ОНЦЛОХ ТОЙМ: Хатан хааны эд хөрөнгө хэнд үлдэх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Их Британийн хатан хаан II Элизабет амьд ахуйдаа 500 сая ам.доллароор үнэлэгдэх хувийн актив үлдээжээ. Эл хөрөнгөний ихэнх хэсгийг Их Британийн шинэ хаан III Чарльз өвлөн авна. “Forbes” сэтгүүлийн мэдээллээр, тэрээр хөрөнгө оруулалт, урлагийн бүтээлийн цуглуулаг, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгийн тусламжтай эл хөрөнгийг цуглуулжээ. Үүнээс гадна, хатан хаан 2002 онд насан эцэслэсэн хатан эхээсээ 70 сая ам.доллароор үнэлэгдэх уран зураг, маркийн цуглуулаг, үнэт эдлэл, морьд зэргийг өвлөн авчээ. Их Британийн хуулийн тусгай заалтын дагуу хатан хааны өвлөсөн эд хөрөнгө татвараас чөлөөлөгдөнө. Ийм заалт үгүй бол III Чарльз 40 хувийн буюу 200 сая ам.долларын татвар төлөх байлаа.

Хөрөнгийн эх үүсвэр

Хатан хааны ордон, өргөөнүүд зүгээр нэг хоосон барилгууд бус. Эдгээрийн 15-д нь дэлхийд алдартай урлагийн бүтээлүүд бий. Сая гаруй үзмэртэй Виндзорынхны цуглуулаг Европын хаадын томоохон цуглуулгын нэгт тооцогддог. Энэ бүхэн мэдээж хэрэг жуулчдыг татна. Цар тахлаас өмнөх 2019 онд хатан хааны орднуудыг нийт 3.2 сая хүн үзэж, тасалбарын борлуулалтаас нийт 48 сая фунт буюу 55.4 сая ам.долларын орлого олжээ. Гэхдээ үүнд бэлэг дурсгал, “Royal” брэндийн бараа бүтээгдэхүүн зэргээс олсон орлого ороогүй.

Санхүүгийн хувьд хамгийн үнэтэйд “Crown Estate” үл хөдлөх хөрөнгөний траст тооцогддог. Энэхүү бизнес нь 14.3 тэрбум фунтаар үнэлэгддэг ба Их Британи даяар нийт нэг сая кв. метр талбай бүхий барилга, орон сууц, худалдааны төвийг эзэмшдэг. Лондонгийн Рижент стрит тансаг дүүргийн ихэнх барилгууд үүнд багтана. Мөн энэ трастад эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүд бий. “Crown Estate”-ийн жилд 350 сая фунтын цэвэр  ашигтай.

540 сая активтай Ланкастер гүнлэг гэхэд Виндзорынхны хэтэвчийг 20-25 сая фунтаар баяжуулдаг бол Корнуолл гүнлэг нь 20-23 сая фунтын ашиг авчирдаг.

Хувийн хөрөнгө

Хатан хааны хувийн актив түүнд өвлөгдөн иржээ. Эхээсээ тэр 2002 онд 70 сая фунт, талийгаач нөхрөөсөө 2021 онд 10 сая фунт өвлөн авсан. Энэ бол зөвхөн мөнгө бус. Хувийн хөрөнгөд нь үнэт эдлэл, урлагийн бүтээл ордог. Хатан хааны марк цуглуулах гэнэн хобби түүнийг 100 сая фунтаар үнэлэгдэх үнэт цуглуулгатай болгожээ. II Элизабетын амьд ахуйд түүний хөрөг бүхий нийт 200 тэрбум марк гаргаж байжээ.

