Б.Ёндон: Гурван өдөр дараалан харвадаг тэмцээн цэц мэргэний төрөлд өөр хаана ч байхгүй

2019 оны 12 сарын 10

"Зиндаа" сэтгүүлийн №13 дугаараас онцлов


Тэр 21-хэн насандаа төрийн наадамд түрүүлж, улсын мэргэний болзол ханган, 27-хон насандаа Монгол Улсын даян мэргэн болсон ховор амжилтаар овоглодог. Хөлд, хэлд орсон цагаасаа л үндэсний спортын нэгэн төрөл болох суртай ойр өссөн гэж өөрийгөө тодорхойлох залуу харваач тун эгэл, бас төлөв даруу нэгэн ажээ. Б.Ёндон мэргэний аав нь Монгол Улсын Гарамгай харваач Х.Баасанхүү юм. Гарамгай харваачийн хүү, Монгол Улсын даян мэргэн Б.Ёндонг “Цэц магнай” булангийн хойморт урьж, ярилцлаа.


-Ярилцах урилга хүлээж авсанд баярлалаа. 2017 оны наадмаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлснээс хойш та хэвлэлд бараг ярилцлага өгөөгүй юм билээ. 27 насандаа Монгол Улсын даян мэргэн болж байжээ?

-Одоо би 28 настай. Өнгөрсөн жил 27-тойдоо улсын наадамдаа хоёр дахь удаагаа түрүүллээ. Нутгийн уул ус түшиж, аав, ээж, ахан дүүс, намайг гэсэн бүх хүний сэтгэлийн хүчээр төрийн наадмын түрүүг хоёр дахь удаагаа хүртэж, даян мэргэн болсон гэж бодож явдаг.

 -Таныг хоёр дахь удаагаа түрүүлэхэд аав тань онцгой их баярлаж байгаа санагдсан?

-Хөл нь газар хүрэхгүй л баярласан. Миний аав сурын спортын төлөө хорин хэдэн настайгаасаа өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулж яваа хүн. Сурын спортыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр, хэн нэгнийг ялгаварлалгүйгээр хөгжүүлж ирсэн. Хүнийг ялгахгүй харьцдаг болохоор олон хүний хүндлэлийг хүлээж иржээ гэж би боддог юм. Нум сумны ном уншиж сурсан гэдэг. Ном уншихын сацуу хүмүүстэй их уулзаж, сурын талаар ярилцдаг, харваж байгаа хүмүүсийг хэдэн цагаар ч хамаагүй хараад суучихдаг байсан юм билээ. Ингэж үндэсний сурын спортод нэвтэрхий дурласан нь надад ч мөн нөлөөлсөн. Монголчуудын эртнээс хүндлэн дээдэлж ирсэн үндэсний язгуур спортоор улсдаа түрүү магнай болно гэдэг бахархалтай зүйл.

Хүүгээ төрийн наадамд түрүүлэх хэмжээнд өрсөлдөнө гэж таньж, үндэсний сур харваа руу хөтөлж оруулсанд нь би аавдаа мөргөж явдаг.

-Таны хувьд үндэсний сураар хичээллэж эхэлснээс хойшхи ид торгон үе нь 2010-2011 он байсан юм болов уу гэж боддог. 2010 онд улсын аваргад түрүүлж, олны хараанд өртөөд, 2011 онд төрийн наадамд 21 настайдаа анх удаа түрүүлсэн нь таны амьдралд тодоос тод дурсамж үлдээсэн байдаг байх, тийм үү?

