Засгийн газар гүлдийж, Монголбанк гэдийж, иргэд гүрийсэн өдрүүд үргэлжлэх нь

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

-Бодлого тодорхойлогчид хэт өсөлтийн араас хөөцөлдөж, иргэдийн амьжиргаагаар азаа үзэж байна-

Монголбанкны удирдлагууд үнийн өсөлтийг “нийлүүлэлтийн гаралтай” хэмээн тайлбарлаж, Засгийн газрыг хил гааль, тээрийн асуудлаа зохицуулж чадахгүй байгааг шууд хэлж байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар импортын хэрэгцээг Эрээний хятадууд боогоод байгаа талаар ярьсаар удлаа. Нөхцөл байдал даамжирсаар, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргааг өдөр ирэх тусам дордуулсаар байна. Засгийн газар, Монголбанк энэ мэт шалтаг, шалтгаан тоочсоор өнгөрсөн хугацаанд үнийн өсөлтийн эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй. Инфляцыг үндсэндээ сул тавьсан гэж болно. Үүнийгээ эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд зөвтгөж, иргэдийн амьжиргааг дордуулсан үйлдлээ хаацайлж байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засгийн өсөлт гэх тоон үзүүлэлтийн эсрэг иргэдийнхээ амьжиргаагаар шууд дэнчин тавих болсон.

Гэтэл ДНБ-ий өсөлт бүх хүнд ижил тэгш хуваагддаггүй. Харин үнийн өсөлт бүх хүний халаасыг сэгсэрдэг. Инфляцын өсөлт бол иргэдийн худалдан авах чадвар төдий хэмжээгээр буурч байгааг илтгэх үзүүлэлт.  Ялангуяа, бага болон дунд орлоготой иргэдэд хамгийн хүндээр тусдаг.

Учир нь  бага, дунд орлоготой иргэд хүнс, шатахуун зэрэг өдөр тутмын хэрэглээндээ орлогынхоо дийлэнхийг зарцуулдаг талаар судалгаа ч бий. Ядуурлын шугамаас доош амьжиргаатай иргэдийн хувьд бүр эмгэнэлтэй дүр зураг гарна. Энэ талаарх тоо баримт Үндэсний статистикийн хорооны 1212.mn сайтад хангалттай байна лээ.Тус сайтад нийтэлснээр хэрэглээний үнийн өсөлт эхний арван сард 10 орчим хувьд хүрч, тэр хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар дордож байгааг илэрхийлж байна.

Он гарсаар хүний анхдагч хэрэгцээ болох хүнсний бүтээгдэхүүн 18.2 хувиар нэмэгдсэн. Инфляцын өсөлтийн 50 орчим хувийг хүнсний үнийн өсөлт бүрдүүлжээ. Үүн дотроо монголчууд дотоодоосоо 100 хувь хангадаг мах, махан бүтээгдэхүүний үнэ хамгийн их буюу 24 хувиар өссөн нь дан ганц Эрээний хятадуудыг буруутгах шалтгаан биш байгаа биз. Харин манайхан дотроо усан тээврийн зардал, төмөр замын өртөг гэх мэт глобал үнэ яриад байгаа. Тэгвэл эхний арван сард эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ долоо, тээврийн хөлс 16.6 хувиар өссөн нь хүнсний бүтээгдэхүүний араас бичигдэх үзүүлэлт болж.

Ерөнхийдөө инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ эдийн засаг боломжийн өсөлт үзүүлсэн 2018 оны аравдугаар сард сард 6.3 хувь, 2019 оны аравдугаар сард 7.6 хувь байсан. Улмаар цар тахлын нөлөөтэй уналт эхэлсэн 2020 оны аравдугаар сард 2.4 хувь гарч, өнгөрсөн сард 9.7 хувьд хүрсэн байна. Үүнээс харахад, цар тахлын оргил үе болох 2020 онд ч инфляц өнөөдрийн түвшингээс 7.3 хувиар бага байжээ.

Түүнээс хойш хил гаалийн асуудал хүндэрснийг Засгийн газрын олхиогүй үйл ажиллагаатай холбон ойлгож болно. Нөгөө талдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Монголбанк мөнгөний ханш 10 хувиас дээш унасан ч ямар нэг бодлогын тохируулга хийхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэв.

Засгийн газар, Монголбанк аль аль нь эдийн засагт мөнгө цутгах арга хэмжээ авсан бөгөөд хоёр жил дараалсан улс төрийн сонгуулийн үеэрх бэлэн мөнгө тараалт инфляцыг өдөөсөн арга хэмжээнүүдийн зөвхөн нэг хэсэг нь юм. ДНБ-ий өсөлтийг дэмжиж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах  зорилготой 10 их наяд төгрөг ч үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр дэмжсэн. Жишээ нь, ипотекийн зээлийн тэлэлт үл хөдлөх хөрөнгийн үнэд хөөс үүсгэсэн томоохон хүчин зүйл болоод байна. 

