АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2022 оны хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпын их наадамд дипломат бойкот зарлахаар төлөвлөж байна гэж “The Washington Post” сонинд мэдээлжээ.
Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын өндөр түвшний албан тушаалтнууд Бээжингийн олимпын нээлтэд оролцохгүй. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч холбогдох зөвлөмжийг Цагаан ордны тэргүүнд хүргүүлсэн байна. Байден эцсийн шийдвэрийг энэ сарын сүүлээр гаргах хүлээлттэй байна.
“The Washington Post” тодруулснаар, АНУ ийм аргаар Хятад улсад хүний эрхийг зөрчиж байгаа асуудалд хариу барих гэнэ.
Үүнээс өмнө “CNBC” суваг Хятадын дарга Ши Жиньпин цахим уулзалтын үеэр Жо Байденыг Бээжингийн олимпын их наадамд урьж магадгүй гэж мэдээлж байсан билээ. Гэвч цахим уулзалтын дараа Цагаан ордны төлөөлөгч мэдээлэл хийхдээ талууд олимпын талаар ярилцаагүй гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Үндэсний олимпын хороо бойкотын эсрэг байр суурьтай байгаа билээ.
Бээжингийн XXIV өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно.
Сэтгэгдэл ( 0 )