Буцаж яваа цаг гэдгийг мэдрүүлэх мэт хүйтэн, жихүүн салхитай өдөр хүн бүхэн дулаан газрыг зорино. Намрын жиндүү энэ л цаг дор “Хүннү молл” үйлчилгээний төвд халуун дотно, хайр мэдрүүлсэн нэгэн үйл явдал тохиосон нь “Цагаан шөнө” хамтлаг байлаа. Дэлхийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах “Цагаан таягтны өдөр”-ийг тохиолдуулан “Цагаан шөнө” хамтлагийн 30 жилийн ойд зориулан гаргасан “Цагаан шөнө 30” цомгийн нээлт болж байгаа нь энэ юм. Өнгөрөгч тав дахь өдөр “Цагаан шөнө” хамтлагийн гишүүд өөрсдийн уран бүтээлийнхээ хэсгээс үзэгч олондоо толилуулсан нь зэврүүн өдрийн хургасан жаврыг үргээж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн юм. Цомгийн нээлтийг зорьж ирсэн зочдын уур амьсгал аятай сайхан. Үүгээр ч зогсохгүй “Хүннү молл” үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байсан хүн бүхний анхаарлыг хараагүй иргэдийн зохион байгуулж буй дээрх үйл ажиллагаа гойд татаж байсныг нуух юун.
“Хараагүй хүмүүс байж хөгжмийг яаж ингэж гайхалтай тоглож чаддаг байна” хэмээн шүүрс алдах хүмүүсийн яриа ч сонсогдож байлаа. Хараагүй байх нь бэрхшээл биш, тэд нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах бүрэн боломжтой гэдгийг “Цагаан шөнө” хамтлаг тод томруунаар харуулж байгаа билээ. Тус хамтлаг анх хараагүйчүүдийн дуу хөгжмийн “Цацралт” чуулгаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж, 1991 онд “Цагаан шөнө” хамтлаг байгуулагдсан гэдэг. Үүсэн бий болсон цагаасаа хойш 30 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байгаа Монголын цөөхөн хэдэн хамтлагийн нэг гэдгийг урлагийн салбарынхан андахгүй мэднэ. Ард олныхоо дунд “Итгэлийн дуу”, “Жаргаагүй аав”, “Үгүйлэгдсэн хайр”, “Хайрын сарнай”, “Ухаарлын дуу”, “Цасны дэлбээ” зэрэг уран бүтээлээрээ танигдаж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн “Цагаан шөнө” хамтлагийн фэнүүд шинэ цомгоо тун удахгүй гардан авах нь ээ.
Арга хэмжээний үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний хөгжлийн газрын дарга Э.Тамир “Дэлхийн цагаан таягтны өдрийг жил болгоны аравдугаар сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд тус өдөрлөгтэй давхцан “Цагаан шөнө” хамтлагийн 30 жилийн ойд зориулан гаргасан цомгийн баяр зохион байгуулагдаж байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлаас илүү тэдний давуу тал, чаддаг зүйлсийг нь нийгэмд харуулах зорилготой. Ингэснээр хүмүүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох хандлага нэмэгдэх юм. Энэ ч утгаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс “Бэрх биш ээлтэй” аяныг өрнүүлж байгаа. Аяны нэг хэсэг нь “Цагаан шөнө” хамтлагийн цомгийн нээлт юм. Хамтлаг маань цомгоо гаргаад, тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод байна. Цаг сайхан болохоор хамтраад тоглолтоо хийнэ” гэсэн юм. Мөн “Цагаан шөнө” хамтлагийн дуучин Д.Сарантөгс 30 жилийн ойдоо зориулан гаргаж буй цомогт зөвхөн хамтлагийн гишүүдийн бие даан туурвисан уран бүтээлүүд байгаа талаар онцолсон юм.
Хэрвээ цар тахал дэлхий нийтэд тархаагүй байсан бол өдгөө “Цагаан шөнө” хамтлаг тайлан тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох байсан аж. Цомгийн нээлтэд хамтлагийн гишүүдийн найз, үнэнч шүтэн бишрэгч, хамтран зүтгэгч нар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг олон байгууллагуудын төлөөлөл ирсэн байлаа. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс “Цагаан шөнө” хамтлагийг 30 жилийн турш аялгуу эгшгээр жигүүрлэж, ард түмнийхээ сонорыг дуу хуураар мялааж байсныг үнэлэн одон, тэмдгээр шагнасан юм. Тухайлбал, Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар тус хамтлагийн хөгжимчин З.Цэрэндолгор, Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр хамтлагийн дуучин Д.Сарантөгс болон Ч.Баттогтох нар шагнуулсан юм. Мөн найз нөхөд, шүтэн бишрэгчид нь баяр хүргэж, сэтгэлийн бэлэг өгч байлаа. Цомгийн нээлт болсон тэрхэн хугацаанд бие, биенээсээ бишүүрхсэн, биеэ барьсан уур амьсгалыг эвдэж, халуун дулаан, гал цогтой мөчийг бүрдүүлж байв. “Цагаан шөнө” хамтлагийг дуулах үед үзэгчид хамтдаа бүжиглэж, хамтдаа дуулж, зарим нь уйлж байсан юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон түмний сэтгэл зүрхэнд хүрсэн хөдөлмөрч, уран бүтээлчид болохыг энэхэн хугацаанд харуулж байлаа. Цомгийн нээлтийн үеэр хамтлагийн гишүүд “Хичээвэл хэн ч амжилтад хүрч чаддаг. Хараагүй байх нь бэрхшээл биш” гэдгийг хэлсэн юм. Үүнийгээ үйлдлээрээ ч батлан харуулж байгаа билээ. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, томоохон орон зайг эзэлж, 30 жилийн турш цагаахан мөрөөр алхаж буй “Цагаан шөнө” хамтлагаар хүмүүс ихэд бахархаж байсан юм. Цомгийн нээлтийн арга хэмжээний үеэр бид Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, “Цагаан шөнө” хамтлагийн продюсер М.Баясгалантай ярилцсаныг хүргэж байна.
М.БАЯСГАЛАН: ГИТАР ТОГЛООД ЗОГСДОГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ ХАМТЛАГ МОНГОЛД БИДНЭЭС ӨӨР БАЙХГҮЙ
-Хамтлагийнхаа 30 жилийн ойд зориулан “Цагаан шөнө 30” цомгоо гаргасанд баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бид хамтлагийнхаа 30 жилийн ойг тохиолдуулан “Цагаан шөнө 30” цомгийнхоо нээлтийг хийлээ. Сэтгэл өндөр, их баяртай байна. Манай хамтлаг 1991 онд байгуулагдаад 1995 он хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисан. Үүнээс хойш зарим нөхөд маань түр завсарлаж байгаад 2017 онд эргээд тууштай уран бүтээлээ хийж эхэлсэн билээ. Тухайн үед өөрсдийн гэсэн хөгжим, хэрэглэгдэхүүн байгаагүй. Бидний тэр үеийн нөхцөл байдлыг ойлгож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хамт олон дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр бидэнд дуртай ажлаа хийх, тогтвортойгоор ажлын байраа хадгалах, уран бүтээлээ туурвих боломж олгосон юм. Тиймээс тухайн үед ажиллаж байсан С.Чинзориг сайд болон ажиллаж байсан бүх хүмүүс, өнөөдөр биднийг дэмжин ажиллаж байгаа байгууллага, хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Манай хамтлагийн эгнээнээс хоёр Монгол Улсын гавьяат жүжигчин төрлөө. Хоёрын хоёр гавьяаттай хамтлаг тэр болгон байхгүй байх аа. Бид үргэлж хоёр гавьяатаараа, бидний хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлдэг ард түмнээрээ, төр засгаараа бахархаж явдаг.
-“Цагаан шөнө” хамтлаг анх хэрхэн байгуулагдаж байсан бэ?
-1984 онд хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд сурч байхдаа хамгийн анхны сургуулийн хүүхдийн хамтлагаа байгуулж байсан. Социализмын үе байсан учраас улс төрийн дууны хамтлаг байдаг байлаа. Тухайн үед байгууллага болгон дэргэдээ хамтлагтай байсан. Бид улс төрийн дууны “Гэгээ” гэдэг хамтлаг байгуулсан. Банзан гитартай л дуулдаг байлаа шүү дээ. Дараа нь 1987 онд сургуулиас бидэнд цахилгаан хөгжим өгсөн юм. Тэр үед хамтлагийнхаа нэрийг “Аялгуу” гэж өөрчлөөд 1991 он хүртэл тоглосон. Тэгээд 1991 онд одоо бүгдээрээ нас биед хүрлээ. Тиймээс хүүхдийн хамтлаг байхаа больж, том хүний хамтлаг болцгооё гээд одоогийн “Цагаан шөнө” хамтлагаа байгуулсан. Анх долоон гишүүнтэй байсан. Мэдээж дунд нь орсон, гарсан хүмүүс байгаа.
