Зууны манлай хос дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн хоёрыг ард түмэн андахгүй. Тэдний хос ятгатай дуун эгшиглэнд ард түмэн уярч сэтгэлийн цэнгэл эдэлж байдаг бол түүний хүү В.Баттулга удам дамжсан дуучин болж ард түмнээ мөн л баясгаж яваа. Тэгвэл В.Баттулгын охин Б.Дуулим “Анхны хайр”, “Вансэмбэрүү”, “Жинжиймаа”, “Ээжийн бүүвэйн дуу” зэрэг дуугаараа танигдаж, уянгалаг сайхан хоолойгоороо удмаа залгамжилж яваагаа тунхаглав. Авьяас билгийн ундаргатай урлагийн гэр бүлд төрсөн Б.Дуулим охин аавтайгаа хамтарч олон ч уран бүтээл туурвисан бөгөөд өөрөө ч бие даасан хэд хэдэн дуутай болжээ.
Аав, охин хоёр тун удахгүй “Вансэмбэрүү” тоглолтоо хийхээр завгүй байв. Цэцэг шиг ургаж буй охин үрээ аавын хайраар өсгөхийн зэрэгцээ урлагт чинхүү хайртай, уран бүтээлч болгохоор багаас нь бэлджээ. Гуравхан настайгаасаа тайзан дээр гарч “нүүр хагарсан” авьяаслаг охиноороо аав нь маш их бахархаж явдаг ажээ. Тэдний халгисан их уран бүтээл, хайр асгарсан нандин холбоо, хамтын хөдөлмөр, харьшгүй авьяас билгээр намрын шаргалхан өдөр “Вансэмбэрүү” цэцэг дэлгэрэх нь ээ.
Цар тахлын улмаас урлаг соёлын арга хэмжээг хориглосон болоод ч тэр үү тоглолт үзэх сэн гэсэн хүсэлтэй, хүлээлттэй хүмүүс их бий. Хүн гэдэг эгшиг дуугаар хөглөгдөж энэхэн хорвоог өнгөлж амьдардаг билээ. Аав, охин хоёр гадуур цар тахалтай байна гээд гараа хумхин зүгээр суулгүй өдөр бүхэн уран бүтээлчээр сэтгэж, уран бүтээлийн олз омог дүүрэн байна. Тэд анхны бие даасан тоглолтоо “Энх эсэн болтугай” нэртэйгээр өнгөрсөн намар хийж, хөдөө орон нутгаар аялан тоглолт хийгээд амжсан. Энэ оны эхээр мөн тоглолтоо цахимаар хийж аялгуу эгшигт умбуулсан.
Тэгвэл аравдугаар сарын 9-ний өдөр “Вансэмбэрүү” нэртэй тоглолтоо цахимаар хийх гэж байна.
“Вансэмбэрүү“ дууг 1980-аад онд С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр дуулж байсан бол 1990-ээд оны эхээр В.Баттулга ээжтэйгээ дуулсан. Харин өдгөө аав, охин хоёр дуулж байна гэхээр удам дамжин өвлөгдсөн хоёр зууныг дамнасан шүншигтэй дуу ажээ. Хуучны дууг сонгож дуулна гэдэг маш том зориг юм.
“Анхны хайр” дууны зохиогч Н.Жанцанноров хэмээх эрхэм уран бүтээлчээс албан ёсны эрхийг нь авч “Би чамд хайртай” киноны дууг дуулжээ. Энэ дууг дуучин Т.Ариунаагийн дуулснаар хүмүүсийн сэтгэлд хоногшсон байдаг бол тэр дассан ээнэгшлийг өөрчилж өөрийнхөө өнгө аясаар дуулж бусдад хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй. Б.Дуулим энэ өөрчлөлтийг өөрийнхөөрөө бүтээж чадсан юм.
Одоо хүмүүс түүний дуулснаар энэ дууг ээнэгшин хүлээж авч, эгшиг аялгуунд нь уярч сонсдог болжээ.
“Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаана байна
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй
Алдрайхан хонгор нас минь
Амьдралд хоёр заяахгүй
Анхны хайр минь ээ, хайр минь
Анхны хайр минь...” хэмээн аясхан сэтгэлийн хөндүүрийг аяар аяархан товших шиг их л алсаас яргаж, аргадаж, сэмлэж, асгаж дуулсан юм. Энэ л хатуу хахирган хорвоог зөөллөж хайр ивэлгэн дуулаад гарч ирсэн Дуулим өөрөө 18 нас ч хүрээгүй алдрайхан жаахнаараа байсан юм. Ёстой л анхны хайртайгаа учирч хайрлаж дурлаж явдаг нас даа. Ийм л эмзэгхэн сэтгэлээр, энхрийхэн зүрхнээсээ дуулсан болохоор тийм л уянгалаг болоо биз ээ. Дуулим одоо дөнгөж 18-хан настай. Аяа, ийм ариун энхэр нас ахиад олдохгүй гэж бодохоор энэ л насыг нь хайрламаар. Ингэж дуулж яваад нь талархмаар. Цаг үе дуучнаа, бүтээлээ төрүүлдэг гэдэг. Зөөлөн ай, зөв сэтгэл, зүрхний эгшиг үгүйлэгдэж байсан энэ цаг үед Дуулимыг бурхан илгээсэн мэт. Мөнхүү “Вансэмбэрүү” цэцэг Дуулимыг хүлээж хоёр зууныг дамжин мөнхөрсөн мэт.
“Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй вансэмбэрүү цэцгийг
Учран хараад мөнхөрнө гэсэн
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ
Би үүрээд энэхэн насандаа очих байлаа”
Мөнхийн хайрын бэлгэдэл хосоор ургадаг вансэмбэрүү өөрөө ид шидтэй цэцэг ажгуу. Дуунд хүртэл мөнхрөн цэцэглэхдээ Дуулим охиныг цэцэглүүлэн ургуулж байна гээд бодохоор юутай увдистай юм бэ. Энэ л увдислаг дууг дуулж ард түмэндээ таниулсан дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр ач охиноо нэг их магтаад байдаггүй гэнэ. Урлагийн хатуу дэг зарчмаар хөөргөөд байхгүйхэн шиг ханддаг нь илүү ихийг хийж бүтээх ташуур өгч байгаа хэрэг ээ. Ямар сайндаа л хүү В.Баттулгынх нь “Эр хүн гэдэг эмзэгхэн ч юм уу даа”, “Миний найз бүсгүйчүүд”, “Говийн хүүхнүүд” зэрэг дуунууд нь хит болж, хэд хэдэн тоглолт хийсний дараа л “Миний хүү овоо доо” гэж байсан гэдэг. С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр “Ижил заяа”, “Мартахгүй л юм сан” зэрэг уран бүтээлийн цомгуудаараа ард түмэндээ мялаалга өргөж, удаа дараа тоглолт хийж, эх орноо олонтаа гороолон аялсан урлагийн ертөнцийн сайн, мууг дотор гадаргүй мэдэрсэн улс. Дөнгөж дэлбээлж буй ач охиноо ёстой л вансэмбэрүү цэцэг шиг нандигдаж, ширхэг тоос буухаас ч хамгаалан хайрлаж байгаа нь энэ ээ.
“Хүсэл сэтгэлийг хөг оруулагч гэрэл гэгээ минь билээ
Хөөрхөн охиныхоо төлөө бүхнийг чадна аав нь...
...Хүсэл мөрөөдлийг минь хөглөгч гэрэл гэгээ билээ
Хүний дээд аавдаа бүхнээс хайртай охин нь“ хэмээн үртэй, аавтай хүн бүхний зүрхийг жаргаасан сайхан дуугаараа аав бүхнийг хариуцлагатай байхыг, үр бүхнийг ачлалтай байхыг ухаажуулан аав, охин хоёр дуулж байна. В.Баттулга гурван хөөрхөн охинтой. Дуулим хамгийн том нь. Энэ жил арван жилийн сургуулиа төгссөн. Аав нь охиныхоо продюсерыг хийж цаашдынх нь зам мөрийг гэрэлтүүлж явна. Тэд “Энх эсэн байх болтугай”, “Аавын хайр”, “Залуусын золбоо”, “Вансэмбэрүү”, “Нутгаа санахад”, "Бодсоор л явна”, “Эрчүүдийг уучил”, “Хайртай шүү ээж ээ”, “Анхны хайрын дурсамж” зэрэг олон дуутай болж хоолойныхоо чадал чансааг харуулж байгаа. Дуулим охин өөрөө үг, ая зохиох нууцхан авьяастай аж. Өөрийн зохиосон дуугаа тун удахгүй дуулж олны хүртээл болгоно гэдгээ ч амласан юм. Хамгийн сүүлд “Сартайд учирна” хятадын олон ангит киноны дууг дуулсан гэдгээ ч дуулгав.
Тун удахгүй Хятад улсад урлагийн их сургуульд суралцахаар хэлний бэлтгэлдээ явж байгаа аж. Тэнд их зүйл сурч дэлхийн зах зээлд өрсөлдсөн дуучин болохоор зорьж байгаа юм. Аав, охин хоёр “Амь нэгтэй аав, охин” дуугаа 2016 онд гаргаж, уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.
