Боксын дэлхийн аваргууд цэвэр алтан медаль, бүсээр шагнуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 6-нд Сербийн Белград хотод сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдана.

Тус тэмцээний шагналын сан 2.6 сая ам.доллар бөгөөд AIBA холбоо түүхэндээ анх удаа ДАШТ-ий медальтнуудад мөнгөн шагнал олгох юм.

Алтан медаль – 100 мянган ам.доллар.

Мөнгөн медаль – 50 мянган ам.доллар.

Хүрэл медаль – 25 мянган ам.доллар.

AIBA холбооноос мөн дэлхийн аваргууддаа цэвэр алтаар хийсэн медаль, аваргын бүс олгох юм. Тус холбооны тэргүүн Умар Кремлев “Дэлхийн аварга болсон тамирчин их хэмжээний мөнгөн шагналаас гадна цэвэр алтан медаль авах болно. Манай холбоо тамирчдаа урамшуулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ. Боксчдын бээлийний өнгийг улаан, цэнхэрээс цагаан болгон өөрчиллөө. Цагаан бээлий шинэ гараа, шударга ёс, манай холбооны ил тод байдлыг илэрхийлнэ. Бүх тамирчинд ижилхэн боломж олгоно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top