II Елизабет хойч үеийнхээ төлөө ухаалаг хандахыг уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Их Британийн хатан хаан II Элизабет НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурлын оролцогчдод хандан хойч үеийнхээ төлөө ухаан зарж, хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалжээ. Тэрбээр Шотландын Глазго хотноо болж буй дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэлсэн юм.

Хатан хаан “Ирэх өдрүүдэд дэлхий дахинд хүн ард, байгаль дэлхийнхээ төлөө илүү аюулгүй, тогтвортой ирээдүйг бий болгох нэг зорилгын төлөө нэгдэх боломж олдож байна. Бидний хэн ч өмнөө буй хүндрэл, бэрхшээлийг дутуу үнэлдэггүй. Дэлхийн улс орнууд нийтийн үйл хэргийн төлөө нэгдсэн тохиолдолд итгэл, найдварт орон зай үргэлж байдаг гэдгийг түүх харуулсан” гэж онцолжээ.
Тэрбээр энэхүү бага хурал нь хүн бүр улс төрийн түр зуурын асуудлыг давж, жинхэнэ төрийн холч ухаан гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Манай гараг дээр уур амьсгал сайжрах тэр цаг үеийг хүн бүр амьд ахуйдаа үзэж чадахгүй ч хойч ирээдүй маань өнөөдөр бидний авсан арга хэмжээний төлөө талархах болно гэж мэдэгдсэн байна. “Бидний хэн ч үүрд мөнх амьдрахгүй. Гэхдээ бид өөрсдийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ, хүүхдүүдийнхээ хүүхдийн төлөө хийж байна” гэж II Элизабет онцолжээ.

Хатан хаан /95 настай/ СОР-26 бага хуралд биечлэн оролцохоор төлөвлөж  байсан ч эмч нарын зөвлөсний дагуу арга хэмжээг өнжсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top