Хатан хаан морин уралдаанаас багагүй мөнгө олдог байв. Хурдны морьдын ихэнхийг тэр эзэмшдэг. Тэд эзэндээ нийт 10 сая ам.доллар авчирчээ. Хатан хааны эзэмшлийн “Аскот” морин тойруулга жил бүр дээдсийн хүрээнийхний арга хэмжээг зохион байгуулдаг байна. Хатан хааны үнэт эдлэл тусдаа асуудал. Олон тооны титэм, хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг зэрэг нь хэдэн үе дамжин ирсэн. Түүний үнэт эдлэл нийт дөрвөн тэрбум ам.доллароор үнэлэгддэг.

"Аскот" морин тойруулга

Виндзорын гэр бүлийнхэн хөрөнгө оруулалтаас ихээхэн хэмжээний ашиг олдог. Энэ талаарх мэдээлэл нууц байдаг ч Виндзорынхны бүх актив хөрөнгийг нийлүүлбэл 88 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий.

Хатан хааны хэмжээний бизнес

Хатан хааны гэр бүл буяны үйл ажиллагаанд идэвхтэй хандив өргөдгөөрөө алдартай. Харин үүнийг санхүүжүүлэх давхар орлого бас бий.

Үүнд хаан VI Жоржоос өвлөгдөн ирсэн Сандригем, Балморал эдлэн гол үүрэг гүйцэтгэдэг. Өдгөө эдгээр нь хаан III Чарльзд очиж байна.

Сандригем эдлэн нь найман мянган га талбайг эзэлдэг. Энэ эдлэнд 200 хүн ажиллана. Эдлэнгийн 6400 га талбайг газар тариалангийн зориулалтаар ашигладаг бол 1400 га нь ой. Эл ойд зөвхөн хатан хааны гэр бүл ан хийх эрхтэй. Сандригем нь Их Британийн хад жимсний гол 40 нийлүүлэгчийн нэг. Сандригемын орлогын бас нэг эх үүсвэр нь түрээс. Эдлэнгийн бараг 4000 гаг түрээсэлдэг. Энэ газарт амралтын болон оршин суух олон тооны тансаг байшин бүхий 13 тосгон байрладаг. 2018 онд гэхэд тус эдлэнг хагас сая хүн үзэж сонирхжээ. Зөвхөн аялал жуулчлалаас энэ эдлэн таван сая фунт олдог байна.

Сандригем эдлэн

Хатан хааны II Элизабетын сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлсэн Балморал эдлэн 20 мянга га талбайтай ба 4688 га газрыг спортын арга хэмжээнд зориулж урт хугацаагаар түрээсэлдэг.

Эдлэнгийн бүсэд нийт 150 барилга, байшин бий. Үүнээс гадна, гольфийн талбай, бэлэг дурсгалын дэлгүүр, кафе зэрэг үйл ажиллагаа явуулна. Энэ бүх орлого хатан хааны хэтэвчинд ордог. Хатан хааны эдлэнгүүдийн орлогыг нууцалдаг тул яг хэдий хэмжээний ашиг авчирдаг нь тодорхойгүй.

Балморал эдлэн

Үүнээс гадна II Элизабетын дүр төрх бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх бүхий 800 компани бий. Ийм зөвшөөрөл авахын тулд төлбөр төлнө. Энэ бизнес Их Британийн эдийн засагт 1.76 тэрбум фунт оруулжээ. Хатан хаан аялал жуулчлалын салбарт шууд бусаар 550 сая фунт авчирдаг. Хатан хааны гэр бүл гэрэл зурагчин, зураачдад 50 сая фунтын орлого авчирсан бол дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хатан хааны тухай мэдээ, мэдээлэл гаргасны төлөө 125 сая фунтын ашиг олжээ.

Хатан хаан хорвоог орхисон ч түүний дүр төрх, түүх удаан хугацаанд нэгэн үеийн бэлэг тэмдэг байсаар байх болно. Энэ үеийг санагалзах хүмүүсийн сэтгэл дээр худалдаачид, киночид ашиг олсоор байх болно.

Ланкастер

Корнуолл

Top