Охин 2016 онд “Universe best songs” тэмцээнд 15 насандаа амжилттай оролцож, “Өсвөрийн шилдэг оролцогч” болж байсан гэдэг. Б.Дуулим “Аав минь дууг хүчилж бус чин сэтгэлээсээ мэдэрч дуулвал хүнд илүү хүрнэ гэж захидаг. Би хүмүүсийн магтаал, шүүмжлэлийн аль алинд нь авах гээхийн ухаанаар ханддаг” гэж хэвлүүхэн хэлэв. Уран бүтээлч хүн дэврүүн сэтгэлтэй, үгэнд цэцэглэж, гандаж байдаг хүмүүс. Аав, охин хоёрыг элдэв үгээр хэлэх, гоочлох, муучлах хүн цахим орчинд мундахгүй ч тэд үүнд ач холбогдол өгч гуньж суух завгүй явна. “Энх эсэн болтугай” гэдэг нэртэй дуу нь цацагдаж олны хүртээл болсноос хойш хүмүүс охиныг бүр ч их мэддэг, таньдаг болжээ. Энэ хэрээр өөрт нь улам их хариуцлага, үүрэг ногдож байгааг ч тэр ухамсарлаж урлагт нэрээ дархалсан хайртай өвөө, эмээ, аавынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй явахыг үргэлж хичээдэг гэсэн юм. Өвөө, эмээ нь түүнд “Дууны утгыг сайн ойлгож, мэдэрч дуулаарай. Ямар ч үед хүн чанараа битгий гээгээрэй” гэж үргэлж захидаг ажээ. Дуулим аавынхаа шударга, хөдөлмөрч, юунд ч шантардаггүй зангаар нь бахархаж, үлгэрлэдэг, аавдаа хачин хайртай охин юм. Охиныхоо дууг хийхийн тулд аав нь хөөргөө хүртэл ломбарданд тавьж байсан гэдэг. Ийм их итгэл хүлээлгэн охиноо дэмждэг болохоор урмыг нь хугалахгүй гэдгээ ч хэллээ.
“Цасны цагаан ширхэг бүхэн
Хадны дулаан нөмөр бүхэн
Ургах нарны гэрэл бүхэн
Уудам тэнгэрийн мичид бүхэн
Энх эсэн болтугай”
хэмээн эсэн энх, эрүүл саруул, элбэг хангалуун, сайн сайхан байхыг бэлгэдсэн гэгээн бүхнийг урин дуудсан энэ дуу нь цар тахлын үед улам бүр ч сэтгэл цэлмээнэ. Үнэхээр л энэ дуу шиг бүх зүйл энх эсэн байх болтугай. В.Баттулга “Цар тахал гээд урлаг соёлыг хорьж байгаа хэр нь төр засаг хуралдахаараа юм уу эсвэл баар саванд цуглахаараа ковид байхгүй болчихдог нь хачин санагддаг. Урлаг соёлоор дамжиж хүн төрөлхтөн гэгээрч, гэрэлтэж, амьдралыг сайн сайхнаар харж, амьдрах итгэл найдвар, хүсэл мөрөөдөл төрдөг. Манай төрийн өндөрлөгүүдийн нас нь дэндүү залуудаж, туршлага нь арай л дутаад байна уу даа гэж хардаг” гэдгээ илэрхийлэв. Бас тун удахгүй “Вансэмбэрүү” цомгоо гаргаж сонсогчдодоо бэлэг барих гэж байгаагаа ч дуулгаад амжлаа.
Тэднийг гадаадад байгаа монголчууд ирж тоглолт хийгээч гэсэн урилга илгээжээ. Ирэх арваннэгдүгээр сард Турк улс болон европын долоон орноор аялан тоглолт хийх урилга аваад явах бэлтгэлдээ оржээ. Мөн гадаадад байгаа монголчууддаа зориулж “Эрхэт Монгол” групптэй хамтарч тоглолт толилуулах юм байна.
Тайзан дээр аав, охин хоёр хамтдаа дуулахдаа хамгаас жаргалтай. Аав нь охиноо энхрийлэн ширтэж, охин нь аав руугаа бахдан хараад л, хайр асгаруулан дуулдаг болохоор хүмүүс тэдэнд хайртай. Ийм нандин сэтгэлийг мэдрүүлдэг болохоор дуу бүхэн нь үнэн байдаг, аялгуу бүхэн нь хүнд хүрдэг биз ээ. “Вансэмбэрүү” тоглолт UNILIVE-88 дугаар суваг, DDISH-900 дугаар сувгаар 20.00 цагт лайваар шууд цацагдах бөгөөд тоглолтод урлаг соёлын энэ цагийн дуучид, уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Дуулим хорвоод Б.Дуулим охин дуулах гэж ирсэн болохоор дутуу бүхнийг дүүргэн дуулж явна. Хоёр зуунд мөнхөрсөн “Вансэмбэрүү” аавын аялгуу, үрийн эгшгээр сүлэлдэн дэлгэрсээр...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )