Найман зуун жилийн тэртээд 335 алд газар харван байг онож дээд амжилт тогтоосон Есөнхээ мэргэний аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингисийн чулууны бичиг хэмээн алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй. Ийм өндөр дээд уламжлалтай монгол үндэсний сурын харваа нь эрийн гурван наадмын бүрэлдэхүүн хэсэг, монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн, хурц хараа, чармайлт, эв дүй шаарддаг үндэсний спортын нэгэн чухал төрөл билээ. “Зиндаа” сэтгүүл анхны дугаараасаа эхлэн Монголын үндэсний сурын түүхэнд тодорхой гавьяа байгуулж, өөрийн хувь нэмрээ оруулж яваа харваачдыг “Цэц магнай” булангийнхаа хойморт залдаг уламжлалтай. Энэ удаагийн дугаартаа Өмнөговь аймгийн харьяат, говь нутгийн бахархалт харваач, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөрийг урилаа. Улсын баяр наадамд гурав түрүүлэх их хувь тохиол түүнд оногджээ. Мөн нум сум харвахаас гадна нум сум урлаач гэдгээр нь түүнийг Монгол сурын түүхэнд тодоор тэмдэглэх нь гарцаагүй билээ.
-“Цэц магнай” булангийн маань урилгыг хүлээж авсанд баярлалаа. Сайхан зусаж байна уу?
-Сайхаан, сайхан зусаж байна уу. Энэ эрхэм сэтгүүлийнхээ “Цэц магнай” хэмээх буландаа урьж оролцуулсан та бүхэнд талархлаа.
-Монгол Улсын Даяар дуурсах мэргэн хэмээх эрхэм цол хүртсэнд тань баяр хүргэе. Та үндэсний сурын спортоор хэдэн наснаасаа хичээллэж одоо энэ амжилтанд хүрээд байна вэ?
-Баярлалаа. Анх 1987 оны хавар ангийн найз Баттулгын хамт Өмнөговь аймгийн дархан мэргэн Долд гэдэг хүнд шавь орж, харваж эхэлж байлаа. Намайг анх харваж эхлэхэд цөөн тооны настай хүмүүс л харвадаг байсан. Тэр дотор надад харвааны техник, нум сум урлах, засах гээд олон зүйл заасан хүн бол миний бас нэгэн багш аймгийн дархан мэргэн Ц.Жанчив юм. Тэд маань надад харвааны сайн сайхан бүхнийг зааж, эргэлт буцалтгүйгээр сурын спортод оруулсан даа.
-Нутаг орон, аав ижийнхээ тухай хуучлахгүй юу?
-Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн л дөө. Аав маань Рэгзэнгийн Жанчив гэж Номгон сумын Төхөм багийн харьяат, насаараа тээврийн жолооч хийсэн хүн байлаа. Харин ээж маань Дожоогийн Сосорбурам гэж Мандал-Овоо сумын Өтгөн багийн харьяат, аймгийн Залуучуудын байгууллагад олон жил ажилласан, 17 хүүхэдтэй айлын отгон хүүхэд байсан. Аав ээж маань найман хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн буянтай буурлууд. Би айлын дөрөв дэх хүүхэд. Бага насаа бусдын л адил цэцэрлэг, сургууль мөн амралтаараа аав ижийнхээ хөдөө гэрт очиж амарч, хүүхэд насаа өнгөрөөсөн дөө.
-Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Бэлтгэлээ хэзээнээс базааж эхлэх вэ?
-Тиймээ, Үндэсний их баяр наадам маань болоход тун ойрхон ирээд байна. Бэлтгэлдээ удахгүй гарна. Гэхдээ хаана гарах нь одоогоор тодорхойгүй л байна.
-Та бол Өмнөговь аймгийн сурын спортын түүхэнд их гавьяа байгуулсан хүн. Ахмад үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэж харваж явсны хувьд аймгийнхаа Үндэсний сурын түүхийн талаар товч өгүүлэхгүй юу?
