“Зиндаа” сэтгүүлийн энэ дугаарын “Цэц магнай” булангийн хойморт Монгол Улсын мэргэн, Увс аймгийн Тэс сумын харьяат Дамирангийн Норжмаа заларлаа. Түүнийг Монгол Улсын заан Д.Бумбаярын дүү гэдгийг эрийн гурван наадмаа үздэг хүмүүс андахгүй мэдэх биз ээ. Мөн тэрбээр 2017 оны шилдэг харваач, шилдэг дасгалжуулагч болсон бахархам амжилттай. Д.Норжмаа мэргэнийг улсын наадамд амжилт үзүүлэх цөөн эмэгтэй харваачдын нэг хэмээн ахмад харваачид нь тун ч ам сайтай байдаг. Бөхчүүдээрээ алдартай нутгаас төрсөн үндэсний харваачдын нэг, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа мэргэний амьдрал, үндэсний сурын спортын их амжилтын түүхээс уншигчидтайгаа хуваалцахаар бэлтгэлээ.
-Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаа гэхээр үндэсний сурынхан, сурд хайртай түмэн андахгүй. Үндэсний сурын их спортод хэрхэн хөл тавьж байв?
-Анх 1998 оны долдугаар сарын 5-ны өдөр баяр наадмын харваа эхлэхэд дөрөв хоног үлдээд байхад сурын талбайд хөл тавьж байлаа. Хоёр нарны хооронд бэлтгэл хийсээр байгаад анхныхаа наадамд оролцож 36 сумнаас 12 оносон. Би тэр үед Х.Баянмөнх аваргын үүсгэн байгуулсан Бөхийн Үндэсний Дээд сургуульд ажилладаг байлаа. Сургалтын албаны дарга маань намайг үндэсний сурын харваагаар хичээллээч, би багш хүн болохоор чамайг өндөр амжилт үзүүлнэ гэдгийг мэдрээд байна гэж гуйна. Би шийдэж чадахгүй жил гаруй болсон. Хавар болж дулаараад багш маань ч ажлаа тараад нум сумаа аваад талбай руугаа явах нь ихсээд, намайг сур харваанд оруулах гэж шавдуулах болсон үед би өөрийгөө улсын наадамд түрүүлээд шатаар дээшээ гараад Ерөнхийлөгчөөс цолоо гардан авч байна гэж зүүдлэсэн. Өглөө нь ирээд багшдаа “Би сурын харваагаар хичээллэхээр шийдлээ” гээд шуудхан хэлсэн дээ. Би тэр зүүдээ түрүүлэх хүртлээ хэнд ч хэлэхгүй манаж явсаар байгаад 2007 онд Улсын наадамд түрүүлж “Монгол Улсын мэргэн” цол хүртээд хамгийн анх ТV 5 телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагаараа олон түмэнтэйгээ хуваалцсан даа.
-Тун их бэлэгшээлтэй зүүд зүүдэлжээ. Таныг анх харваж эхлэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-1998 оны наадмыг үзэхээр хөдөөнөөс аав маань ирсэн байсан. Наадмын өмнөх хэдэн өдөр би сурын талбай руу бэлтгэл хийхээр явна гэхээр аав учиргүй дургүйцнэ. Эмэгтэй хүнд хэцүү спорт. Юун сур харвах, бид наадмаар ахын чинь барилдахыг үзэж хараад байхад болно гээд нэг л хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би тун удалгүй наадмын дараахан Монголын Төмөр замын 65 жилийн ойн харваанд наймдугаар сарын 2-ны өдөр оролцож 2-р байр эзэлсэн. Гэнэтийн гэмээр амжилтаараа аав болон гэр бүлийнхнийгээ буулгаж авсан. Аав итгэж ядаад намайг дахин дахин үнсэж баяр хүргээд, ийм мундаг хүнийг яаж хориод байхав гээд зөвшөөрсөн. Би ч аваргыг давж аварга болдог гэдэг шиг тэр харваанд улсад нэг түрүүлж, ес үзүүрлэсэн Батжаргал мэргэний урд орсондоо нэлээд урамшиж бэлэгшээж байсан. Намайг харваач болгосон медаль гээд би тэр медалиа туузныхаа хамгийн дээр нь залдаг.
АМЖИЛТААР АРВИН 2017 ОНДОО ТАЛАРХАЖ БАЙНА
-Нэг айлын гурван хүүхэд Монгол түмний бахархал болсон эрийн гурван наадмаар бүгд өндөр амжилт үзүүлжээ. Нэг талаараа энэ бол ховорхон тохиох хувь заяа байх л даа?