-Тийм ээ. Тухайн үед бэлтгэл сургуулилтыг маш сайн хийдэг байсан. Миний төрсөн дүү, авга ахын хүү, аав бид дөрвүүлээ хамт бэлтгэлээ хийнэ. Аав биднийг олон ч тэмцээн уралдаанд оролцох боломж бололцоогоор хангаж өгдөг байлаа. Өөрөө ажил ихтэй учраас тэр бүр тэмцээнд оролцож чадахгүй. Намайг бол тэмцээн алгасуулахгүй. Заримдаа өөрийнхөө өмнөөс ч явуулна. Аав их том итгэл хүлээлгэж байгаа учраас би энд, тэнд тэмцээнд оролцохдоо хариуцлагатай байхыг хичээнэ. Олон тэмцээнд оролцохын хэрээр ухаажиж, туршлагаждаг. Бэлтгэл сургуулилтын гол учрыг ойлгож, хужрыг нь тунгаасан үе 2010 оноос эхэлсэн юм уу даа. Багануурт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 настайдаа түрүүлсэн нь миний анхны том амжилт. Ингээд 2010 онд улсын аваргад түрүүлснийхээ дараа наадамд би их тааруу харвасан. Залуу хүний л алдаа байсан байх. Бэлтгэлийн формоо тааруулж чадаагүй. Залуу хүн буруу, зөв бодохын алийг тэр гэхэв. Гэхдээ энэ алдаагаа дараа жил нь буюу 2011 онд зассан. Улсын аварга шалгаруулах тэмцээн наадмаас 20-иод хоногийн өмнө болж байсан юм. Ингээд улсын аваргадаа дахин түрүүлснээс хойш тэр жил наадам хүртэлх бүх тэмцээнд түрүүлж билээ. Тэр жилийн наадам дэндүү сайхан болсон. Төрийн наадамд 38 онож, 21 насандаа анх удаа түрүүлэн, Монгол Улсын мэргэн боллоо. Дэд байр эзэлсэн, улсын мэргэн Б.Баярсайхан 35 оносон. Энэ бүхнийг эргээд бодоход тухайн жилийн наадамд өөртөө тун итгэлтэй, юунаас ч эмээж сандралгүй сайхан харважээ. Өөртөө итгэлтэй, бэлтгэл сургуулилт ч сайн байсан.

-Улсын наадамд түрүүлчихээд Төв цэнгэлдэхийн хойморт, хүндэтгэлийн индэр дээр шагналаа авах гээд зогсож байх яг тэр мөчид ямар бодол төрдөг вэ?

-Их гайхалтай мэдрэмж. Үнэхээр хүнийг огшоож чаддаг. Надад хэлэх гэхээр хэлж чадахгүй нэг тийм гоё мэдрэмж авч байсан үе цөөхөн л дөө. Миний амьдралын хамгийн сайхан дурсамж улсын наадмын түрүү хүртсэн тэр мөч байсан. Өөрийн эрхгүй л огшдог юм билээ. Яг юу гэж зүйрлэхээ мэдэхгүй л байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг... Дугаар 001 гээд уншаад эхэлсэн чинь л эмээгийн хэлж, ярьж байсан бүх сургаал толгойд эргэлдээд эхэлсэн. Би өвөө, эмээдээ их ойр өссөн учраас өөрийгөө гайгүй зөв хүмүүжилтэй хүн болж өсчээ гэж боддог. Ер нь хөгшчүүлийн хажууд өсөхөөр хүмүүжил их зөв болж төлөвшдөг. Тэрүүхэн хооронд их олон сайхан зүйл бодогдож байсныг санаж байна. Харваачдын шагналын зарлигийг хамгийн түрүүнд уншиж, шагнал гардуулдаг болохоор “Дугаар 001” гэж хэлүүт л огшоод, сандраад ирдэг юм билээ.

-Үндэснийхээ наадамд түрүүлэхийг их спорттой зүйрлэвэл олимп, дэлхийн аварга болж байгаатай дүйхүйц дээд амжилт нь юм даа?

-Тэгж зүйрлэж бас болох ч юм. Олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр аваргаараа монголчууд бид бүгд бахархдаг, түүнийг хүндэлдэг. Гэхдээ төрийн наадамд үндэсний бөхөөрөө түрүүлж чадаагүй л байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр монгол үндэсний спорт гэдэг нь өөрөө их агуу зүйл юм. Монгол бөхчүүд олон улсын ямар ч бөхийн төрлөөр хичээллэж, амжилт гаргаж чаддаг. Гэтэл монгол үндэсний бөхийг гадны ямар ч бөх төгс сайн эзэмшиж чадахгүй л байна. Яг үүнтэй адил монгол харваагаар дэлхийн ямар ч мундаг харваач сум тавиад түрүүлж чадахгүй. Гурван өдөр дараалан харваж өрсөлддөг наадам энэ цэц мэргэний төрөлд лав байхгүй. Үндэсний сур харваа хүний тэвчээр, ур чадвар, мэдрэмж гээд бүгдийг эхнээс нь дуустал шалгаж, сорьдог. Олон зүйлийг цогцлоож чадсан хүн л наадамд түрүүлдэг. Энгийн хүний нүдээр харахад хараа сайтай байхад л амжилт гаргачих юм шиг санагддаг байх. Гурван өдрийн турш харвахаар сүүлдээ хүн бухимдана, тэсвэр алдана. Юм юм л болдог доо. Тиймээс дэлхийд ганцхан монгол наадмаараа бид бүхэн бахархах ёстой. Олимпийн наадам үнэхээр бахархам ч үндэсний спортоо түгээхийг хичээж яваа миний хувьд монгол наадам маань түүнээс илүү сайхан.

