ХӨРӨГ: Тэнгэр газрын завсарт бүдгэрэх учиргүй түүх "Мухардаан" овогтон

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаараас онцолж байна. 


-Манайд гиннесийн ном байдагсан бол Манай удам бичигдэх нь дамжиггүй-

Монголчуудын эрийн гурван наадмын нэг сурын харваа нь маш эртний үүсэл гарал, баялаг уламжлалтай, нийтийн хүртээл болсон үндэсний наадам цэнгээн билээ. Үндэсний сурын харваа нь халх, буриад, урианхай, барга /түнх/ харваа хэмээн ангилагддаг бөгөөд өөр өөрийн өвөрмөц онцлог, ёс жаягийн дагуу улам боловсронгуй болон хөгжиж, нэгдмэл нэгэн спортын төрөл болжээ. Эдгээрийн дотроос буриад сурын харваа нь Монгол орны зүүн хойд хязгаар Онон, Улз голын сав дагуу нутаглан амьдрах Буриад зоны үндсэн наадмын нэг юм. 

Ингээд Үндэсний их баяр наадамд зориулан гаргаж буй “Зиндаа” сэтгүүлийн “Цэц магнай” булангийн энэ удаагийн хойморт алдарт мэргэн нэг л харваачийг биш бүхэл бүтэн ураг удмаараа харвадаг Дорнод аймгийн Баян-Уул сумын Бодонгууд овогт МУХАРДААНтаны тухай алдаршуулан өгүүлэхээр шийдлээ. Өвгөдөөс үг сонс гэдэг. Тиймдээ ч ёс жаяг, уламжлалаа дээдэлдэг үндэсний сурын харваачид нь өвгөн харваачдаа манай булангийн хойморт залрах учиртай хэмээсэн билээ. Ийнхүү Монголын Үндэсний сурын холбооны тэргүүлэгч Б.Түвшиний зөвлөснөөр Монгол Улсын мэргэн Пүрэвийн Гарамдорж гуайтай ярилцахаар шийдэв. 

Үндэсний сурын их гэр бүл жил бүрийн тавдугаар сарын дундуур “Нээлттэй харваа” гэх том тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулаад хэдэн оныг үджээ. Зэрэг зиндааны хувьд Үндэсний их баяр наадмын дараа ордог учир харваачид тун идэвхтэй оролцдог төдийгүй наадмын өнгөө ч мэдчихдэг бололтой. Чухам энэ л сайхан наадмын үеэр булангийнхаа хоймор зочин болох П.Гарамдорж мэргэнтэй уулзан золгосон юм. 70 гарч яваа тэрбээр хөнгөн шингэн, ухаан санаа эрүүл сайхан, үг хэл хурц мэргэн ажээ. Тиймдээ ч Гарам баавайг залуу харваачид нь хүндэтгэн, үг дуулж явдаг юм билээ. 

Буриад сурын харваанд үнэлж баршгүй гавьяа байгуулсан өвгөн МУХАРДААН 

Ямар ч хүнд ураг удам, угсаа гарвалаас нь өөр бахархах, аархах, омгорхох зүйл юу байх билээ. Харин Гарам баавайн удам бусдаас их ондоо. Өгүүлэх түүх нь ч арвин баялаг ажээ. Учир нь Гарам баавайн өвөө болох Мухардаан өвгөн алдартай дархан, мужаан хүн байсан төдийгүй Бодонгууд омгийн харваачдыг ахалдаг, хүхүүрийн мож /баг харваа/ харваанд эхи татаж /мэргэн үед/ босдог нэр цуутай мэргэн хүн байжээ. Тэрээр буриад сур харвааг нутаг орондоо дэлгэрүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулж, үр хүүхдүүддээ сур харвах, нум сум хийх арга ухаанаа өвлүүлэн үлдээсэн байна. Иймийн учир Мухардаантаны хийсэн нум сумыг бариагүй харваач энэ Монголын нутагт лав үгүй гэнэ. Ингээд бодохоор Мухардаантаны гавьяа үнэлж баршгүй их ажээ. 

