахүү мэргэн мотоциклоо үзээд, наадмын дараа унаад явах хүндээ хэлж байсан гэдэг. Тэгээд харватал дөрвөн сумаа оноогүй. Гэтэл 31 оноотой нэхэж явсан харваач дөрвөн сумаа бүрэн оноод гүйцсэн. Оноо тэнцсэн учир товх харваад товхоо авч байсан. Тэгэхээр сур харваж байхад хэн түрүүлэх нь эцсийн мөчид л тодордог. Өнгөрсөн жилийн наадмын мэргэн ч эцсийн мөчид тодорсон. Манай Ёндон мэргэн 38 оноотой, дараа нь 37-гийн буурьтай хоёр хүн байсан. Түрүүлдэг залуу маань 36 оноотой, 4-5-д орох уу гэж байсан хүн. Гэтэл эхний гурван хүн гурвуулаа алдаад, түрүүлж явсан Ёндон мэргэн хоёр алдаад, залуу харваач Дэмбэрэлсайхан маань дөрвөн сумандаа дөрөв алдаад, эцэст нь товхолж харваад түрүүлж байлаа. Ийм тохиолдол зөндөө.
-Сурын спортын хүнд өгдөг өгөөж нь юу вэ?
-Сурын спорт хүнийг хүмүүжүүлдэг. Ам бардаж болдоггүйг ухааруулдаг. Хүн биеэ барьж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурч байна. Ардын хувьсгалын 96 жилийн ой болж байхад 40 сумандаа 40 оносон гуравхан хүн байлаа. 1995 оны наадмаар Даваахүү мэргэн, 2014 онд Ерөнхий сайдын ивээл дор болсон Төвийн бүсийн чуулганы харваагаар Дархан мэргэн Оюунчимэг 40 оносон. Өнгөрсөн жил Булган аймгийн баяр наадмаар Отгонбаяр мэргэн 40 сумандаа 40 оносон. Энэ бол гайхамшиг, харваач болгоны мөрөөдөл юм. Энэ бол азаар шийдэгддэг асуудал биш. Бүтэн жилийн бэлтгэл, уйгагүй хөдөлмөр шингэсэн амжилт. Үнэхээр алдвал өөрөөсөө өөр хэнийг ч буруутгах үндэсгүй спорт юм даа.
“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №09/509 дүгээр дугаараас онцлов
Ярилцсан Г.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 0 )