Төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, даян мэргэн цол хүртсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач Баасанхүүгийн Ёндонг энэ удаагийн “Зиндаа” сэтгүүлийнхээ “Цэц магнай” булангийн хойморт урин заллаа. Тэрбээр энэ жилийн улсын наадамд 40 сумнаас 37 онож манлайлан, өнгөрсөн жил авсан мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж чадсан бахархам амжилттайгаар бидэнтэй уулзсан юм.
-Таны аавыг 2008 оны улсын наадмаас мөнгөн медаль хүртсэн, гарамгай мэргэн Баасанхүү гэдгийг сурын хүрээнийхэн андахгүй. Аавыгаа залгамжлан, харваач болсон дурсамжаасаа хуваалцана уу?
-Намайг үндэсний сураар хичээллэн амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүн бол миний аав. Багаасаа аавынхаа харваж буйг харан, сумыг нь зөөж өгсөөр үндэсний сурын харваанд татагдсан. 13 настайдаа ааваараа сур харвахыг заалгаж байлаа. Нумаа сайн татаж дийлдэггүй байсан. Бэлтгэл сургуулалт сайн хийсний үр дүнд 2003 онд Завхан аймагт болсон хүүхдийн наадмын сурын харваанаас хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалж байлаа. Дараа онд нь өсвөр үеийн улсын аварга шалгаруулах нээлттэй харваанд түрүүлж, алтан медалиар энгэрээ анх мялаасан. Манайх 2004 онд Эрдэнэт хотод шилжиж очсоны дараа “Хангарьд” спорт хороонд харьяалагдан, нутгийнхаа гавьяат Б.Даваахүү мэргэнтэй хамт бэлтгэл хийж эхэлсэн нь миний амжилтын эхлэл болсон. 2011 он хүртэл долоон жилийн хугацаанд гавьяатаас их зүйл сурч, маш их туршлага хуримтлуулсан даа.
-Манай улсад халх, буриад, урианхай сурын харваа гэж бий. Эдгээр сурын харваа аль аймагт илүү хөгжсөн байдаг вэ?
-Баян-Өлгий, Дорнод аймгийнхан буриад сурын харвааг илүү хөгжүүлсэн. Хэнтий аймгийнхан ч мэр сэр харвана. Бусад нь холимог харвадаг
-Байт харваагаар олимпод оролцох тухай бодож байв уу?
-2008 оноос хойш үндэсний сурын харваанаас байт руу урвасан хүмүүс мэр сэр бий. Зарим нь ч бэлтгэлээ давхар хийдэг. Энэ төрлөөр зарим хүн дэлхийн хэмжээнд өрсөлдье гэсэн бодолтойгоор оролцдогийг үгүйсгэхгүй. Гэхдээ л хуучин хэв маягаа хадгалсаар байгаа үндэсний сурын харваа бол юугаар ч солигдошгүй өв уламжлал маань шүү дээ. Надад байт харвааны олимпод оролцдог төрлөөр хичээллэх боломж байсан. Гэхдээ би зөвшөөрөөгүй.
-Яагаад тэр вэ?
-Надад байт харваагаар хичээллэх санал ирж байлаа. 2011 онд компаундын төрлөөр УАШТ-д оролцож мөнгөн медаль хүртсэн. Дараа нь дөрөв хоногийн бэлтгэлтэйгээр Ираны нийслэл Тегеран хотод болсон Азийн АШТ-д оролцсон. Тэр үед Монголын байт харвааны холбооны удирдлагууд “Олимпийн төрлөөр хичээллэвэл зүгээр юм биш үү. Чамд ирээдүй байна” гэхэд нь эрс татгалзсан. Байт харвааны төрлөөр хичээллэвэл амжилт гаргах боломж бий. Гэхдээ надад гэр бүл, найз нөхөд, өөрийн гэсэн мэргэжил бий. Энэ бүхнээ түр ч гэсэн орхиод хүсч байгаагүй спортоор хичээллэнэ гэж бодохоор огт төсөөлөгдөөгүй. Би Монгол наадмынхаа дэвжээн дээр харвах дуртай. Өнөөдөр үндэсний сураар хичээллээд алдсангүй. Үндэснийхээ баяр наадамд үндэсний сураа харваж, түрүүлснээрээ бахархдаг. Тиймээс би энэ спортыг цаашид чадах чинээгээрээ хөгжүүлнэ. Төрсөн дүү Адьяасүрэн маань компаундаар хичээллэдэг. Миний гаргах байсан амжилтыг үзүүлэх биз ээ.
-Дүү чинь байт сурын харваагаар хичээллэдэг гэлээ. Үндэсний сур сонирхдог уу?
-Би эхээс дөрвүүл. Дүү Б.Адъяасүрэн маань байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин. Багадаа үндэсний сурын харваагаар хичээллэн, улсын наадмын хүүхдийн харваанаас мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Хэрвээ байтаар бус, үндэсний сураар тууштай хичээллэсэн бол надаас илүү амжилт гаргах байсан гэж боддог юм.
-Та нээсэн клубынхээ тухай сонирхуулаач?