-Өмнөговь аймаг хэзээнээсээ харваач мэргэчүүл олон, түүх арвинтай нутаг. Улсын мэргэн Дорж, Баярхүү, Ваанчиг гээд харваачид байлаа. Жанчив, Долд, Мөнх-Очир, Цолмон, Хорол, Өлзийдэлгэр, Оюунчимэг гээд ахмад үеийн аймгийн мэргэн харваачид ч байсан. 2002 онд Үндэсний сурын холбоо маань анх албан ёсоор байгуулагдаж, тэргүүнээр нь Л.Батчулуун сонгогдож одоог хүртэл ажиллаж байна. Холбоо байгуулснаас хойш орон нутагтаа Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрвөн удаа зохион байгуулж, багийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн чамлахааргүй амжилт үзүүлжээ. Түүнээс хойш Улсын даяар дуурсах мэргэн 1, Улсын мэргэн 1, спортын мастер, дэд мастер 30-аад төрсөн байна. Өсвөрийн харваачдаас Өсөх идэр мэргэн 4, мөн аваргын алт, мөнгөн медальтнууд ч олноор төрсөн. Холбооны маань гол зорилго бол Өмнөговь аймагтаа энэ үндэсний өв соёл болсон спортыг залуу хойч үедээ түгээж, аймаг орон нутагтаа хөгжүүлж, бүх сумдаа харваачтай болгох юм. Одоо жилдээ аймагт 4-5 тэмцээн болж байна. Аймгийн нээлттэй харвааг аймгийн дархан мэргэн Ц.Жанчив агсны нэрэмжит болгон хань, үр хүүхдүүд, ач зээ нар нь хамтран зохион явуулж байна. Мөн Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумд харваачтай болж сурын спортыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж явна даа.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА УЛАМ ХӨГЖИН, ӨРГӨЖИХ НЬ ДАМЖИГГҮЙ. ТИЙМЭЭС СУРЫН ТАЛБАЙГАА ИЛҮҮ ТОМ БОЛГОЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ САЙТАР ХАНГАСАН, ҮЗЭГЧДЭД ТАВ ТУХТАЙ ТАЛБАЙТАЙ БОЛОХ ЦАГ БОЛСОН.
-Үндэсний их баяр наадамд түрүүлнэ гэдэг хүссэн хүнд олдоод байдаг боломж биш. Тэр дундаа гурван удаа түрүүлнэ гэдэг бахдам амжилт. Танд төрийнхөө их баяр наадамд түрүүлээд зогсож байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би 2003 онд анх түрүүлж “Улсын мэргэн”, 2007 онд хоёр дахиа түрүүлж “Хошой мэргэн”, 2008 онд дахин түрүүлж “Гоц мэргэн” болж байлаа. Мэдээж үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрөлгүй яахав. Нутгийн минь уул ус, ижий аавын минь буян заяа түшиж дээ гэж дотроо залбирдаг юм. Харин 2017 онд Үндэсний сурын холбооноос УИХ-д цолны тухай өөрчлөлт өргөн барьж батлагдсанаар саяхан нээлтийн харваагаар “Даяар дуурсах мэргэн” цол олголоо. Тун их баяртай байна.
-Таныг нум сум сайн харвахаас гадна, сайн урлаач гэдэг. Өөрийн нумаа эвшээлгээд хэр удаж байна вэ. Үүх түүхээс нь хуучилбал?
-Надад дөрвөн нум бий. Эхнийхээр нь 20 гаруй жил, шинээр нь гурван жил харваж байна. Хамгийн анх 1996 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, гарамгай мэргэн Цэвээн гуайгаас нум худалдаж авч байлаа. Тэр нумаараа 2003 оны Улсын баяр наадамд анх удаагаа түрүүлсэн. Үлдсэн гурван нумаа би өөрийн гараар хийсэн байдаг юм. Анх 1992 оны хавар Жанчив багшаараа нум урлахыг заалгаж, хийж эхэлж байлаа. Одоо бараг бүх л аймаг хотын харваачдад миний урласан нум бий. Олон жилийн турш нум урлахдаа хоёр ч удаа “Шилдэг нум урлаач” болж байсан. Хийсэн нумаар минь олон харваач улсын наадамд түрүүлж, айрагдаж байна. Таны хийсэн нумаар өндөр амжилтанд хүрлээ, баярлалаа гэсэн урмын үг сонсох ч бас сайхан шүү дээ.
-Харваач бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг гэж дуулсан. Таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Харваач бүр анх заалгасан багшийнхаа арга барил, техникээр харвах нь элбэг л дээ. Гэхдээ өөрийн өвөрмөц арга, техниктэй хүмүүс ч байдаг. Миний хувьд ийм тийм гэж хэлээд байх зүйлгүй дээ.
-Сурын спортын хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Харвах талбай нэмж барихгүй байна хэмээн харваачид сэтгэл дундуур байдаг юм билээ?
-Үндэсний сурын харвааны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Төр засаг, ард түмэн энэ спортыг ойлгож эхэлж байна. Хөдөө орон нутагт олон харваачтай болж бүх сумдыг харваачтай болгох зорилго маань эхнээсээ биелж байна. Харин үндэсний сур харвааны талбай бидэнд үнэхээр багадаж байна. Илүү том болгож, аюулгүй байдлыг нь сайтар хангасан, үзэгчдэд тав тухтай тийм талбайтай болох цаг болсон. Цаашид үндэсний сурын харваа улам хөгжин, өргөжих нь дамжиггүй. Тэгэхээр бидэнд том талбайтай болох шаардлага зайлшгүй бий болно.