-Тийм шүү. Амьддаа бие биенээ хайрла гэдэг шиг өөрийн болоод бусдын бахархал омогшил төрүүлэх үйлс амжилтаараа бахархалгүй яахав. Би монгол хүнээр, монгол ухаанаар, монгол өв соёлоороо бахархах дуртай. Гэр бүлийнхээ амжилтыг үнэхээр ховорхон тохиох хувь заяа гэдэгт итгэдэг. Аав ээж хоёр маань биднийг их сайхан, тайван, гэр бүлсэг, бие биендээ хүндэтгэлтэй, сайхан хайран дунд өсгөсөн болохоор аав ээжийгээ яаж баярлуулж, энэ далай их хайр энэрэлд нь юугаар хариу барих вэ гэж дандаа өөрөөсөө асууж явдаг байсан маань сурын спортоор хичээллэх, цаашлаад улсын цолонд хүрэх зэрэгт их нөлөөлсөн. Би түрүүлж аав ээж хоёрыгоо баярлуулах гэж л харвасан гэж өөртөө өндөр шаардлага тавьдаг байсан. Бумбаяр ахыгаа би ард түмний хайртай бөх гэж боддог, ахаараа бахархдаг. Баатархүү уяач бол миний дүү. Дүүгийнхээ нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээр бахархдаг.
Бид аав ээжээсээ наймуулаа. Төрсөн ах, эгч, дүүс тэднийхээ гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нарыг бид бурхны зарлигаар нэгэн гал голомтонд мэндэлсэн ураг барилдсан гэж хүндэлж хайрлаж явдаг. Амьдрал баян болохоор цаашдаа олон гэр бүл удам угсаандаа эрийн гурван наадмаа цогцлоох тохиолдол гаралгүй л яахав.
-Үндэсний сурын спортоор хичээллэж Монгол Улсын мэргэн цол анх хүртэж байсан тэр гайхамшигтай цаг мөчөө эргэн дурсвал?
-2007 онд Төр түмнийхээ наадамд түрүүлээд аав ээж, нутаг усаараа овоглуулан дуудуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын мэргэн цол хүртэж байсан нь миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй дурсамж. Улсын цол хүртэх гэж чамлахааргүй хичээл зүтгэл гаргасан болоод ч тэр үү, их л догдолж байсан санагддаг. Би Увсын цэнхэр хязгаар нутгаас төрсөн анхны мэргэн цолтон болж аав ээж төдийгүй нутгийн олон түмнээ баярлуулсан даа.
-Таныг мөн ч олон товхолж байсныг олон хүн мэднэ. Тиймдээ ч таныг улсын наадамд нэгээс олон түрүүлэх цэцтэй, ончтой хүн гэж ярих юм билээ?
-Би сур харвах хугацаандаа нэг удаа түрүүлж, таван удаа наадмын түрүү байрын төлөө өрсөлдөж, дөрвөн удаа үзүүрлэж, гурван удаа шөвгөрчээ. Уламжлалт харваагаар амжилттай харваж Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Дээрх амжилтыг үзүүлэхийн тулд хичээл зүтгэл, цаг хугацаа, маш их зүйлээ золиосолж байж хүрсэн гэж боддог. Намайг үнэлж, наадамд дахин дахин түрүүлээсэй гэж хүсэж, ерөөж байдаг хүмүүстээ баярлалаа. Сүүлдээ ч олон үзүүрлээд байхаар дэмждэг хүмүүсийнхээ наадмын үеийн дэврүүн омогшсон, бахадсан, хөөрсөн сэтгэлээр ч тоглох шиг болж байна даа гэж өөрийгөө голдог байлаа. Зарим нь үзүүрлэх ч том амжилт шүү гээд сэтгэл засдаг л юм.
-2017 он танд ямар амжилт бүтээл, ухаарлыг өгсөн жил байв?
-2017 он миний хувьд амжилтаар дүүрэн байлаа. Миний хань намайг “Энэ онд оролцсон наадам, тэмцээн бүртээ 34-өөс дээш онож тэргүүн болон шагналт байр эзэллээ” гээд л магтаад байсан. Саяхан болсон Оны шилдэг шалгаруулах “Эрхий мэргэн” ёслолын ажиллагаанд “Оны шилдэг харваач”, “Оны шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн боллоо. Амжилтаар арвин байсан улиран одож буй 2017 ондоо маш их талархаж байна.
