Өнөөдөр Монголын хоккейн лигийн медалийн төлөө тоглолтууд “Степпе арена” мөсөн ордонд явагдаж байна.
Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж, эхний үе өндөрлөлөө.
Эхний шатанд Эрдэнэтийн багт маш их оноогоор ялагдсан Багануур баг тоглолтыг тун идэвхтэй эхлүүллээ. Цар тахал гээд лиг 2 жил завсарласан, битүү ордонд тоглоогүй учир бэлтгэл дутуу байгаа гэж тэмцээний өмнө бүх багийнхан ярьж байсан бол тэд хоёр тоглочихсон тул мөсөндөө дасаагүй гэх зүйл байхгүй болжээ.
Тоглолтын эхний гоолыг 2 дахь минутад Багануур багийн ахлагч И.Алтангэрэл баруун хурц өнцгөөс оновчтой цохиж орууллаа. Хувийн ур чадвар гарсан гоол гэж хэлэхэд болно.
Эхний гоолын дараа багууд эн тэнцүү өрсөлдөж, дүрмийн алдаа тун бага гаргаж байв. Торгуулиар суух тамирчин ч цөөхөн байлаа. Нам тайван үргэлжилж байсан тоглолт эхний үе дуусахад 6 минут дутуу байхад тэсэрсэн гэж хэлэхэд болно. Эхлээд Бласт багийнхан гоол хийх тун дөхсөн. Шон оносон шайбыг нэмж хийхийн оронд гоолын баяр тэмдэглэн, гараа өргөн одоогүй бол тоог тэнцүүлэх боломж тэдэнд байлаа. Үүний хариуг Багануур багийн орос легионер Роман барьж, тоог 2:0 болголоо. Хүн дутуу байж хийсэн тул энэ гоол Бласт багийнхныг сэтгэлээр унагааж магадгүй гэж байтал Ц.Эрдэнэбаяр хэдхэн секундын дараа тооны харьцааг 2:1 болгож дөхүүлэв. Удалгүй М.Батболд бас нэгэн гоол оруулж, эхний үе дуусахад 3 минут дутуу байхад тоо 2:2 болж, тэнцсэн юм.
Гэвч эхний үе дуусахад 47 секунд дутуу байхад П.Мөнгөнхуяг, 16 секунд дутуу байхад Роман гоол хийснээр Бага нуур баг эхний үед 4:2 тэргүүллээ.
Тэмцээнийг MNB Спорт суваг шууд дамжуулан үзүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )