Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байна уу? Байна” аяныг зохион байгуулж байгаа билээ.
Аян энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд, халаасны хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох, урьдчилан сэргийлэх, гэмт үйлдлийг таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд зорьж байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 12 388 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 7592 буюу 67.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3642 буюу 32.4 хувь нь зөрчлийн шинжтэй байжээ. Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн 80 гаруй хувь нь гар утас байна.
Иймд дээрх “Байна уу? Байна” аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, гар утсан дээрх дата мэдээллийг хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг зохиох юм.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэстэй хамтран “Хархорин” худалдааны төвд нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Тус худалдааны төвийн иргэд ихээр үйлчлүүлдэг хэсэгт “Халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлье” нэртэй хулдаасан самбар байршуулж, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бүхий материал тараасан байна.
Сэтгэгдэл ( 0 )