ЦЭРЭГ ЭРС, ӨСВӨР НАСНЫХНыГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ЭНЭ СПОРТЫГ АШИГЛААСАЙ
-Увс аймгийн Тэс сум бол таны төрсөн нутаг. Магадгүй хүн хүйгээс унаад хөрсөнд шингэн шингэтлээ нутаг ус, ижий аавдаа өнө мөнхөд талархаж, тэднээрээ бахархаж явдаг байх. Хүүхэд ахуй нас, унасан газар, угаасан ус, ижий, аавынхаа тухай бодож явдаг сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Улсын цолтой бөхийн тоогоороо улсдаа тэргүүлдэг бөхчүүдийн өлгий нутаг, урлаг, спортын алдартнуудын өлгий сайхан нутгаараа би бахархдаг. Монгол хүний ухамсар сэтгэхүй гэж бидэнд байх ёстой. Унасан газар угаасан устайгаа хүйн холбоотой болоод ч тэр юм уу нутгаа зорихоор, нутагтаа очихоор үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж, сэтгэлийн тайтгарал авдаг. Бага нас маань их аз жаргалтай байсан. Социализмын үе болохоор тайван нийгэм, зарчимч бодлоготой төр, хөдөлмөрч хичээнгүй, үнэнч, шуналгүй хүмүүс, сурч мэдэхийн төлөө тэмүүлэлтэй хүүхэд залуус олон байлаа. Миний хувьд багаасаа гэрт гадаагүй өөрийн чадах бүхнийг хийж, чадахгүйгээ сурах, суралцах гэж байнга хичээж явдаг байсан болохоор эрт бие даасан.
Ер нь манай Монгол ахуй амьдрал, ёс заншил, зөв хэв маягийг үр хүүхдээ хүмүүжүүлэхэд удирдлага чиглэл болговол зөв хүмүүс болж төлөвшинө гэдэгт итгэдэг.
-Бага насны дурсамжаас хөгтэй явдал бий л биз дээ?
-Би 16 настай байсан байх аа. Зуны амралтаар юм даг. Ээж минь тухайн өдөртөө миний хийж амжуулах ёстой ажлыг заавал хийлгэх гээд л ажлаар дараад байна. Бүгдийг нь хийх гээд их хичээсэн үү, ядарсан уу, хийж байсан зүйлээ орхиод нэг сайн уйлж аваад “Хүний эрхийн байгууллагад таны тухай захиа бичнэ, би яагаад амарч болдоггүй юм” гэж ээжийгээ том сүрдүүлж билээ. /инээлдэв/
-Удмаараа бөх эсвэл уяач, мэргэн хүмүүс байдаг. Харин танайх гэдэг айлд эрийн гурван наадам тэгш сайхан заяажээ. Одоо үр хүүхдүүд, ах дүү нарын тань хүүхдүүд аль төрөлд нь илүү дуртай байх юм бэ дээ?
-Монголчууд маань хаа сайгүй өргөн дэлгэр нааддаг болж дээ. Монгол түмэн минь зөв зүйл рүүгээ тэмүүлж байгаа нь үнэхээр сайхан санагддаг. Манай гэр бүлийн хувьд спортын тал руугаа гайгүй шүү. Том ахын хүүхэд чөлөөт бөхөөр, удаах ахын охин самбо, жүдо бөхөөр, эгчийн хүүхэд үндэсний бөхөөр хичээллээд зарим нь тодорхой амжилт үзүүлээд байгаа. Аав ээж маань 30-аад ач зээтэй. Энэ олон хүн дотор янз бүрийн л хүсэл зорилго тэмүүлэлтэй хүмүүс байдаг. Бид нэгдээд аав ээж, ураг төрлөө баярлуулах баясуулах гэж яваад л энэ сайхан амжилтын эзэд, гэр бүл маань анхны эрийн гурван наадмыг цогцлоосон өрх айл боллоо доо. Би хүүгээ тэсвэр хатуужилтай, зорилготой байлгахын тулд дагуулаад харвадаг.
-Үндэсний сурын спортоор хэдэн ч настай хүн хичээллэж болдгоороо онцлогтой. Мөн хүний сэтгэл оюун, ухаан санааг цэцэн цэлмэг байлгадаг ч гэж ярьдаг. Энэ олон жил үндэсний сураар хичээллэхдээ таны ойлгож, ухаарч авсан зүйл тань юу вэ?
