Хиймэл оюун ухаан 126 төрлийн амьтан коронавирус тээх чадвартайг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

1960-аад оны дунд үед коронавирус буюу титэм вирусийг анх илрүүлж байв. 2002 онд “В SARS-CoV” бета коронавирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халтай хам шинж өвчний анхны тохиолдол бүртгэгдэж, 2015 онд “С MERS-CoV” коронавирусээр үүсгэгдсэн Ойрх Дорнодын амьсгалын хам шинж өвчин дэлгэрч байв.

Харин 2019 оны сүүлээр хүн төрөлхтөн “SARS-CoV-2” коронавирустэй анх “танилцаж”, 2020 оны эхээр цар тахлын эрин үе рүү “хөл тавьсан”.

Зарим хүний хувьд энэ эрин үе дуусаж байгаа бол нөгөө хэсгийн хувьд цар тахал ид оргил үедээ явж байна. Харин эрдэмтэд энэхүү “таагүй” вирусний овог аймгийн ээлжит нэг гишүүн гарч ирэх ирээдүй рүү өнгийж харахаар яарахгүй л байна. Гэхдээ орой, эрт хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдэгт тэд эргэлзэхгүй байна.

Их Британийн Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглан ямар төрлийн амьтан коронавирусний олон янзын омгийг өөртөө “орогнуулж”, титэм вирусний шинэ үеийг төрүүлэх талаар таамаг дэвшүүлэх гэж оролджээ.

Судалгаанд оролцсон вирус судлаач Маркус Благроувын хэлснээр, хоёр өөр төрлийн вирус нэг эсийг халдварлуулж, “охин” гэгдэх вирусийг бий болгосноор шинэ омог үүсэх эхлэлийг тавьдаг байна. Вирус болон “SARS-CoV-2” коронавирусээс ч аюултай вирус бий болгох чадвартай тээгч хоёрын холбоо өмнөх судалгаануудаас  олон арав дахин их болохыг тогтоожээ. Өмнө нь SARS-CoV-2 зэрэг коронавирусийг тээдэг дөрвөн төрлийн хөхтөн амьтан байдаг гэж үзэж байсан бол хиймэл оюун ухаан энэ жагсаалтыг 126 тээгч болгон нэмэгдүүлжээ.

Тухайлбал, хачин сүүлт суусар, тахан хамарт сарьсан багваахай нэгэн зэрэг 32 болон 68 төрлийн титэм вирусийг тус тус тээх чадвартай гэнэ. Хиймэл оюун ухааны гаргаж авсан алгоритм “Sars-CoV-2” вирус зараа, молтогчин туулай, нэг бөхтэй тэмээн дэх бусад вирустэй генийн шинэ хослолыг үүсгэх чадвартай болохыг тогтоожээ.

Сүүлийн нэг жилд коронавирус хүн төрөлхтний номер нэг дайсан болсон ч энэ овог аймгийн ихэнх гишүүд хүнд хоргүй аж. Бидний ихэнх нь коронавирусний халдвараар ямар нэгэн байдлаар өвчилж, хөнгөн хамрын ханиад хүрч, эдгэрсэн байдаг байна.

Коронавирусний овог аймагт альфа, бета, гамма, дельта гэсэн дөрвөн төрөл байдаг байна. Эхний хоёр хувилбар нь хүнд халдварлах чадвартай бол харин SARS буюу амьсгалын цочмог хам шинж өвчнийг үүсгэх чадвартай омог зөвхөн бета коронавируст л байдаг аж.

Хамгийн аюултай нь вирус сонгож авсан эзнийхээ дархлааны тогтолцоог гэмтээх түлхүүр хайж, байнга РНК-аа солилцож, генийн дарааллаа өөрчилж байдаг гэнэ. Тиймээс судлаачдад вирусний энэ бүх хувьсал, өөрчлөлтийг ажиглаж, хянахад хүндрэлтэй байдаг байна.

Гэхдээ эрдэмтэд титэм вирусний гол тээгч нь удаан хугацаанд өөрөө өвчлөлгүйгээр, вируст хувьсан өөрчлөгдөх боломж олгон биедээ тээж явдаг, гайхалтай хүчтэй дархлааны тогтолцоотой сарьсан багваахай гэдэгт санал нэгддэг. Харин коронавирус хүнд шууд дамжих эсвэл завсрын тээгчээр дамжин халдварлах нь зөвхөн цаг хугацааны эсвэл азгүй “хувьсгалын тохироо”-ны асуудал юм. Судлаачид коронавирусний тээгчийн үүрэг гүйцэтгэдэг амьтанд хандах хандлагаа өөрчилж болохгүй гэж онцолсон байна. Учир нь онгон дагшин байдалд хүн өөрөө дайран орж, “гайг өөртөө” дууддаг.

Судлаачдын боловсруулсан технологи нь онолын хувьд вирусний хувьсан өөрчлөгдөх явцад өвчин үүсгэх чадварыг нь олж тогтоох боломжийг бий болгожээ. “Хэрэв бид эртнээс эдгээр вирусийг олж илрүүлж чадвал урьтаж эм, вакцин гарган авч, хүнд хүрэхээс өмнө сэргийлэх боломжтой” гэж вирус судлаач Благроув тодруулсан байна.

Эх сурвалж: ВВС.com

 

Top