Дэлхий дахинд үл мэдэх гаралтай элэгний хурц хепатитаар өвчилсөн хүүхдийн тоо 190 болж өссөнөөс 140 нь Европт бүртгэгдээд байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Андреа Аммон мэдэгдлээ.
Үүнээс өмнө ДЭМБ гарал үүсэл нь тодорхойгүй хепатитын 169 тохиолдол дэлхийн 12 оронд бүртгэгдсэн тухай мэдээлж байсан билээ.
ДЭМБ-ын мэдээллээр, үл мэдэх гарал үүсэлтэй хепатит өвчин 0-16 насны хүүхдүүдийн дунд тархаж байна. Нийт өвчтөний 10 хувьд нь элэг шилжүүлэн суулгах шаардлага гарсан бол нэг нас баралт бүртгэгджээ.
Бүх тохиолдолд шинжлэх ухаанд танигдсан элэгний A, B, C, D, E вирус илрээгүй. Учир битүүлэг халдвар Европын 10 орноос гадна Израил, АНУ-д бүртгэгдээд байгаа юм.
Үл мэдэх гарал үүсэлтэй хепатитын тохиолд бүртгэгдсэн орнуудад холбогдох судалгаанууд эхлээд байна. Гэсэн хэдий ч хурц хепатитын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Бүх тохиолдлууд хоорондоо холбоогүй бөгөөд бяцхан өвчтөнүүд гадаад улс орнуудад зорчиж байгаа аж.
ДЭМБ-ын зүгээс дэлхийн улс орнуудад хандан хүүхдүүдийн хурц хепатит өвчлөлийн талаар мэдээлэх зөвлөмж хүргүүлж эхлээд байна.
Их Британийн Эрүүл мэндийн яам хүүхдүүдийн дунд тархаад буй үл мэдэх гарал үүсэлтэй хепатит өвчний судалгааны талаар өчигдөр (2022.04.26) танилцуулсан.
Тайлангаас үзвэл, Их Британийн эмч нар эл учир битүүлэг өвчин нь аденовирустэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Энэ он гарснаас хойш гэхэд тус улсад багадаа 111 хүүхдэд элэгний хурц үрэвсэл илэрчээ.
Их Британид бүртгэгдсэн тохиолдлуудаас 53-т нь аденовирус илэрснийг судлаачид танилцуулсан. Түүнчлэн Ковид-19 өвчин үүсгэгч коронавирус зөвхөн зургаан тохиолдолд бүртгэгдсэн байна.
Аденовирус нь вирусийн төрөлд давамгайлдаг ба хүнээс хүнд дамждаг. Гэхдээ эрүүл хүнд тус вирус элэгний хепатит өвчин үүсгэх нь туйлын ховор тохиодог байна. Коронавирусний цар тахлын үед намжаад байсан аденовирусийн тархалт сүүлийн үед хүчтэй дэлгэрч, Их Британид гэхэд ковидоос өмнөх түвшнээс давжээ.
Мэргэжилтнүүд одоо учир битүүлэг гарал үүсэлтэй хепатит өвчнийг аденовирустэй холбоотой эсэхийг голлон судалж байна. Гэсэн хэдий ч эл вирус элгийг хэрхэн үрэвсүүлж байгаа нь өнөө хэр тодорхойгүй байна. Судлаачид аденовирус нь үл мэдэх хепатитыг үүсгэсэн хүчин зүйлсийн нэг бөгөөд ямар нэг зүйлтэй хавсарсан байх талтай гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн аденовирусний шинэ хувилбар гарсан байж болзошгүй гэсэн таамаг мөн дэвшүүлжээ.
Их Британийн эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээллээр, хепатит оноштой хүүхдүүдийн ихэнх нь таваас доош насны хүүхдүүд эзэлж байгаа ба дундаж нас нь гурав байна. Цөөн тохиолдолд арваас дээш насны хүүхдүүд өвчилжээ.
Их Британид тус өвчнөөс үүдэлтэй нас баралт бүртгэгдээгүй ч 10 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлага гарчээ.
Сэтгэгдэл ( 3 )
eh survaljaa bich, hudal medeelel bn
eh survaljaa bich, hudal medeelel bn
eh survaljaa bich, hudal medeelel bn