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Цэвээн гарамгай мэргэн 90 нас хүртлээ харвасан. Манай сурын Холбооны Хүндэт ерөнхийлөгч СХУ- ны доктор профессор, Хүндэт мэргэн С.Батхуяг “Сур уртаашаа ухааныг хөгжүүлдэг, өргөөшөө бяр чадлыг хөгжүүлдэг” гэж хэлэхийг нь олон удаа сонссон. Үнэхээр үнэн үг юм гэж би хүндэтгэлтэй ханддаг. Сур харвах нь хүнийг цэцэн цэлмэг, эрүүл байлгадаг гэдэгт би эргэлзээгүй итгэдэг. Үүнийг батлах мэт манай сурын талбайд өндөр настай эрэгтэй, эмэгтэй харваачид олон бий. Харвах, намнах онч мэргэн байх нь монгол хүний генид байдаг байх. Төр засгаас бодлогоор дэмжээд цэрэг эрс, өсвөр насныхныг төлөвшүүлэхэд энэ спортыг ашиглаасай гэж боддог.
ТЭМЦЭЭН НААДАМ ТАЙЛБАРТАЙ ЯВАГДДАГ БОЛСОНД БАЯРЛАДАГ
-Монгол Улсын мэргэн Д.Норжмаа дэлхийн уламжлалт харвааны дээд амжилтыг тогтоолоо гэсэн мэдээ орон даяар түгэж үндэсний сурд хайртай бүхэн баярлаж, бахархаж байсан цаг саяхан. Тэр үеэ одоо бидэнтэй хуваалцвал юу хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд сурын харваагаар олон улсын тэмцээн наадмуудад оролцож цэц мэргэнээ сорих сайхан боломж нээгдсэн. Манай харваачид анхнаасаа өндөр амжилттай оролцож ирсэн. Гадныхан харваа бол Монголоос гаралтай болохоор биднийг эрэгтэй эмэгтэйгүй маш сайн харвадаг гэж биширдэг шүү. Бидний амжилтыг үнэлж Олон улсын хэмжээний мастер цол олгодог болсонд нь баяртай байна. Миний хувьд БНСУ-д явагдсан Дэлхийн сур харваачдын их наадамд оролцохдоо багийн төрөлд тухайн үедээ олон байнд миний цуглуулсан оноо хамгийн өндөр нь байсан болохоор намайг ийнхүү үнэлсэн байх.
-Үндэсний сурын харваа маань бөх, морь хоёрын энд хүрч байлуулж, шагнуулдаг цаг хэзээ бол хэмээн харваачид хүлээж суугаа байх. Мөн мур харвааг өөр зарчмаар явуулах хэрэгтэй ч гэж ярьдаг. Та ямар бодолтой явдаг вэ?
-Уг нь хамгийн шударга өрсөлдөөн сурын харваа л байдаг. Харваачид үндэсний спорт гэдэг утгаараа байгалийн ямар ч бэрхшээл үзэгдэл болж байсан харваж л байдаг харьцангуй хүнд гэж болохоор төрөл л дөө. Сурын харваа ямар ч наадамд хамгийн түрүүлж эхлээд, хамгийн сүүлд дуусдаг. Сурын харвааны хувьд бүгдийг нь биш юмаа гэхэд улсын алдар цолонд хүрсэн цөөн хэдэн харваачдаа олон нийтэд, нийгэмд таниулж танилцуулдаггүйгээс үзэгч түмэн ойлголт багатай, хаа хаанаа төдийлөн сайн дэмжихгүй л байна даа гэж бодогддог байлаа Тиймээс бөх шиг байнгын тайлбартай байлгая гэж гэж бодоод, Сурын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Холбооныхоо ерөнхийлөгчтэй ярилцаад МУСГЗ Батбаяр нэвтрүүлэгчтэй гэрээ байгуулж хамтран ажилласан. Тэр цагаас хойш сурын харваа, тэмцээн наадам бүр тайлбартайгаар явагддаг болж олон нийтэд харваачдаа таниулж энэ спорт, өв соёлоо сурталчилдаг болсонд баярлаж явдаг. Харин дөрвөн жилд нэг удаа болдог бүх харваачдын чуулганаар дүрмэндээ өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр сурын харвааг өөр хэлбэрээр явуулах тал дээр нэлээд маргаан болдог.
Шинэчилж байна гээд орвонгоор нь өөрчилвөл зан заншил, ёс, дэг жаяг гээд юм юмыг нь шингээж үлдээсэн өвөг дээдсийн маань үнэт өв хайран болно гээд миний хувьд дэмждэггүй. Японы сүмо эртний ёс жаягаа хадгалаад болоод л байна. Тийм учраас үнэ цэнэтэй байж чаддаг, ард түмэн нь бахархдаг, дээдэлдэг шүү дээ.