-Хамтлагийн нэрэнд ямар нэгэн утга байгаа юу. Яагаад “Цагаан шөнө” гэж нэрэлсэн юм бэ?
-Тухайн үед хамтлагт маань дандаа залуучууд байсан. Анх Ч.Баттогтох бид хоёр ярилцаад ерөөсөө шөнө гээд нэрлэчихвэл яасан юм гэхэд. Шөнө гэдэг нэр чинь хүнд рок хамтлагт байвал зохих нэр байна. Манай хамтлаг рок поп хөгжмийн хамтлаг учраас залуу насаа бэлгэдээд “Цагаан шөнө” гэж нэрлэе гээд нэрээ сонгож байлаа. Тухайн үед рок поп хамтлагуудын дунд олон тэмцээн, наадам зохион байгуулагддаг байсан. Тэр бүхэнд манай хамтлаг амжилттай оролцдог байлаа. Зарим дуунууд маань тэр үеийн залуучууд, ард түмний дунд нэлээн танил болсон. Тухайлбал, "Хайрын сарнай", "Үгүйлэгдсэн хайр" гэх мэтчилэн олон дуунууд байна.
-Орчин үед хүмүүс хэрхэн хүлээж авч байна?
-Хуучин нийгмийн үед хүмүүс гайхалтай сайхан хүлээж авдаг байлаа шүү дээ. 1991 онд “Хайрын сарнай” дуу маань хүмүүст их хүрсэн. Хаана ч явсан энэ дууг дуулдаггүй найр, наадам гэж байдаггүй байлаа. 90-ээд оны дунд үе хүртэл маш сайхан хүлээж авдаг байсан. Сүүлийн үед энэ нь буурсан ч хүмүүс хүлээж авч, дэмжиж байна.
-Энэ хугацаанд нийт хэдэн уран бүтээл туурвисан бэ?
-Яг хамтлагийн гэвэл 50-аад уран бүтээл байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр хамтлагийнхаа 30 жилийн ойн концерт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ цар тахалтай байгаа энэ үед ажил төлөвлөхөд хэцүү байна. Ямар ч байсан хийнэ гэж бодож байгаа. Амьд хөгжимтэй томоохон тоглолт зохион байгуулна. Болохгүй бол цахимаар тоглолтоо хийнэ дээ. Мэдээж амьд тоглолт хийвэл гоё байлгүй яахав.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Манай хамтлагт авьяаслаг олон уран бүтээлч байгаа. Бодоод үзэхээр харааны бэрхшээлтэй хэдий ч чадварлаг, чадалтай, хөгжим тоглож, ая зохиодог төдийгүй гавьяат болсон байна. Өөрсдөө дуугаа зохиож, өөрсдөө дуулна, амьд хөгжимтэй уран бүтээлээ хийдэг. Ийм хамтлаг Монголд манай хамтлагаас өөр байхгүй шүү дээ. Миний хувьд хамтлагаараа маш их бахархаж явдаг. Хүн өөрөө хичээвэл амжилтад хүрч, юуг ч хийж бүтээж, чаддаг гэдгийг манай хамтлаг харуулахыг зорьдог. Яг бидний үеийн хүмүүс гэлтгүй, залуучууд дотор гитар тоглоод зогсдог эмэгтэй гишүүнтэй хамтлаг байхгүй дээ. Гэхдээ бас муу тоглохгүй шүү. Маш сайн тоголдог /инээв/. Тиймээс арванхоёрдугаар сард болох бид бүхний тоглолтод хүрэлцэн ирээрэй. “Цагаан Шөнө” хамтлагийг дэмжиж, хамтлагийн дуунуудыг сонсож, хамтлагтай минь сэтгэл зүрхээрээ хамт байж, ямагт сайн сайхныг хүсэгч эрхэм хүндэт та бүхэнд хамтлагийн продюсер М.Баясгалан миний бие хамт олноо төлөөлж чин зүрхний гүнээс халуун талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )