Японд хачгаар дамждаг үл мэдэх вирус илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06


Японы эрдэмтэд Хоккайдо арал дээр үл мэдэх нэгэн вирус илрүүлжээ. Эл вирус нь хачгаар дамждаг байна.

“Nature Communications” сэтгүүлд мэдээлснээр, вирусийг анх 2019 онд илрүүлжээ. Тухайн үед 41 настай нэгэн эрэгтэй өндөр халуун, хөл нь хүчтэй өвдөлттэй гэсэн оноштой Хоккайдо арлын эмнэлэгт хүргэгджээ. Үүнээс өмнө тэрбээр ойгоор зугаалсан байна. 2020 онд мөн ийм оноштой өвчтөн эмнэлэгт хандсан тохиолдол бүртгэгджээ. Эмчилгээ хоёр долоо хоног үргэлжилсэн байна. Ингэхдээ шинжилгээгээр энэ бүс нутагт хачгаар дамжин халдварладаг, урьд өмнө бүртгэгдэж байсан вирус илрээгүй байна. Хоёр тохиолдлын хоёуланд нь өндөр халуурах, цусан дахь тромбоцит болон лейкоцит эсийн хэмжээ буурсан шинж тэмдэг ажиглагджээ.

Тус хоёр өвчтөний цусны сорьцоос авсан вирусийн генийн шинжилгээгээр ортонавирусийн шинэ төрөл болохыг тогтоожээ. Энэ төрлийн вируст Крым, Конгогийн цусархаг чичрэгийн вирус багтдаг байна. Үүний дараа эрдэмтэд 2014 оноос хойш хачигт хазуулсны улмаас төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн цусны сорьцыг шинжилсэн байна. 2014 оноос хойш Японд үл мэдэх вирусээр дор хаяж долоон хүн халдварласан ба нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж вирус судлаач Кэйта Мацүно мэдээлжээ. Эрдэмтдийн мэдээллээр, зарим өвчтөний элэгний үйл ажиллагаа алдагдсан байжээ. Үүнтэй холбогдуулан Хоккайдогийн их сургуулийн судлаачид буга, илбэнх зэрэг зэрлэг амьтдын цусны дээжийг шинжлэхэд эдгээр амьтдад энэ вирусний эсрэг биет үүссэн байжээ.

Үл мэдэх вирусийг Йезо /Эрт үед Хоккайдог ингэж нэрлэдэг байжээ/ гэж нэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top