Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Лондон хотын төвд Их Британийн  хатан хаан II Элизабетын гурван метр өндөр хүрэл хөшөө сүндэрлэнэ гэж Их Британийн засгийн газраас төслийн тухай анхны танилцуулгыг хийх үеэр мэдээлжээ.

Ингэхдээ Италийн уран зураач Пьетро Аннигонийн 1955 онд бүтээсэн залуу хатан хааны хөргөөр тус хөшөөг бүтээж байна. Уран барималч Мартин Женнингсийн урлаж буй хөшөө дөрвөн метр өндөр суурин дээр босгох ба Букингемийн ордныг Трафальгарын талбайтай холбосон Мэлл гудамжинд байрлуулахаар болжээ. Хатан хааны хөшөөний ар талд II Элизабетын нөхөр Эдинбургийн гүн Филипийн хөшөө сүндэрлэнэ.

Хатан хааны хөшөө Сент Жеймсийн цэцэрлэгт хүрээлэн дэх Хатан хааны дурсгалын цогцолборын хаалганы урд байрлуулна. Дурсгалын цогцолборын дизайныг Берлин дэх Рейхстагийн байр, Лондонгийн Миллениум гүүрийг сэргээн засварлаж байсан алдарт архитектор Норман Фостерын Foster + Partners товчоо бүтээж байгаа аж.

Хатан хаан II Элизабетын мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан танилцуулсан хөшөөг хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна. Дурсгалын цогцолбор 2028 онд бүрэн баригдаж дуусна.

Түүнчлэн, хатан хаан II Элизабетын цахим дурсгалыг бүтээж байгаа талаар Их Британийн засгийн газар танилцуулжээ. Үүнд хатан хааны оролцсон албан ёсны арга хэмжээний тухай тайлан, хатан хааны үеийн гол үйл явдлуудын талаарх хэвлэл, музей, архивын материалууд зэрэг багтана.

Хатан хаан II Элизабет 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 насандаа мөнх бусыг үзүүлсэн. Тэрээр Британийн түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу 70 жил долон сар хаан ширээнд суужээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top