Хатан хаан II Элизабетын дурсгалд очир алмазтай зоос гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Их Британийн “East India” компани Их Британийн хатан хаан II Элизабет нас барсны нэг жилийн ойг тохиолдуулан 6426 очир эрдэнээр чимсэн аварга том дурсгалын зоос гаргажээ. Энэхүү онцгой дурсгалын зоосоор II Элизабет хатан хааны өвийг мөнхжүүлэхийг зорьсон гэж тус компани мэдэгджээ.

“Титэм” нэртэй энэхүү бүтээлийн хоёр талыг жижиг хэмжээний алтан зоосоор чимж, очир эрдэнэсээр бүржээ. Зоосны ар талд II Элизабетын сүүлчийн хөрөг зургийг дүрсэлж, Нэгдсэн Вант Улсын тугийг очир алмазаар шигтгэн тойруулжээ. Зоосны нүүрэн талыг хатан хааны залуу үеийн хөрөг бүхий дөрвөн жижиг алтан зоос болон христийн шашны зургаан буяныг бэлгэдсэн зургаан зоос, очир эрдэнэсээр хээлэн чимэглэжээ. Сагсан бөмбөгийн хэмжээтэй алтан зоосыг бүтээхэд найман орны 83 мэргэжилтэн оролцсон байна.

Зоосонд нийт 3.61 кг алт, 6426 очир эрдэнэ оржээ. Зоос 18.5 сая фунт буюу 23 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Хэрэв зоосыг худалдвал дэлхийн хамгийн үнэтэй зоос болно гэж шинжээчид үзэж байна. Үүнээс өмнө “Double Еagle” алтан зоос 2021 онд 15.2 сая фунтийн үнэд хүрч, дэлхийн хамгийн үнэтэй зоосоор тодорч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top