Үнийн өсөлт ийнхүү өндрөө аваад байхад, цаашид түүний эсрэг ямар нэг төлөвлөгөө Засгийн газар, Монголбанкинд хаа хаанаа алга байгаа нь албан тушаалтнуудын дараах мэдэгдлээс ойлгогдоно.

Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өчигдөр “Цар тахлын дараах нөхцөл байдал дэлхий нийтэд төвөгтэй байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдсон нь инфляцыг хөөрөгдөж байгаа. Дэлхийн санхүүгийн зах зээлийг тодорхойлж буй АНУ-ын төв банк бодлогын ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ олон нийтэд маш тодорхой хэлж байгаа. Инфляцын хөөрөгдлийг хатуу бодлогоор сааруулахгүйгээр аль болох удаан хугацаанд тэсвэрлэнэ гэдгээ хэлж байна. Энэ нь эдийн засгийн сэргэлтийг хойш нь татахгүй байх арга хэмжээнүүд юм. Мөнгөний бодлогыг их хатууруулаад нийлүүлэлтийн доголдол арилахгүй учраас зөв зохистой хэмжээгээр нь бодлогын тохируулга хийнэ гэсэн үг. Монголбанк ч ийм байр суурьтай байгаа. Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаантайгаар зорилтоос давах эрсдэл харагдаж байгаа ч 2022 оны сүүлээс инфляц эргэн зорилтот түвшинд тогтворжих хүлээлттэй байна. Бүр цаашиллаа гэхэд 2023 оны эхэн рүү эргэн тогтворжино. Энэ нөхцөл байдалтай уялдуулж ирэх жилд эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд зээлийн өсөлтийг 15-20 хувьд барина. Үүнийг дэмжих хэмжээний бодлогын хүүг өнөөдрийн байгаа түвшинд аль болох удаан хадгалахыг зорино” хэмээн төв банк 2023 он гартал үнийн өсөлтийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдэв. Үүний өмнө Сангийн сайд Б.Жавхлан инфляцын хурдтай өсөлтийг  эдийн засаг эрчимжиж буйтай холбон тайлбарласан. Тэрбээр “Инфляц гадаад орчноос үүдэн өсөж байгаа. ОХУ, БНХАУ-ын инфляц нэмэгдсэн. АНУ-ынх хоёр дахин, Японых 2.5 дахин өслөө. Монгол Улсын 2020, 2021 онд унасан эдийн засгаа дөнгөж сэргэж эхэлж байхад нь мөнгөний хатуу бодлого барьснаар дахин унагаах эрсдэлтэй. Тиймээс эдийн засгаа өсгөхийг чухалчилж байгаа. Засгийн газар, төв банкнаас инфляцыг бууруулах бүхий л боломжит бодлого хэрэгжүүлнэ. Ялангуяа, 2022 онд гадаад худалдаагаа сайжруулж, түүхий эдийн экспортоо хэвийн байдалд оруулахын тулд бүхий л бололцоогоо дайчилж байна” гэж мэдэгдсэн юм. 

Ирэх онд төсөв өмнө нь байгаагүй хэмжээгээр тэлэх нь тодорхой болсон. Мөнгөний бодлого ч зөөлөн хэвээр байх нь. Эдгээрийн аль аль нь инфляцыг өдөөх нь дамжиггүй.  Өөрөөр хэлбэл, Засгийн газар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтворжуулж чадалгүй үнийн өсөлтийг үл  гүлдийж, Монголбанк эдийн засгийн эрэлтээ дэмжихийн тулд зөөлөн бодлогоо хамгаалан гэдийж, эцэст нь иргэд үнийн өсөлтөд хөлд алдчихгүйг хичээн гүрийж өнгөрөөх өдрүүд үргэлжилнэ гэсэн үг.  Эдийн засгийн хурдтай өсөлтийн үед инфляц өсөх тохиолдол байдаг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд цар тахлын өмнөх үеийн өсөлт эргэн ирэхэд хэт хол харагдаж байгаа. Цар тахал хэзээ төгсгөл болохыг хэн ч хэлж мэдэхгүйтэй адил эдийн засгийн өсөлт хэзээ ирэхийг одоогоор тооцоолоход бэрх. Ийм эмзэг үед нэн ядуу болон ядуурлын ирмэгт буй иргэдээрээ дэнчин тавьж азаа үзэх нь ардаа маш том эрсдэл дагуулж мэднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
humuus(192.82.70.22) 2021 оны 11 сарын 19

mongol bank baishin nuraad unjiga ageel bulan emtered shabr unaal geed tv mantaja harulaad.

0  |  0
toim(192.82.70.22) 2021 оны 11 сарын 19

mongol bak baishin neeh muuhai nuraa dunaad deebriin bulan emtered unaad baiag bcihlege hng kong uzulehe boliodoh doo bolio shde boloo bolio.

0  |  0
Top