Өвгөн Мухардаан Хандам гэх бүсгүйтэй ханилж Пүрэв, Гэнин, Жанчив, Дашравдан, Төмөр, Лхам, Содов, Гүржав, Юндэн, Цэрэнжав, Гэнин гэх 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн өнөр өтгөн гэр бүл. Хүүхдүүд нь цөм харваж Пүрэв, Гэнин нараас эхлээд аавынхаа үйл хэргийг залгамжлан буриад сур харвааг хөгжүүлэх үйлсэд бүхий л амьдралаа зориулсан гэдэг. Пүрэв гэдэг нь манай булангийн зочин Гарам баавайн аав шүү дээ. Тэрээр 1961 онд Улсын мэргэн, 1974 онд Спортын мастер цол хүртжээ. Авсан шагнал, байгуулсан гавьяаг нь тоочоод байвал баршгүй. 

Дорнод аймгийн Баян-Уул сумыг их сурын өлгий нутаг хэмээдэг. Улсын мэргэн 17 төрөн гарсан гэхээр яалт ч үгүй алдартай сайхан нутаг. Харин энэ сайхан мэргэчүүдийн замыг Пүрэв мэргэн нээжээ. Учир нь тэр нутгийнхаа нэрийг Улаанбаатарт алдаршуулсан анхны Мэргэн бөгөөд чухам түүний гаргасан жимээр олон арван харваачид алдрын оргилд хүрчээ. 

Мөн тэрээр аав шигээ нум сум сайхан урладаг байсан бөгөөд 1971 онд Шинийг санаачлагчдын улсын үзэсгэлэнд үндэсний нум сум хийж, олон түмэнд үзүүлсэн нь өөрийн эх орондоо нум сумыг үйлдвэрийн аргаар хийх эхлэл болжээ. Түүний энэхүү санаачлагыг дэмжиж “Дотооддоо үндэсний нум сум үйлдвэрлэх тухай” Сайд нарын зөвлөлийн тогтоол 1973 онд гарч байсан нь бахархам түүх юм.

Гарам баавай бахархах түүхтэйн дээр удам судар, нутаг усныхаа үүх түүхийг өгүүлсэн хоёр ч ном бичжээ. Мөн тэрээр өвөө, аав, авгынхаа адил үндэсний сур харвааны төлөө насаараа зүтгэж яваа нэгэн. Сурын тухай бодохгүй өдөр байх юм уу гэхэд, “Өөр юу бодож амьдрах билээ, би” гэж билээ. Нээрэн ч ураг удмаараа харваач хүн сурын тухай бодохоос, сурын төлөө л амьдрахаас өөр яах билээ. Түүний хэлдгээр Монголд Гиннесийн ном гарвал Мухардаантанууд томоохон орон зайг эзлэх нь дамжиггүй. Жишээлбэл, зөвхөн Мухардаантаны овгоос гэхэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар 1, Гавьяат багш 1, Шинжлэх ухааны доктор 1, дэд доктор 2, профессор 2, хурандаа 1 төрөн гарчээ. Мөн төр, олон нийтийн тамга тэмдгийг Мухардааны удмынхан 1980 оноос эхлэн одоог хүртэл залгамжлан хийж, хийлцэж байгаа гэнэ. Үндэсний сурын харваанд гэхэд улсын наадамд өвгөн Мухардааны хүү Гэнин 3 /1978, 1979, 1982/, С.Долгормаа 2 /1964, 1974/, Д.Нямсүрэн, Г.Дуламханд нар тус бүх нэг удаа, нийт долоон түрүү авч бахархам амжилт үзүүлжээ. Бүх тодруулбал, 1961-2003 оны хооронд Улсын баяр наадмын харваанаас Мухардааны удмын эрэгтэй харваачид 29, эмэгтэй харваачид 10, хүүхдүүд 20 гээд бүгд 59 айраг, түрүү авчээ. Тэгэхээр Мухардаан овгийнхны цусанд харваж намнах, урлаж ухаарах эрдэм угаас байдаг ажгуу. Мөн сурын спортын хөгжилд Мухардаантаны оруулсан бодитой хувь нэмрийн нэг бол нум сумны үйлдвэрлэл гарцаагүй мөн. Өвгөн Мухардаан буриад нум хийдэг, засаж янзалдаг хүн байсан нь өөрийн удмаас олон харваач, ончтой сайхан мэргэчүүд төрөх сайн нөхцөл бололцоог бүрдүүлжээ. Өөрөөс ялгаагүй олон залуусыг нум сум харвах эрдэмд хөтлөн оруулсан тухай одоо ч хуучлах нь бий. Буянтай буурал байж дээ. 