-Та анх хэдэн настайдаа монгол сурын алтан шар зурхайд сум тавьж байв?

-Миний аав ярьдаг юм. 1990 оны улсын наадамд Ш.Даваахүү гэдэг хүн түрүүлж, Завхан аймгийн харьяат гэж нутгаа дуудуулахад өөрт нь их гоё санагдсан юм билээ. Тэр цагаас хойш аавд харваагаар хичээллэх хүсэл төрсөн гэдэг. Ингэж аав өвөөгөөр нум засуулж, харваж эхэлсэн юм билээ. Яг энэ үед нь би төрсөн. 1990 оны тавдугаар сарын 27-нд наадмын өмнөхөн төрсөн. Монгол Улсын дархан мэргэн Ш.Даваахүүг манай гэр бүлийнхэн шүтэж явдаг. Аавын хувьд н.Ядамсүрэн гэж хүний номыг харвах хүсэлтэй болсноосоо хойш ягштал уншсан гэдэг. Намайг ухаан орсон цагаас л манайд нум, сум байдаг байлаа. Хүүхэд байсан учраас зарим зүйлийг мэдэхгүй хугална. Аавыг харвадаг байхад би сумыг нь зөөж гүйдэг хүүхэд байлаа. Харваачийн хүүхдүүдийн олонх нь надтай адилхан байсан болов уу. Тэгж явахдаа ганц нэг сум тавина. Яг албан ёсоор 13 настайдаа 2003 онд бэлтгэл хийж эхэлсэн. Хамгийн анхны тэмцээн нь Завхан аймгийн хүүхдийн спортын наадам. Тэр тэмцээнд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль зүүж маш их урам авсан. Удалгүй манайх Завханаас Эрдэнэт хотод нүүж ирсэн нь миний амжилт гаргах үндэс болжээ. Яагаад гэвэл, бидний шүтээн болсон Ш.Даваахүү мэргэнд шавь орж, түүний удирдлагад аав, бид хоёр бэлтгэл хийж эхэлсэн. Дархан мэргэн Ш.Даваахүү бол аавын ч, миний ч багш. Ш.Даваахүү багшаас суралцах зүйл үнэхээр их. Наанадаж тэмцээнд оролцохдоо биеэ зөв авч явахаас эхлээд олон талаар бидэнд үлгэрлэдэг. Ингээд багшаар эрдэм заалгаснаас хойш 2014 оны тавдугаар сард анх нээлтийн харваанд оролцохоор хотод ирж, 20 сумнаас 19 онож түрүүлсэн. Эрдэнэтэд бэлтгэл хийж эхэлснээс хойшхи анхны түрүү энэ. Ер нь сурын талбайд гарснаас хойшхи анхны түрүү гэж хэлнэ дээ. Тухайн үед Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай ах тэмцээнийг хөтөлж байгаад “Баасанхүү маань өөрөөсөө гадна бас нэг мэргэн харваачтай иржээ” гэж дуудахад үнэхээр сайхан санагдаж билээ. Түүнээс хойш дөрвөн жил наадмын хүүхдийн харваанд харвахдаа нэг л удаа тавдугаар байр эзэлсэн. Наадамд айрагдана гэдэг үнэхээр хэцүү л дээ. Байранд орох гэж улайрахгүй, зөв харваж явсны хүчинд өнөөдрийн амжилтад хүрсэн юм болов уу гэж боддог. 2006 онд хүүхдийн сурд харваж байхдаа дэд мастерын болзол хангасан. Дараа жил нь отго харваанд харвахдаа 32 онож, спортын мастер болсон. Спортын мастер цол авахдаа зэрэгцээд оюутан ч болсон. Намайг спортын мастер болж байхад Эрдэнэтэд ирж, надтай хамт бэлтгэл хийж эхэлсэн Л.Отгонбаяр ах надаас түрүүлээд төрийн наадамд түрүүлсэн билээ. Тэр үед “Надад ч гэсэн боломж байгаа юм байна” гэсэн бодол шууд толгойд орж ирсэн. Л.Отгонбаяр ах 2010 онд, би 2011 онд түрүүлж, багшийгаа, аавыгаа баярлуулж байлаа.

