"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №11, 12/ 511, 512 дугаараас онцолж байна.
Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Баатарын Дашзэвэг Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд 40 сумнаас 37 онож түрүүлэн, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангасан билээ. 40 наснаасаа эхлэн нум эвшээлгэн, сум тавьж эхэлсэн тэрээр 6 жилийн дараа буюу 46 насандаа ийнхүү Улсын мэргэний болзол хангасан нь сурын спортоор хичээллэхэд хэзээ ч оройтохгүйн дээр, бүх насныхан хичээллэж болдгийг харуулж буй хэрэг юм. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Гарамгай мэргэн А.Цэвээн 90 нас гартлаа харваж, 64 насандаа 4 дэх түрүүгээ авч байсан нь ч үүнийг батална.
Улсын мэргэн Б.Дашзэвэг Говь-Алтай аймгаас төрсөн анхны мэргэн/эрэгтэй төрөлд/ болсон юм. Тэрээр өнгөрсөн жил “Говь-Алтай аймгийн Засагт хан” клубыг үүсгэн байгуулалцаж, энэ жил ийнхүү УЛСЫН МЭРГЭН болсондоо ихэд бэлгэшээж байлаа. 1998 онд Улсын гарамгай мэргэн Ш.Даваахүү 40 сумнаас 40 онож байсан амжилтыг одоогоор эвдсэн хүн гараагүй байна. Мөн манай сэтгүүлийн “Цэц магнай” булангийн хойморт уригдаж оролцсон Д.Бумбаяр зааны дүү Д.Норжмаа энэ жилийн эмэгтэй харваанд 37 онож түрүүлэн ДАЯН МЭРГЭНий болзол хангажээ. Аймгийн заан Дамиран гуай хүү Бумбаярыгаа анх Улсын начин цол авахад нь “Миний хүү начнаар тогтох бөх биш. Зааны энтэй хүчтэн” гэж урам хайрлаж байсан бол охиноо анх Улсын мэргэн болоход мөн л “Миний охин наадамд нэгээр тогтохгүй түрүүлэх харваач” хэмээн урмын үгээрээ шагнаж байжээ. Аав, ээжийн ерөөл энэ буюу. Ингээд сэтгүүлийнхээ 11 дэх дугаарын “Цэц магнай” булангийн хойморт Монгол Улсын мэргэн Баатарын ДАШЗЭВЭГийг урин оролцууллаа. Таалан болгооно уу.
-Улсын наадамд 40 сумнаас 37 онож түрүүллээ. Баргийн аавын хүүгийн чадах эрдэм биш гэж боддог шүү?
-Энэ жил азтай, одтой байлаа. Бэлтгэл сайн хийсэн. 37 онож Улсын мэргэн цол хүртлээ. Ноднингийн наадмаар ч бас сайн харвасан. Энэ жил нэлээд туршлагатай, сэтгэл санааны хувьд ч, биеийн хувьд ч аятайхан байж таараад их сайхан наадлаа. Баяртай байна. Урьд нь тэмцээн, уралдаанд оролцохдоо 36 сумнаас дээш онож үзээгүй. Заримдаа байранд орно, түрүүлнэ, янз бүр л байдаг байсан. Анх удаа 37 оносон. Тэр маань төрийн наадмын түрүү оноо байсан юм байна.
-40 сумнаас 75 метрийн зайнаас дөрвөн сумаа тавьчихаад дараачийн босгон дээр гараад ирэхэд баруунаас байсан салхин зүүнээс, хойноос байсан салхи урдаас болчихсон байдаг. Тэгэхээр 40 сумнаас 37 оноход маш нарийн тооцоолол, асар их тэвчээр хэрэгтэй болох байх л даа?
-Энэ жилийн баяр наадам цаг уурын нэлээд хүнд нөхцөлд болсон. Эхний өдрийн 16 сумнаас би 15 оносон. Тэгэхэд нэг сум яалт ч үгүй алгавчин дээрээс хөвч сулраад, чангалаад байхад мултраад дутуудчихсан. Буулгая аа буулгаж болохгүй, харвая аа харваж болохгүй үнэхээр хүнд нөхцөлд байсан л даа. Тэр үед, “за шалгаж байна даа Дашзэвэг ээ, энэ шалгуурыг л давж гарахгүй юм бол харваач болсны хэрэг юу билээ дээ” гэж л бодож байлаа. Энэ чинь жижиг тэмцээн биш, бүхэл бүтэн улсын наадам шүү дээ. Сум болгоноо хянахгүй бол болохгүй юм байна гэж өөрийгөө хурцалсан л даа.
Би зургаан жил харвахдаа алтан шар зурхайнхаа, асрынхаа хаана нумаа агуулах вэ, цаг агаарын нөхцөлд сумаа яаж тавих уу, хэдэн цагт ямар байх уу гэдгийг мэддэг болсон нь миний давуу тал байлаа. Их дээрээс бэлтгэж, сурч мэдсэн болохоор түүнийгээ яг ашигласан.
-Энэ олон спорт дундаас сурын спортыг яагаад сонгох болсон бэ? Одоо үндэсний сурын спортоороо дагнан хичээллэж, бүх цаг заваа зориулж байгаа юу, эсвэл ажлаа хийгээд хажуугаар нь сурын бэлтгэлээ базааж байна уу?
