Японы гүнж эзэн хааны гэр бүлээ орхин, энгийн иргэн болж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн охин, Нарүхито эзэн хааны авга дүү болох гүнж Мако өнөөдөр /2021.10.25/ өвөө эзэн хаан асан Акихито, эмээ хатан хаан асан Мичико нарт бараалхаж, мягмар гарагт /2021.10.26/ болох гэрлэх ёслолынхоо талаар дуулгажээ.

Киодо агентлагийн тодруулснаар, гүнж нөхөрт гарсны дараа эзэн хааны гэр бүлийн гишүүн байхаа больж, Японы энгийн иргэн болох юм.

Өдгөө 87 настай хатан хаан асан Мичико ууган ач нарынх нь нэг болох Макод нэг бус удаа шүлэг зориулж байсан бөгөөд гүнж багаасаа эмээдээ Токио хотын төв дэх эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнд ажиллахад нь тусалдаг байжээ.

Энэ сарын 26-нд 30 настай Мако, сүйт залуу Кэй Комүро нар гэрлэлтээ батлуулахаар зэхэж байна. Үүний дараа тэд хэвлэлийн бага хурал хийх юм. Комүра Нью Йорк хотын өмгөөлөгчийн фирмд ажиллах болсон тул Мако эр нөхрөө даган АНУ-д энгийн амьдрал хөөхөөр болжээ.

Гүнж Мако, сүйт залуу Комүра нар 2018 оны арваннэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан билээ. Хэдийгээр үүний шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй ч хуримыг хойшлуулах бодит шалтгаан нь Комүрагийн ээж, экс найз залуу хоёрын хооронд үүссэн санхүүгийн маргаан гэж хэвлэлүүд бичиж байсан бөгөөд өнөө хэр хэвлэлүүдээр шуугиан тарьдаг асуудлыг нэг юм.

Сүйт залуугийн нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны хурим төлөвлөгдөөгүй байгаа бөгөөд гүнжийг нөхөрт гарахтай холбогдуулан хийх ордны ёслолын арга хэмжээнүүд ч мөн цуцлагдаад байгаа юм. Мөн энэ шалтгаанаар гүнж Мако эзэн хааны гэр бүлийг орхин явж буйг тохиолдуулан улсаас олгох 150 сая иений инжнээс өөрөө татгалзаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top