НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хуралд оролцогчид нэг минут дуугаа хураан, Ковид-19 халдвараар нас барагсдын дурсгалыг хүндэтгэснээр эхэллээ.
Их Британи, Италийн дэмжлэгтэй Шотландын Глазго хотноо зохион байгуулж буй СОР-26 дээд хэмжээний уулзалт аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл болно. Арга хэмжээнд нийт 200 улсын төр, засгийн тэргүүн, шинжээч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч идэвхтнүүд зэрэг төлөөлөгчид оролцож байна.
Бага хурлын үеэр оролцогчид хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх асуудлаар хэд хэдэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Дээд хэмжээний уулзалтын үндсэн хөтөлбөр энэ сарын 1, 2-нд болох юм.
“Сүүлийн хоёр жил хүнд жилүүд байлаа. Бидний зарим нь гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсдаа алдсан. Дэлхийг хамарсан цар тахлын үеэр амиа алдсан бүх хүний дурсгалыг хүндэтгэн, нэг минут дуугаа хураан зогсохыг хүсэж байна” гэж СОР-26 бага хурлыг даргалсан Чилийн байгаль орчны сайд Каролина Шмидт зарлаж, арга хэмжээг албан ёсоор эхлүүлэв. СОР-25 бага хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 2-оос 13-ны хооронд Испанийн Мадрид хотноо болсон билээ. Эл арга хэмжээг Чили улс даргалж, Испани ложистикийн дэмжлэг үзүүлсэн юм.
СОР-26 бага хурлыг Их Британи даргалж байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 оны тавдугаар сарын 9-нд баталж, 1994 оны гуравдугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болжээ. Одоогоор тус конвенцод нийт 196 улс орон, Европын Холбоо нэгдээд байна.