Эрдэмтэд гүзээлзгэнийн амт, үнэртэй мөөг ургуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Германы био химичид гүзээлзгэнийн амт, үнэртэй мөөг ургуулжээ. Үүний тулд тэд мөөгөө хад жимсний шүүсний үйлдвэрийн шааран дээр ургуулсан байна.

“Journal of Agricultural and Food Chemistry” сэтгүүлд бичсэнээр, туруу мөөг /Polypore/ ургамлын биомассыг задалж, дэгдэмхий молекулыг нь өөртөө шингээдэг байна. Яг ийм аргаар биохимийн үйлдвэрт бөөрөлзгөнө, бүйлс зэргийн үнэртэй ванилин үйлдвэрлэг аж.

Гиссений их сургуулийн профессор Хольгер Цорн тэргүүтэй био химичид Хятадын уламжлалт анагаах ухаанд өргөнөөр хэрэглэдэг Wolfiporia cocos төрлийн туруу мөөгийг гүзээлзгэнийн үнэр бүрдүүлэгч молекул үйлдвэрлэхэд хэрэглэх боломжтой болохыг тогтоожээ. Үүний тулд мөөгийг аспарагины хүчил бүхий хад жимсний шааран дээр ургуулжээ. Ингэснээр, Wolfiporia cocos мөөгний эсүүд метилантранилат, гераниол зэрэг дэгдэмхий молекул ялгаруулж эхэлдэг байна.

Мөөгний үнэр, амтыг шалгуулахын тулд эрдэмтэд хүнсний бүтээгдэхүүний үнэрээр дагнасан 10 мэргэжилтэн урьжээ. Тэд тус мөөгний үнэр гүзээлзгэнийнхтэй ижил болохыг баталж, хүний амтлах, үнэрлэх чадварт нөлөөлдөг дөрвөн гол бодисыг ялгаж авахад нь тусалсан байна.

Цорн тэргүүтэй эрдэмтэд тэдний нээлт гүзээлзгэнийн амт, үнэр орлуулагч бодисын үйлдвэрлэлийн өртгийг бууруулахаас гадна энгийн бөгөөд экологийн цэвэр аргаар гүзээлзгэнийн амт оруулагч бодис гаргаж авах боломж бүрдэнэ гэж найдаж байна.

Top