-“Алдар” спорт хороо таны хувьд овгоос тань ялгаагүй дуудагддаг болжээ. Магадгүй таны олон жил сайн харваж байгаа учиг, утга энд ч байж мэдэх юм?
-Миний хувьд 2000 оноос хойш “Алдар” спорт хороогоор, 2008 оноос хойш өнөөг хүртэл “Алдар” спорт хороо, “Жэм интэрнэшнл” ХХК хоёроор овогложээ. Би Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Далай даян дархан аварга, Дэлхийн бөхийн 100 жилийн од, Монгол Улс, ОХУ- ын Спортын гавьяат тамирчин Х.Баянмөнх аваргынхаа үүсгэн байгуулсан сургуулиас ажлын гараагаа эхэлж, тэнд багштайгаа таарч, өнөөдрийн амжилтад хүрсэн. Дараа нь Монгол Улсын аварга, Монгол Улсын ардын багш О.Балжинням хурандаагийн даргаар нь ажиллаж байсан “Алдар” спорт хороонд үндэсний сурын тамирчин, дасгалжуулагчаар 2000 онд ороод өнөөг хүртэл ажиллаж байна. 2008 оноос хойш Б.Ойгонгэрэл захиралтай Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Жэм интэрнэшнл” компанийн ивээл дор багаараа тэмцээн наадамд оролцож байна. Үе үеийн спортын алдартнууд, улсынхаа биеийн тамир спортын нүүр царай, нэрийн хуудас болж явсан, яваа бүх шилдгүүд “Алдар”-т байдаг болохоор үнэхээр бахархалтай. Эргэх дөрвөн улиралд “Алдар”-ын маань босгоор амжилт ялалт тасралтгүй цувж байдаг. Тэднээсээ эрч хүч, энерги, үлгэр дууриал авдаг нь миний амжилтын үндэс юм. “Жэм интэрнэшнл” компанийн олон зуун ажилчин, ажилтнууд удирдлагууддаа туйлын их баярлаж явдаг. Манай баг харваачдыг олон жил, тууштай, сэтгэл гарган дэмжиж, бидний бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн наадамд оролцох, амжилт үзүүлэхэд ивээн тэтгэж, Сурын холбооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Үндэсний спорт, өв соёлоо дэмжих сэтгэлтэй ийм аж ахуйн нэгж, хувь хүмүүс олон байгаасай гэж би хувьдаа боддог юм.
-Таны ханийг үндэсний бөхийн удамтай, сайхан барилдчихдаг хүн байдаг гэж дуулсан?
-Миний ханийг Цэцэндэлгэрийн Цэдэндамба гэдэг. Увс аймгийн Тэс сумын харьяат, Аймгийн арслан хүн бий. Аав нь бас аймгийн арслан цолтой. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Жилийн өмнөөс харваач болохоор сэтгэл шулуудаад байгаа. Бид хоёр хамтраад өнгөрсөн жилээс секц дугуйлан хичээллүүлж шавь нар бэлдэж байна. Дашрамд үндэсний сур сонирхож байгаа хүн байвал бидэнд хандаарай. Өдий хэмжээний амжилтын эзэн болсон болохоор сонирхсон хүнд зааж сургаж, өвлүүлэх нь миний үүрэг гэж боддог.
-Үндэсний сурын спортынхон дундаа та магадгүй яг ид үедээ яваа нь байх. Таны хувьд ирээдүйн зорилго, зорилт тань юу вэ?
-Намайг наадамд дахин түрүүлээсэй гэж ахмад харваачид, ах дүү, төрөл төрөгсөд маань хүсэж ерөөдөг. Мэдээж тэднийгээ баярлуулах юмсан гэж маш их хичээдэг. Харьцангуй нас үл харгалзах спорт учраас цаашдаа амжилтын төлөө хөдөлмөрлөх болно. Өөрөө харвахын зэрэгцээ харвах сонирхолтой хүүхэд залуучуудад зааж сургах, үүнийг хүүхэд өсвөр насныхныг төлөвшүүлэх хэрэглүүр болгохын төлөө ажиллана.
-Танд баярлалаа.
Ярилцсан Г.Энх-Уянга
"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01 (08/508) дугаарт нийтлэгдэв
Сэтгэгдэл ( 0 )