-Л.Отгонбаяр мэргэн та хоёр хоёулаа “Хангарьд”-аар овоглодог, бас нэг багшийн шавь?

-Тэгэлгүй яах вэ. Үндэсний сур харваагаар “Хангарьд”-ыг гүйцэх газар бараг байхгүй дээ. Манай спорт хорооныхон багаараа 11 удаа улсын аваргад түрүүлжээ. Тэр 11 түрүүний тавд нь хамт явлаа. Багийнхаа гол хүмүүсийн нэг нь байснаараа бахархдаг. Олон сайхан мэргэн төрсөн. Зэрэгцүүлээд жагсаахад өндөр намаар чацуу таван мэргэнтэй. Дархан мэргэн Ш.Даваахүү, даян мэргэн Х.Баасанхүү, даян мэргэн Б.Ёндон, улсын мэргэн З.Сүлдболд, даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, 2016 онд надтай товх харваж түрүүлсэн улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан гээд байна. Бүгд Эрдэнэтээс гаралтай. Бүгдээрээ тухайн үедээ шилдэг нь байсан, суурь сайтай.

-Та 2011 онд түрүүлснээсээ хойш ерөнхийдөө таван жил дорвитой амжилт үзүүлж чадалгүй завсарлажээ. Тэгээд 2016 онд дэд байр, 2017 онд хоёр дахиа түрүүлж, даян мэргэн болсон. Энэ хооронд ер нь юу юу болж өнгөрөв? Яагаад амжилт гаргаагүй гэж боддог вэ?

-2011 онд буюу наадамд түрүүлсэн жилдээ би ажилд орж, бэлтгэл хийх цаг зав хомс болсон. Тэмцээндээ бэлтгэ гэж чөлөө олгодог байсан ч бусад олон шалтгаан байсан. Гэр бүлтэй болж, ар гэртээ анхаарал тавих үүрэг хүлээсэн. Бас эрүүл мэндийн шалтгаанаар нэлээд олон жил тууштай бэлтгэл хийж чадаагүй. 2012 оны бэртлээсээ болоод багагүй хугацаа алдсан. 2015 оноос илүү их бэлтгэл хийх ёстой юм байна гэдгээ ойлгож Хил хамгаалах ерөнхий газар дээр очсон. Хэнийг ч танихгүй, юугаа ч мэдэхгүй хүн Хүний нөөцийн албаны дарга, хурандаа Батбаяр гэж хүнтэй уулзсан. Таньдаггүй, өмнө нь харж байгаагүй нэг залуу ажил яриад ороод ирэхээр тэд их гайхсан байх. Миний насыг асууж байна. Би “Эрт цаг Монголын хилийг эрхий мэргэн харваачид манаж байсан. Тиймээс өнөө цагт хил хамгаалах байгууллага харваачгүй байж болмооргүй санагдаж байна. Миний бие Хилийн цэргийн байгууллагад үндэсний сур харвааг хөгжүүлж, нэрийг нь өндөрт өргөж явах хүсэлтэй байна” гэж хэлсэн. Харин байгууллага маань миний саналыг дэмжиж, намайг сайхан халуун дотноор хүлээж авсан. Яг тэр үеэс миний амжилт эргээд хэвийн болж эхэлсэн. Бэлтгэл сургуулилтад л өөрчлөлт ордог юм билээ. 2015 оны улсын наадмын шилдэг наймд багтлаа. Сүүлийн хоёр сумаа алдаад байр эзэлж чадалгүй хоцорсон ч тухайн жилдээ харваачдын наадамд түрүүлсэн. Тэгээд 2016 онд аавынхаа шавь Д.Дэмбэрэлсайхантай товх харваж, үзүүрлэж билээ. Энэ үед аав өмнөхөөсөө ч их баярлаж байсан. Тэр харваан дээр өөрөө жаахан алдаа гаргаад түрүүлж чадаагүй. Түүнээс биш 2016 оныг эргээд бодоход би үнэхээр сайн байсан юм билээ. 2017 онд улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн. Өөрийгөө эргүүлэн олоход маш их тусалсан Хилийн цэргийн байгууллага, удирдлагууд, нийт албан хаагчиддаа баярлаж явдаг. Наадам болоход Монгол орны хилийг тойрон манаанд зогсож буй бүхий л хилчин дайчид бөхчүүд, харваачдынхаа төлөө залбирдаг. Тэр сайхан хүч энерги нь бидэнд нөлөөлдөг гэж боддог.

