Яг жилийн өмнө ковидын халдвар дотоодод алдагдахад анхаарлын төв болж байсан "Хархан нүдэн" тоглолтын уран бүтээлч Д.Дэмбэрэлнямбуутай ярилцлаа.
Тэрбээр Увс аймгийн Тэс суманд төрж, Сэлэнгэ аймагт Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн байна. Анх МУИС-ийн түүх, соёлын ангид хоёр сар суралцаад, сургуулиа сольж, Кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн ангийг төгсжээ. Олны анхаарлыг татсан түүний “Хархан нүдэн” дууны үг, аяыг төрсөн дүү Д.Дамбийжав нь зохиожээ.
-Жилийн өмнөх энэ өдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улс дотооддоо халдвар алдсан гэдгээ зарлаж, “Хархан нүдэн” тоглолт үзсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байсан. Энэ үйл явдал өөрт тань тухайн үед хүнд тусаж байсан байх?
-Би жилийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 8-нд “Хархан нүдэн” гэдэг уран бүтээлийн анхны тоглолтоо хийсэн юм. Тэр тоглолтоос анхны дотоодын халдвар илэрч, багагүй шуугиан дэгдсэн.
-Тоглолтыг нийт хэдэн хүн үзсэн бэ. Хэдэн өдрийн тоглолт байсныг эргэн сануулбал?
-Тоглолт нэг л өдөр болсон. Тухайн үед 2500 орчим хүн үзсэн болов уу.
-Дотоодод халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш "Хархан нүдэн" клипний үзэлт огцом өссөн байсан?
-Тийм. Хоёр, гуравхан өдрийн дотор 1 сая гаруй хүн миний клипийг үзсэн байсан. Сошиалаар ч "Хархан нүдэн" тоглолт, жолооч Д-гийн тухай мэдээлэл битүү явсан. Арваннэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 03:00 цагийн үед “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн иргэн халдвартай байж гэдэг мэдээг сонссон. Тэр шөнө би унтаж чадаагүй. Эхлээд ээж рүү албаны хүн залгаад, “Танай хүүгийн тоглолтыг хэдэн хүн үзсэн, хэдэн төгрөг олсон бэ” гэж асуусан гэсэн. Ээж тухайн үед тоглож байна гэж ойлгоод, надтай холбогдож, намайг битгий утсаа аваарай, хүмүүс тоглоом хийгээд байна гэж хэлсэн. Гэтэл жинхэнээсээ цагдаагаас ярьсан юм билээ.
-Тухайн үед өөрт чинь айдас төрсөн үү?
-Маш их сандарсан. Цагдаатай холбогдоод ямар хүнээс халдвар илэрснийг мэдсэн. Тухайн халдвартай иргэнийг би таньдаг байж таарсан тул бөөн сандрал болсон. Жилийн өмнө бол улсаараа барьц алдаж байсан үе шүү дээ. Тэр шөнө үнэндээ унтаж чадаагүй. Утас ч битүү дугарсан. Онцгойгоос хүн ирж, биднийг буудалд тусгаарласан. Тусгаарлалтаас гарахдаа цагдаа нартай ах дүүс болоод гарсан даа. Тэр хүмүүс бүхий л сэтгэл, зүтгэлээрээ ажиллаж байсан.
-Тоглолтоос хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Би тэр өвөл гэрээсээ хамраа ч цухуйлгаагүй. Манайх нялх хүүхэдтэй байсан тул халдвар хамгааллын дэглэм сахиж, хавар хүртэл гэрийн хорионд байсан. Намайг нэвтрүүлэгт орохыг урьж, маш олон хэвлэл холбогдсон. Би юунд ч оролцоогүй.
-Энэ дуулианаас хойш яг нэг жилийн дараа буюу нөөдөр нэгэн шинэ уран бүтээлээ өлгийдөж авч байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм. “Мойл хархан нүдэн” гэдэг нэртэй уран бүтээл төрж байгаа. “Хархан нүдэн” дуутай ижил утгатай, маш гоё үгтэй уран бүтээл учраас тохиол гэж харж байгаа. Энэ сардаа багтаад клиптэй болгохоор зорьж байна.
-Та нийт хэдэн уран бүтээл гаргасан бэ?
-Өөрийн гэсэн уран бүтээл гарын таван хуруунд багтахаар бий. Хуучны дуунуудаас дуулж, “Хархан нүдэн” тоглолтоо хийсэн. Би мэргэжлийн дуучин биш. Гэхдээ дуулж явахдаа С.Жавхлан ахтай таарсан.
-Тоглолтыг дагасан сенсаци өөрийн тань амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Тоглолтоос хойш би гэрээс гарахыг хүсээгүй. Зарим хүн тэр шуугианыг ашиглаад, уран бүтээл гаргах хэрэгтэй байсан гэдэг. Гэтэл тухайн үед би сошиалд “балбуулаад”, шоконд орсон байсан. Ингээд цаг сайхан болохоор уран бүтээлдээ эргэн орно гэж хүлээж байсан ч коронавирус бол хэзээ ч арилахгүй зүйл болчихлоо.
-Та дуулахаас гадна ямар ажил эрхэлдэг вэ?
-Гэр бүлийн хамт энэ зун Увсад өнжсөн. Саяхан ажил хийхээр хотод эргэж орж ирсэн. Эхнэр маань багш, би Apple-ийн худалдааны зөвлөх хийж байгаа.
Сэтгэгдэл ( 4 )
хэн энэ оркийн юмыг үздэгийн бол доо зайлуул
тэнэг хөдөөний орк
Yadargaatai naasan. Oor ner oldohgui bna uu? Harhan nuden, mail harhan nuden pohahhahahaa tsaashaa golog, tugal geed yavah uu? Amjilt
Увсдаа тоглолт хийж Ко..-д тараавал яасийн .