-Сүүлийн үед харваачид нэлээд залуужиж байна гэлцэх боллоо. Энэ спортоор хичээллэхийн ач тусын тухай?
-Залуу үе маань үндэснийхээ сурын спортоор хичээллэх дур сонирхол ихтэй болсонд би хувьдаа маш их баяртай байдаг. Үндэсний сур харвааны спортоор хичээллэснээр аливаад тэвчээртэй, бусдын төлөө сэтгэлтэй, олон сайхан найз нөхөдтэй болохоос гадна Үндэсний өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх гээд маш олон ач тустай. Би үндэсний сурын спортоор 30 гаруй жил хичээллэж байна. Энэ хугацаанд зөвхөн өөрөө харваад зогссонгүй. Аймагтаа сурын спортыг тодорхой түвшинд хөгжүүлж, олон харваач бэлдэх, улс болон аймгийнхаа харваачдыг материал хэрэгслээр хангах, зарим хүмүүст нум сум урлах эрдмээсээ харамгүй зааж сургах гээд өөрийн чаддаг бүхнээ л зориулж явна. Энэ бүхэн ирээдүй болсон хойч үеийнхээ л төлөө юм шүү дээ.
-Хамгийн их дурсамж үлдээсэн наадмынхаа тухай ярьж өгөөч?
-Харваач хүнд наадам болгон сайхан дурсамж үлдээдэг байх гэж боддог юм. 1987 онд анх удаа харваж, аймгийнхаа наадамд гуравдугаар байранд орж “Баярын бичиг”, 60 төгрөгөөр шагнуулж бөөн баяр хөөр болж байлаа. Мөн 2003 онд Улсын баяр наадамд анх удаагаа түрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын мэргэн” цол хүртсэн, 2006 оны Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын тэргүүн байрын төлөө товхолж өрсөлдөгчөө ялна гэсэн их дэврүүн байдлаасаа болж алдсан, 2007 онд түрүүлж “Хошой мэргэн”, 2008 онд дахин түрүүлж “Гоц мэргэн” болсон гээд олон сайхан дурсамжтай наадмууд байдаг.
-Улсын том цол хүртлээ. Амжилтанд хүрэхэд тань хамгийн их тусалж, дэмжиж байсан хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?
-Энэ их том цолонд хүрч, сайн харваж яваа минь ганц миний амжилт ололт биш юм. Энэ бол нутгийн минь уул ус, ард түмний минь буян заяа, хамт олон, шавь нарын минь хичээл зүтгэл, аав ээж, ах дүүсийн минь түшиг тулгуур, орон нутгийн үе үеийн удирдлага, аймгийн үндэсний сурын холбоо, спортын хамт олон, ивээн тэтгэж санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан ах нар, байгууллагуудын бүгдийнх нь хичээл зүтгэлээр бий болсон амжилт. Манай аймгийн сурын хөгжилд, харваачдын амжилтанд хүрэх алхмыг нутгийн ах Х.Бадамсүрэн анх нээж өгч, биднийг дэмжиж ёстой л аймгийн харваачдыг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн. Мөн Ажнай корпораци, “Таван толгой транс”-ын хамт олон, Д.Бат- Эрдэнэ ах, Дагвадорж захирал нар манай аймгийн харваачдыг дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлж, маш олон амжилтанд хүргэсэн. Тиймээс нутгийн ах Х.Бадамсүрэн, Д.Бат- Эрдэнэ нартаа нийт харваачдынхаа өмнөөс ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
-Та бүхнийг Монгол сурын алтан шар зурхай, харваачдын маань хийморь, эрчит эрээн нум сум үргэлж ивээх болтугай.
Ярилцсан: Г.Энх-Уянга
2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505
Сэтгэгдэл ( 1 )
Onoo ueiin buyu 70-aad onii suulchees exlen undesnii sur maani asar xurdtai erchteigeer xogjij irsen. Gexdee ulamjlalt num sumaar xarvaxaas iluu xongon nariixan jijig bultsuutai sumaar ulamjlalt bus texnikeer xarvax yavdal gazar avsaar onoodoriin ene odor gexed xuuchin ulamjilj irsen texnik maani ugui bolj baigaad xaramsaj baina. Ta buxen deer ueiin kino bichleg deerees uzeerei. Marshal Choibalsan , Bumtsend guai nariin bichlegiig uzeerei.