-Наадмаар аав, дүү, хүүхдүүдтэйгээ сур харваж байгаа хүмүүсийг харж, дэмжээд л явдаг байсан. Тэгээд найзыгаа харваж байгааг хараад, очиж уулзаж байлаа. Хойтон жил нь хүлээж, хүлээж арай гэж зургаан сар хүргээд Батмөнх багш дээрээ очиж шавь орон нум сумтай болоод, харваж үзэж байсан. Зургаан сард нум гардаг гэж сонсчихоод л тэр шүү дээ. Нэг их удалгүй мөрөө гэмтээчихлээ. Уг нь цөөхөн харваарай гээд байсан, би мэдэхгүй юм чинь. Кондишнтой машинд яваад л очиж харваад байсан. Хамгийн гол нь жаахан байхдаа ан гөрөө хийж, чавх энэ тэр гээд л янз бүрийн юм барьж гүйж явсан болохоор юм онох эв дүй байдаг юм байна. Тэгээд эхлээд л дөрвөн сумаа тавиад оночихсон. Нэг оносон хүн чинь урам зориг ороод харваад байдаг юм байна. Манай дүү нар хүртэл гайхаж байсан. Үүнийг би хоббиноос илүү гэж хэлнэ. Нэг хэсэг ажил төрөл, ар гэрээ бараг л хаясан. Би эхээс зургуулаа. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Тэр дүүгийнхээ ажил, мэргэжлийг нь орхиулсан, өөрөө ч ажлаа хийх боломжгүй болсон. Зун цагт дөрөв, таван сараас эхлээд бэлтгэлд гарчихна. Тэгээд л дүүгээ, за чи энэ ажлыг ав, би амжилт гаргахаас нааш үүнээсээ холдохгүй байхаар шийдлээ гэсэн.
-Та хоббиноос илүү гэлээ. Тэгэхээр Улсын мэргэн болохоор аль эрт сэтгэл шулууджээ дээ?
-Ер нь эхлээд спортын мастер болох л зорилготой байсан. Ямар ч байсан харваж байгаа хүн байна, 40 сумнаасаа 32 оночихъё гэж бодоод эхний хэдэн жил бэлтгэл сургуулилтаа шахуу хийдэг байсан. Сая наадмын өмнө хурууны өндөг хагараад эвгүй болчихсон, өвдөөд болдоггүй. Дээрээс нь цаг агаар огцом хүйтрээд градусын зөрүү гарчихсан, нум маань хатуу байгаад байдаг. Их халуун болох нь гээд 73 паундын /27 кг/ нумаар татаад байсан. Тэгээд бараг л няцах дөхсөн шүү. За би ч энэ наадмаар бас л хүлээх юм байна даа гэж бодоод сонин болсон. Надад бүх тэмцээний шагнал байсан. Ганцхан улсын наадмынх л байгаагүй, тэр нь алтан медаль байх байж. Би бас их хувьтай хүн юм гэж бодож сууна даа.
-Манай сэтгүүлийн уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Гэр бүлийн хүнийг маань Хундагаа гэдэг. Манайх гурван хүүхэдтэй. Том охин Д.Есөн-Эрдэнэ, удаах хүү Д.Төгөлдөр, тэгээд бага хүү Ирмүүн таван настай. Төгөлдөр маань харвана, өнгөрсөн хүүхдийн баяраар харваад зургаадугаар байрт орсон.
-Энэ жилийн наадмаар 73 паундын нумаар харвасан гэлээ. Ер нь хэчнээн нумтай вэ. Амжилт үзүүлэхэд сайн нум хэрэгтэй гэдэг дээ?
-Тийм, энэ жил Эрдэнэбилэг гээд залуугийн хийсэн нумаар харвасан нь намайг мэргэн болгосон доо. Энэ жил нум сумаа яг сайн сонгож чадсан. Бороо ус, байгаль дэлхий маань ч гэсэн намайг сайхан ивээсэн. Аз, од гэж байдаг юм байна.
-Сурын спортын хөгжлийн тухай та юу хэлэх вэ?
-Манай сурын спорт асар хурдацтай хөгжиж байна. Намайг орж ирж байх үеэс огт өөр болсон. Жишээлбэл, нумны хэлбэр, хийц, хаял, тооцоолж байгаа хөвч, амгайнаас эхлээд сум хийх техник хүртэл шал өөр болсон. Ер нь дэлхийг байлдан дагуулсан үе рүүгээ явж байгаа гэж би боддог. Манай эрчүүд бүгдээрээ нумтай, өглөө болгон нумаа эвшээлгэж байвал ухаан санаа эрүүлжинэ. Би 1000 км-т амрахгүйгээр машинаа бариад л ирдэг. Энэ бол нум сумны гавьяа. Би залуу харваачдаа хааяа шоглож, суниалгадаг юм. Тэгэхэд торохгүй 50 суниачихна. Тэд чинь 90-ээд оны хүүхдүүд шүү дээ. Удахгүй эд 40 ононо шүү. 40 сумнаас 40 л ононо. Тэгээд нөгөө товх нь болно, тэрнээс нь өмнө амжаад би мэргэн болчихдог азтай гэж боддог юм. Дээрээс нь манай үндэсний сурын спорт чинь сайхан шүү дээ, бүгдээрээ зааж зөвлөнө. Нээлттэй, бие биенээ хүндэлнэ, мэндэлнэ. Хамгийн чухал нь өнөөх мастер мэргэчүүд, ахмад харваачдаа дээдэлж хүндлэх, тэд нараасаа өв уламжлалыг нь авч үлдэх шүү дээ.
Ярилцсан Б.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 0 )