-“Хангарьд”-д харваж байгаад 2011 онд Улаанбаатар хотод шилжиж ирсний дараа хэсэг хугацаанд бэлтгэл хийх газар, хамт бэлтгэл базаах хүн олдохгүй хэцүү байсан. Дөрвөн цаг түрээслэхэд 200 гаруй мянган төгрөг болдог байлаа. Тэгээд цахим орчинд харвах сонирхолтой хүмүүсийн судалгаа явуултал хүмүүс олноор хандахаар нь “Есүнхэй мэргэн” клубийг 2015 онд байгуулсан. Анхандаа заал түрээсэлж сургалтаа явуулдаг байлаа. Харин хичээсний хүчинд Хууль сахиулах их сургуулийн ойролцоо өөрийн гэсэн бэлтгэлийн байртай болсон юм. Одоогоор манай клубт тогтмол бэлтгэл хийдэг 30-аад харваач бий. Манай клубт хичээллэж, сур харвах сонирхолтой хүн бүхэнд “Есүнхэй мэргэн”-ий үүд нээлттэй.
-Үндэсний сур харваагаар хүүхэд хэдэн наснаасаа хичээллэвэл зохимжтой байдаг вэ?
-Сур бол сэтгэлзүйн спорт. Оюун ухаан, тооцоолон бодох чадвар, мэдрэмж гээд бүх зүйлд нөлөөлдөг. Тиймээс өсвөр насандаа, эсвэл 13-14 насандаа хичээллэвэл илүү дээр байдаг. Хэтэрхий бага настай бол нумаа сайн татаж дийлэхгүй. Өсвөр насандаа хичээллэвэл юмны учир олдог тооцоолол сайтай, ямар нэг асуудал гарахад түүнийг олон талаас нь харж дүгнэдэг болдог.
-Монгол хүн бүр үндэсний сурын харвааны үүх түүхийг мэддэг. Харин бүгд харваж сураасай гэж бодож байв уу?
-Тэгэлгүй яахав. Монголчууд тив дэлхийг эзэлж ялалт байгуулж явахад нум сум их чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүдэн хоймрын зайтай ба түүнээс хол газарт харвах чадвартай байсан гэлцдэг. Тиймээс эх түүхийг нум сумгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Марко Поло тэмдэглэлдээ “Монголчууд бол харваач ард түмэн. Өглөөнөөс орой хүртэл харвадаг. Бага балчир гэлтгүй нум сум хийж тоглодог” гэж бичсэн байдаг. Ядаж манай улсын сургалтын хөтөлбөрт сур харвах тухай ордог болоосой гэж боддог. Жишээлбэл, Солонгос улс гэхэд хичээлийн хөтөлбөртөө тусгаж оруулаад, биеийн тамирын хичээл дээр нь үндэсний хувцастай нум сум харвахыг заадаг юм билээ. Монголд байхгүй нь харамсалтай.
-Эрийн гурван наадмын сур харвааг манайхан төдийлөн ойшоохгүй, харваачдынхаа амжилтыг бөх, уяачдын хэмжээнд үнэлэхгүй байх шиг?
-Үндэсний спортын төрлүүдээс хамгийн шударга нь сур. Энэ спортыг олонд улам таниулж, сурталчлахын хэрээр үндэсний сурыг сонирхогчдын тоо, бидний амжилтын үнэлэмж нэмэгдэх нь гарцаагүй.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Миний хүүхэд нас Монголын эдийн засгийг бараг дангаараа авч яваа том үйлдвэр, уурхайтай Эрдэнэт хотод өнгөрсөн болохоор Уул уурхайн инженерийн мэргэжлийг эзэмшсэн юм. Үндэсний сураас гадна уул уурхай хөгжиж байгаа өнөө цагт энэ чиглэлээр эх орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулъя л гэж боддог. Одоогоор “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч багш, Хууль сахиулахын их сургуулийн оюутан болоод л явж байна.
-Ер нь аливаа спортын амжилт тухайн хүнээсээ их шалтгаалдаг гэдэг. Энэ тухайд?
-Тийм шүү. Өнгөрсөн хугацаанд шантарч, больё гэмээр хэцүү үе чамгүй олон удаа тохиолдсон ч сур харваандаа 11 жилийн турш үнэнч байж, уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртсэн. 2011 онд 21 насандаа анх түрүүлснээсээ хойш амжилтаа баталж, Улсын мэргэн цолоо ахиулах юмсан гэж зорьсон маань энэ жил биелсэн. Төрийн наадамд хоёр дахь удаа 27 насандаа түрүүлж, даян мэргэн цол хүртлээ. Энэ бол миний хичээл зүтгэлийн үр дүн. Ямар ч зүйлд хичээл зүтгэл 99 хувь, авьяас нэг хувь байдаг шүү дээ.
-Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч, цаг зав гаргасан танд баярлалаа. Улам их амжилтыг танд хүсэн ерөөе.
Ярилцсан: Г.Энх-Уянга
2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
Үндэсний сур маш ихнээдтэй маш ойрхон зайнаас яг онож байгаа нь будлиантай тэгэд баахан дархан мэргэн гэсэн нөхдүүд цувраад Ядахдаа эрэгтйэ нь 70 метрээс онож сураач