-Анхны түрүү, хоёр дахь түрүү хоёрын хооронд зургаан жилийн зай байна. Энэ хугацаанд та өөрийгөө голж байсан уу. Сураа орхих талаар бодож байв уу?

 -Тийм зүйл огт бодож байсангүй. Удахгүй 30 хүрнэ. Тэгэхээр одоо сур харвааны хөгжлийн төлөө оролцох зүйлдээ оролцоод, хэлэх зүйлээ хэлэх ёстой гэж боддог. Тэр утгаараа клуб, холбоо байгуулсан. Үндэсний сураар маш олон тэмцээн болдог ч хүмүүс бараг мэддэггүй. Жилд бараг 20-иод тэмцээн болж байна. Гэтэл ганцхан наадам л хүмүүст харагддаг. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг мэдээлээд л өнгөрнө. Хүмүүс бидний амжилтыг наадмаар дүгнээд байдаг. Гэтэл би гэхэд бэртэлтэй байсан ч наадмаас бусад тэмцээн, уралдаанд цөөнгүй түрүүлсэн. 38, 39 онож байлаа. Харваачдын маань энэ мэт амжилт хүмүүст харагддаггүй бололтой. Наадам бол арай өөр. Бэлтгэл сургуулилт, сэтгэл санаа гээд бүх зүйл тэгширч байж л наадамд түрүүлнэ. Наадмаас бусад тэмцээнд боломжийн сайн оролцоод явсан болохоор шантраад байдаггүй. Харин 2010, 2011 оны форм, тэр үеийн мэдрэмжээ эргүүлж авахын тулд л хичээж байсан.

-Хоёр түрүүлсэн хүнд одоо гурав дахь түрүүний талаар бодогдох юм уу. Таны давуу тал бол таны залуу нас гэж харж байна?

-Би өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд харвасан байна. Ийм олон жил тасралтгүй харвасан харваач цөөхөн л дөө. Зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд гэхэд 10 жил харважээ. Энэ хугацаанд хоёр түрүүлж, нэг үзүүрлэв. Долоон удаа байранд ороогүй. Энэ юуг харуулж байна вэ гэхээр монгол төрийн наадам тийм амар хоол биш гэдгийг илтгэж байгаа юм. Олон сайхан аавын хүү бэлтгэл сургуулилтаа сайжруулаад оролцдог. Тиймээс би шууд тэгнэ, ингэнэ гэж хэлж чадахгүй. Хэлэхийг ч хүсэхгүй. Гэхдээ мэдээж бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, чадах чинээндээ оролцоно. Тэр үед бүх талаараа сайн байж чадвал гурав дахиа түрүүлэх хувь тохиол олдох байх. Залуу хүний хувьд бэлтгэлээ сайн хийгээд явна даа.

-Тухайн өдрийн наадмын аз, эз гэж байх уу?

-Байна.

-Тэгвэл та азанд хэр их итгэдэг вэ?

-Нэг их итгэдэггүй. Гэхдээ аз бол хөдөлмөрлөсөн хүнд л тохиодог гэж боддог. Түүнээс биш зүгээр сууж байгаа хүнд аз хэзээ ч тохиохгүй. Манай харваан дээр гэхэд 40 удаа аз тохионо гэж огт байхгүй. Үнэхээр зөв зүйтэй бэлтгэл хийж байсан бол нэг, хоёр удаа аз дайраад өнгөрөх тохиолдол бол бий байх. Үндэсний сурын харваан дээр нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг. Нэг сум л оноход нэлээд хэдэн хүний урд орно.

-Та “Есүнхэй мэргэн” клуб байгуулжээ. Танай клубын үйл ажиллагаа тогтмол байж чаддаг уу, та өөрөө хэр олон шавьтай болж байна вэ?

-“Есүнхэй-335” холбооны тэргүүнээр 2012 оноос хойш ажиллаж байна. “Хангарьд” спорт хорооны харваачид хамтран 2004 онд байгуулсан. Тэгээд зургаан жилийн өмнө надад хүлээлгэж өгсөн. Уул уурхайн компанид ажиллаж байх үед бэлтгэл хийх боломж муу байлаа. Эрдэнэтийнхэн Эрдэнэтдээ, би энд ганцаараа болчихоод болдоггүй. Дээр нь нийслэл хотод сурын харваа сонирхъё гэхээр очих газар бараг байхгүй байсан. Хүмүүс ч их санал тавьсан. Энэ бүхэн дээр үндэслээд клубээ байгуулсан. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Клуб нээснээс хойш яг идэвхтэй харваж байгаа 40-өөд хүнтэй болж. Ирж, очоод явдаг 100 орчим хүн байдаг.

