ОХУ НАТО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраа хаана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19


ОХУ ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн тус улсаас НАТО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ.

Энэ нь тус байгууллага ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын найман ажилтны бүрэн эрхийг цуцалсны хариу арга хэмжээ юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

Түүнчлэн Бельги дэх ОХУ-ын элчин сайдын яамны дэргэдэх НАТО-ийн мэдээллийн товчоо болон Москва дахь Цэргийн харилцаа холбооны товчооны үйл ажиллагааг зогсоож байна. Лавровын хэлснээр онц шаардлагатай тохиолдолд НАТО-ийн төлөөлөгчид Брюссельд суугаа ОХУ-ын элчин сайдад хандах боломжтой гэнэ.

НАТО энэ сарын 6-нд ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог 20-иос 10 хүртэл цомхтгож, 10 ажилтныг энэ сард багтаан Брюсселиэс гарах хугацаа өгсөн. Эдгээр ажилтан тагнуулын албаны ажилтнууд бөгөөд тэдний эрх зүйн байдлын талаар Москва мэдээлээгүй гэж НАТО энэхүү шийдвэрээ тайлбарлажээ.

Үүнээс өмнө 2018 оны хавар Скрипалийн хэрэгтэй холбогдуулан НАТО ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог 30-аас 20 болтол цомхтгож байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top