Өнөөдөр Монголын хоккейн лигийн медалийн төлөө тоглолтууд “Степпе арена” мөсөн ордонд явагдаж байна.
Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдсөн.
Эхний 2 үед 4:4 тэнцсэн хоёр баг шийдвэрлэх үед мөн л эн тэнцүү өрсөлдлөө. Гурав дахь үеийн 4 дэх минутад М.Батболд гоол хийж, 4:5 болгосон ч 10 секундын дараа Роман хариу гоол оруулж, дахиад 5:5 болж тэнцлээ. Роман энэ тоглолтод хет-трик хийж байгаа нь энэ юм. Бласт багийнхан энэ үед хурдтай, хурц сөрөг довтолгоо хийсээр. Сүүлийн үеийн 10 дахь минутад Роман довтолгооны үеэр тохойлдуулаад унасан.
Багануур багийнхан шүүгчийг тоглолт зогсоо гэж хэлж байх хооронд Бласт баг сөрөг довтолгоогоор гоол оруулж, 5:6 болгосон. Багануур багийн дасгалжуулагч эсэргүүцэл үзүүлээд нэмэр болсонгүй, гоолыг тооцлоо. Романы гэмтэл гайгүй бололтй, тоглолтыг үргэлжлүүлж, хоёр минутын дараа Э.Чулуунзоригт оновчтой дамжулалт өгснөөр тооны харьцаа 6:6 болж, дахиад тэнцлээ. Хоёр багийн тоглолт гоол хийсэн баг тун удалгүй гоол алдах маягаар үргэлжлэн явагдсаар тэнцээгээр үндсэн цаг дуусах нь гэж байтал сүүлийн секундэд Г.Тамир хаалгачийн хөлний хоорондуур шайбыг оруулснаар Бласт баг 7:6 ялалт байгуулж, хүрэл медалийн эзэн боллоо. Шүүгч нар цаг дуусахаас өмнө гоол орсон эсэхийг нягтлан үзсэний эцэст гоолыг тооцлоо.
Сэтгэгдэл ( 0 )