-Монголд үндэсний сур харвааг сонирхож, харваж сурахаар зорьж ирдэг хүн хэр олон байдаг вэ?

-Би өөрөө үндэсний спортын хүн болоод ч тэр үү байнга ажигладаг юм. Үндэсний спорт хүнийг маш сайхан хүмүүжүүлдэг увдистай. Япон, Солонгос гэх мэт орон үндэсний спортоо хөгжүүлэхийн тулд бүр багаас нь эхэлж анхаарал тавьдаг. Хүүхдийг дунд сургуульд байхаас нь үндэсний спортоо зааж, спортоор дамжуулан хүмүүжүүлж байна. Ингэж байж ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэдэг байх. Өмнөд Солонгосоор жишээ авъя. Би тэнд олон удаа тэмцээнд оролцож байсан. БНСУ-д дунд сургуульд нь үндэсний харваагаа заадаг юм билээ. Тэр нь хөгжсөөр өнөөдөр байт харвааны дэлхийн шилдгүүд Өмнөд Солонгосоос л төрж байна. Харин манайхан барууны соёлыг хийсвэрээр дууриах болсон юм шиг санагддаг. Нэг хэсэг үндэсний дээл хувцас өмссөн хүнийг хөдөөнийхөөр нь дууддаг байлаа шүү дээ. Одоо харин эргээд өөрчлөгдөж байна, ойлгодог хүн олон болсон байна.

Үндэсний сур харвааг Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн программд оруулмаар л санагддаг. Ганц сур харваа ч биш үндэсний бүхий л спортоо. Манай клуб дээр ирж, сур харваагаар хичээллэдэг хүмүүс нэг л зүйлийг надаас хүсдэг. “Би мундаг тамирчин болох зорилготой ирсэнгүй. Үндэсний спортоо ойлгоё, үүгээр бахархдаг болмоор байна. Монгол хүн учраас хааяа нэг харваж баймаар байна” гэж хэлдэг. Ийм гоё зорилготой хүмүүс манай клубт олноор ирдэг. Ер нь үндэсний спортоо ойлгож, хүндэлж, бахархдаг хүн мянга мянгаараа нэмэгдэж байгаад би баяртай явдаг. Үндэсний спорт бол үндэсний дархлаа юм шүү дээ.

-Танд хэчнээн нум байна вэ?

-Дөрөв байдаг. Бүгдээр нь харвахгүй. Гурван нумыг маань Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын Баатар гэж хүн урласан. Хоорондоо тус бүр 10 жилийн зайтай хийж байсан юм. Одоо харваж байгаа нумыг хийсэн хүн нь бурхан болсон. Үнэхээр сайн нум урладаг хүн байлаа. Нэг нумыг аав хийж өгсөн. Ийм нумуудаар л цэц сорьж байгаа.

-Улсын наадамд түрүүлсэн 20 настай залууг индэр дээр шагналаа гардаад зогсож байхыг хараад бахархаж байлаа. Төлөв, түвшин, буурьтай харагдаж байсан. Магадгүй энэ нь сурын спорт нөлөөлснийх үү, эсвэл таны унаган зан уу?

-Харваагаар хичээллэдэг залуус үйл хөдлөл, үзэл бодлын хувьд их тогтвортой болдог. Цочмог ааш гаргадаггүй. Аливааг бодож, тунгаасны үндсэн дээр шийдвэр гаргах хэмжээний хүлээцтэй болж хүмүүждэг. Нэг онолоо гээд баярлаж хөөрөхгүй, алдахаараа гуньж гутрахгүй. Энэ нь зөвхөн тэмцээний үед бус амьдрал дээр ч харагддаг. Хатуужил сурдаг. Баяр баясгалантай зүйл болоход тэр бүхнийг сайхнаар хүлээж авдаг, юу юугүй хөөрч дэгдэхгүй. Энэ бүхнийг надад сурын спорт суулгаж өгчээ. Түүнээс биш би багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин сурын спорт намайг жинхэнэ утгаар нь хүмүүжүүлсэн дээ. Анх сур харваагаар хичээллэж байхдаа боломжийн харвахаараа хөөрч гүйдэг л байлаа. Тэгээд удаан хичээллэх тусам намба сууж байна даа.

Ярилцсан Б.Бадамгарав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top