Нэгэн үе харваачдын тоо буурч, залуусын оролцоо цөөрөх хандлага байсан боловч нум сум үйлдвэрлэж эхэлсэн он жилүүдэд олон аймагт сурын спорт идэвхтэй хөгжиж, хөдөө орон нутгаас улсын наадам, спартакиад, аварга шалгаруулах харваанд хэдэн арван залуучууд оролцох болж, олон тооны улсын цолтон төрөн гарчээ. Мухардаан Гэнин гэхэд өөрийн санаачлага, спортын байгууллагын дэмжлэгтэйгээр Спортын төв ордны дэргэд нум хийх жижиг цех ажиллуулж олон арван нум сум үйлдвэрлэн, харваачид, сонирхогчдыг харвааны хэрэглэлээр хангаж байжээ. 

Монголын сурын холбооны хүндэт мэргэн Дундговийн харваач Жанлав агсан “Пүрэв гуай хавраас наадам хүртэл хэдийд нь амардаг байсан юм бол оо. Өдөр нь ажлаа хийнэ, амралтын өдөр сурын талбайд өнжинө, өглөө оройд нь харваачдын эвдэрсэн нум сумыг засч сэлбэнэ. Сурын талбайд эвдэрсэн нум сумыг бүгдийг авч явна, өглөө засаад л авчирна. Би мөн ч олон удаа нум сумаа өгч явуулсан даа. Зарим үед өөрөө дагаж очоод хараад л суудагсан. Мөн ч буянтай хүн байсан даа. Одоо тийм хүн байхгүй болсон” хэмээн Гарам баавайд хуучилсан нь өөрийн бичсэн номонд нь тэмдэглэгдэн үлджээ. Нэр нь тодроогүй баатрууд гэж байдаг бол тэр яг өвгөн Мухардаан болон түүний үр хүүхэд л байж таарна. Одоо Мухардаан овгийн харваачдыг нэрлэвэл 100 хол гарчээ. Тэр дундаас Улсын мэргэн, Спортын мастерын болзлыг 10 гаруй харваачид хангасан байна. Иймийн учир Мухардаан овогтон бол үндэсний их сурын өвийг үр удмаараа тээн, хадгалж яваа манай улсын бахархалт нэгэн гэр бүл юм. Гарам баавайтай ураг удам, аав, өвөө, авгуудынх нь тухай хуучилж суухад түүнд яагаад ч юм харуусал гэх үү, харамсал гэх үү нэг юм хоолойн цаана нь тээгэлчихээд байгааг ажиглав. Тэгээд эвтэйхнээр юу гэж асуухаа хэсэг бодлоо. Баярсайхан, Амарсайхан гэх хоёр хүүтэй, хоёул харвана. Бэрүүд нь ч харвана, бүр ач нар нь хүртэл харвадаг гээд цаанаа л нэг бахархсан аястай хэлж суухад нь харамсал, харууслын тухай яриа эхлээд дэмий ч юм уу гэж бодогдсон ч, түүнээс бэргэн бэргэн санаа зовниж явдаг зүйлсийнх нь тухай асуучихлаа. 

