Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн өнөөдөр (2021.10.25) эхэлж байна. Эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдөнө.
Манай тамирчдаас хамгийн түрүүнд 57 кг-ын жингийн Х.Энх-Амар тулалдана. Өрсөлдөгч нь Казахстаны Серик Темиржанов. 23 настай энэ тамирчин 2020 оны Казахстаны аварга.
2021 оны Токиогийн олимпын наадамд оролцсон. Олимпод эхний тойрогт Унгарын Галошийг 5:0 ялсан ч 1/8 финалд АНУ-ын Дюк Рэганд 0:5 ялагдсан юм.
Хагас мэргэжлийн World Series Boxing лигт 2017/2018 улиралд тоглож, 60 кг-д 2 ялж, нэг ялагдсан.
Казахстаны спортын хэвлэлд манай Х.Энх-Амарын талаар “29 настай тамирчин. 2013 оноос Монголын үндэсний шигшээ багт багтсан. Азийн аваргын хүрэл медальтай, Казаний Универсиад наадмын аварга, 2016 оны Риогийн олимпод оролцсон. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос Х.Энх-Амарыг “Хамгаалалтын мастер” гэж дүгнэсэн байдгийг санах хэрэгтэй” гэж бичжээ.
Х.Энх-Амараас гурван тулааны дараа 97 кг-д Б.Чинзориг Гватемалын Карлос Тобартай тулалдана. Түүнийг ялахад дараагийн тойрогт Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Италийн Винченцо Манджакапретэй таарах юм.
Винченцо одоо хагас мэргэжлийн World Series Boxing лигийн Dolce & Gabbana Italia Thunder багийг төлөөлж байна. .
Сэтгэгдэл ( 0 )