АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн сансрын хөлөг манай нарны аймгийн үл судлагдсан хэсэгт хүрч, хамгийн олон тооны астероид /жижиг гараг/ руу хүрнэ. “Люси” хөлгийн тусламжтай эрдэмтэд Дэлхий болон бусад гарагс хэрхэн үүссэнийг олж мэднэ гэж найдаж байна.
Өнөөдөр /2021.10.16/ сансрын хөлөг “Люси” найман астероидод хүрэх түүхэн амжилт тогтоож, туйлын бага судлагдсан Бархасбадь гарагийн нууцлаг Трояны астероидууд руу анхны нислэг үйлдэхээр Флорида муж дахь Канаверал сансрын буудлаас хөөрлөө. Эдгээр астероид сүүлийн 4.5 тэрбум жил бараг өөрчлөгдөөгүй “гарагсын үр хөврөл” юм. Үүнээс л дэлхий үүссэн гэж үздэг тул манай гараг төрсөн үе рүү очих боломж юм гэж “Forbes” мэдээлжээ.
Бархасбадь гарагийн Трояны астероидууд нь Бархасбадь гарагийн нарыг тойрон эргэдэг тойрог замаар эргэлддэг хоёр бүлэг сансрын биетүүд юм. Эхний бүлэг нь Бархасбадь гарагийн өмнө, нөгөөх нь хойно нь байрладаг. Эдгээр астероидыг Гомерын Трояны дайны баатрууд гэж нэрлэдэг. Ингэхдээ Бархасбадь гарагийн өмнө байрлах бүлгийг “Грекүүдийн бааз”, хойд бүлгийг “Троянчуудын бааз” гэдэг.
“Люси” хөлөг 12 жил сансарт аялахдаа нийт зургаан тэрбум гаруй км зай туулах юм.
Сэтгэгдэл ( 0 )