Тэрбээр хэсэг бодол болж сууснаа “Би ч хатуу үгтэй хүн дээ. Хааяа ширүүлчихдэг шиг байгаа юм. Миний аав, өвөө гээд бүгд л энэ их сурын төлөө амьдралаа зориулсан. Одоо би энэ харваачид дундаа бараг хамгийн ахмад нь болчихжээ. Над шиг 1960-аад онд анх сурын зурхайд хөл тавьж байсан хүн энд алга. Хойч үеэ харахаар заримдаа сэтгэл өвдөх л юм. Тиймдээ ч буруу, бурангуй зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй.

Хүн хөгшрөхөөр хэлсэн үг нь үнэ цэнэгүй болдог ч юм уу. Алтан зурхайгаа өшиглөж зогсоо Улсын мэргэн хүн ч харлаа. Ай, юу ч гэхэв, тийм зүйл харж зогсоо би азгүй ч юм уу. Хуучин цагт ахмадаас үг сонсоно гэдэг алт, бараг л хууль байлаа шүү дээ. Тэд бүгд л ёс жудгаа сахиж, бие биеэ хүндэлж, залуучуудаа хайрладаг байлаа. Одоогийнх шиг хувиа бодсон зан ер байхгүй. Бүх зүйлийг сурынхаа төлөө, бусдынхаа төлөө хийдэг байсан.

Хамгийн наад захын жишээ гэхэд л намайг буриад сураар харвадаг, халх сурын тухай мэддэггүй байхад “Халх сур бол ийм гаралтай, ийм заншилтай, ийм ёс зүйтэй, ийм зүйлийг сахиж яваарай” гэж зааж, зөвлөж байсан. Харин одоо бие биеийнхээ алдааг хараад, оноог нь тоолоод явдаг болж дээ. 

Би ах дүү нараа нэг их анхаараад байдаггүй. Миний гол зорилго бол монгол хүн бүрийг сур харвадаг болгох. Бидний өвөг дээдэс нум сумны ачаар л дэлхийн дайдыг эзэгнэж явсан түүхтэй. Түүнээс биш нүцгэн шалдагнаж, барилдаж яваагүй юм. Бүгд эрийн гурван наадамд ордог хэрнээ бай шагнал нь хүртэл ондоо байдгийг би ер ойлгодоггүй. Үнэндээ нум сум бол ямар ч найраагүй ганц спорт юм шүү дээ. Хоёр хүн хоорондоо барилдаж хүч үзэх, морь унаад давхихаас өөр зүйл. Цастай, бороотой, салхитай, шуургатай өдөр нумаа эвшээлгэн 40 сум тавина гэдэг хувь хүнээс асар их тэвчээр, хатуужил шаарддаг ажил. Эрэгтэй 75, эмэгтэй 65 метрээс огтын хөдөлгөх боломжгүйгээр өрж тавьсан хана, хасааг онож харвана гэдэг яаж ч булхай, буртаг орох вэ дээ. Ингээд л миний үг хатуудчих гээд байдаг талтай. 

Ер нь тэгээд сураар харвадаг хүн бүр мастер, мэргэн болох албагүй шүү дээ. Үндэсний тэр сайхан тоглоомоор наадаж чаддаг, ёс заншлыг нь мэддэг, хүндэтгэж сурна гэдэг л гайхамшиг” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. 

Мухардаантаны удмынхны нэр сурын тэнгэрт үеийн үед дуурсагдах болтугай хэмээн ерөөл талбин энэхүү хөрөг тэмдэглэлээ жаргаая.

Сэтгүүлч: Г.Энх-Уянга 
Ашигласан ном: “Мухардааны удмын эрхий мэргэн харваачид”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top